Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Готов оо, айлд зочлохгүй шүү. Гэртээ ороорой”

Хувьтай хүн хулгана жилийг үзнэ ээ гэдэг. Дэлхий нийтээрээ аюулт өвчнөөр шаналж байгаа энэ үед Монгол ганцаараа торойн үлдсэнийг харахад хувьтай ард түмэн гэхээс өөрөөр хэрхэн баясах билээ. Ам цагаан хулгана жилээ айх аюулгүй, өвдөх өвчингүй угтахын тулд бүх нийтээр бус, халуун ам бүлээрээ тэмдэглэсэн нь монгол түүхнээ үлдэх нэгэн онцлог явдал яахын аргагүй мөн. Хөгтэй, хөөртэй, дурсамжтай явдлууд энэ л Цагаан сараар ихэд дэлгэрсэн нь коронавирус гэх өнөөх айхавтар өвчнөөс сэргийлсэн хөл хориотой холбоотой байв.

Ялангуяа хөдөө сумдын зарим нутагт хөл хорио хамгийн чанга, хатуу үйлчилснийг хол, ойрын зочин гийчид ам уралдан ярьж байна.

ЦАГААН ХООЛОЙГООР САНУУЛГА ӨГСӨН ТАРИАТЫНХАН

Архангай аймгийн Тариат суманд Шинийн нэгэн ойртож зарим айл золголтод бэлджээ. Харин төр засгийн шийдвэрийг хатуу биелүүлэх үүрэг хүлээсэн сумын захиргаа цаг тутамд эргүүл гаргаж, хэдэн гудамжаа хяналтдаа бүрэн авсан юмсанж. Шинийн нэгний өглөө болж аав ээж, ах дүүстээ золгох хүсэлтэй зарим иргэд хашаанаасаа гаруут эргүүлийн машин цагаан хоолойгоор “Готов оо, гэртээ буцаж ор. Золголт хийхгүй шүү” хэмээн хатуу анхааруулжээ. Мэдээж нутгийнхан нэгнээ андахгүй. Багаар нь, гудамжаар нь, тоотоор нь, бүр хочоор нь хэлэхэд бэлэн цэцэн улс хойно. Ийн сум даяар зарлуулсан Готовынх гэртээ ухасхийн орж, сумын бусад иргэдэд ч анхааруулга болсон нь гарцаагүй. Тэр айхавтар хяналтыг мэдсэн нутгийнхан хашааныхаа хаалгыг онгорхой байлгахаа больж, “Хэрэв хаалга онгорхой байвал золголт хийсэн гээд торгож магадгүй” гэж хаширлах хөгшид ч байсан гэнэ.

Тариаттай төстэй хөгжилтэй явдлууд бусад нэлээд олон суманд болжээ. Хэнтийн Биндэр, Орхоны Баян-Өндөрийнхөн гэрийнхээ үүдэнд “манаачтай”-гаар Сар шинийг өнгөрөөсөн гэнэ. Золголт хийхээр гэрээсээ гарсан Сараа хүүхнийг хочоор нь дуудаад гэрт нь буцааж оруулсан тухай нутгийнхан ам уралдан ярьж байна.


ХӨЛ ХОРИО ЗӨРЧСӨН ИРГЭДИЙГ ХААНААС Ч ОЛДОГ ЦАГДАА НАР

Аймаг, сумаас гарах постууд дээр аль ч орон нутгийнхан хамаг хүчээ төвлөрүүлсэн билээ. Учир нь хөл хорионы үед орон нутгаасаа гарахыг хориглосон шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргаад байв. Тиймээс Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл постууд дээр гарч хяналт тавьсан юм. Аль ч орон нутагт хулгайн зам гэж бий. Нутгийнхны гаргасан зам л даа тэр. Тэр замаараа гараад хөдөө багт байгаа ахан дүүстэйгээ золгохоор зориг шулуудсан хүмүүс ч энэ Сар шинээр цөөнгүй байжээ. Булганы Могодод сумаасаа яаж ч гарах гээд цагдаатайгаа нүүр тулчихаад байсан тохиолдол гарчээ. Шөнө оройн цагаар хулгайн замаар гэрлээ унтраагаад явсан нэгэн гэр бүл хэсэг яваад л цагдаагийн машинтай халз тулчихсан гэнэ. Постууд маань тэгж л ажилласан хэрэг.

Пост дээр өөр ч олон хэрэг мандсан. Хот руу орохын тулд жирэмсэн хэмээн хувцсан дотроо юм чихэж албаны хүмүүсийг зальдахыг оролдсон Багануурын бүсгүй бас л хүмүүсийг хөгжөөгөөд авав.

Зөвхөн сум, баг гэлтгүй аймаг, нийслэлд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн төрийн албан хаагчдаараа ард түмэн бахархах учиртай.


ТЭД ИРЖ ЯВНА…

Аймаг орон нутаг, нийслэл рүү орохыг түр хориглоод байсан шийдвэрийн хугацаа дуусч өчигдөр өглөө 06:00 цагаас постууд нээгдсэн билээ. Бараг 21 аймгаас нийслэлийг зорьсон цуваа өчигдөржин үргэлжиллээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 40 мянган иргэн нийслэлийг зорьж буй нь тэр аж. Тэдгээр цувааг сошиал орчинд ихэд хошигносон постууд хөвөрлөө. “Хотынхон минь бэлтгэлтэй байгаарай, Дорнодооос очигсод”, “Бид очиж явна” гэх мэт.

“ТА НАР ЖААЗТАЙ ЗУРГАА МИНИЙ КАМЕР ДЭЭР БАРЬЧИХСАН ЮМ УУ”

Хөл хорио тогтоосонтой холбогдуулан олон түмнийг цахим золголт хийхийг төр засгийнхнаас эхлээд бизнесийнхэн ч уриалаад байв. Үүнийг дуулгавартай хэрэгжүүлсэн хүмүүс ч олон байв. Нэгэн бүсгүй ажлынхантайгаа цахимаар золгож, золголт үргэлжилсээр вино задлан утасны цаанаас нэгэн зэрэг дуу дуулалдаж байгаа хамт олон ч байлаа.

Шинийн нэгний өглөө үндэснийхээ хувцастайгаа видео чаат хийж байгаа нэгэн гэр бүлийн зураг одоо ч сошиал орчинд олон түмний ерөөлийг дүүргэж байна. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр гурван хүүхдийнхээ хамт идээ будаа зассан ширээнийхээ ард зураг авахуулж буй мэт сууцгаан ахан дүүстэйгээ цахим золголт хийжээ. Төрт ёсоо дээдэлсэн, үлгэр жишээч гэр бүлийн эзэгтэйтэй холбогдон монгол түмнээ баясгасан тэрхүү зургийн талаар тодруулсан юм.


-Сар шинийн мэнд хүргэе. Халдварт өвчинтэй холбоотой бүх нийтээр хөл хорио тогтоолоо. яг энэ үед монголын уламжлалт шинийн баяр тохиосон. Танайх шинийн баярыг ихэд хүндэтгэж тэмдэглэдэг айл бололтой. энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авав?

-Баярлалаа. Манайх Цагаан сар, Улсын наадам зэрэг үндэсний баярт нэлээд ач холбогдол өгдөг айл. Халдварт өвчинтэй холбоотой Цагаан сар тэмдэглэхгүй байхыг уриалж хөл хорио тогтооход баярласан. Яагаад гэвэл нэг, хоёрдугаар сард тахлаас гадна ханиад хатгаа маш их байсан. Манай хүүхдүүд дандаа сургууль цэцэрлэгийн насных. Тийм болохоор баяраар бүгд ханиад хүрч өвдөж зовоох байх гэсэн айдастай байлаа. Нөгөөтэйгүүр бид баярыг хавтгайруулан тэмдэглэдэг нь таалагддаггүй. Настай хүмүүст дарамт болж , залуус залхаж төвөгшөөсөн байдалтай тэмдэглэдэг болсон шүү дээ сүүлийн үед. Урьд жилүүдэд их цэвэрлэгээ хоол унд ууц өвчүү чанах таваг тариагаа бэлдэх, оёдол гээд нэлээд ачаалалтай бэлддэг байлаа. Шинийн гурван хүртэл айл хэсээд, дөрөвнөөс л гэртээ хүн оруулдаг. Өөрсдөө салж унатлаа ядарсан хүмүүс байдаг байлаа (инээв). Энэ жилийн цахим золголт ёстой их таалагдсан. Энэ хэвээрээ хэвшээд хавтгайруулж туйлширч тэмдэглэдэг нь багасаасай.

-Цахим золголтын зургийн талаар ярихгүй юу. хүмүүс золголт хийхгүй юм чинь гээд назгайдуу байсан нь дийлэнх. гэтэл та бүхэн үндэсний хувцсаа өмсөн гэр бүлээрээ ах дүүстэйгээ цахимаар ярилцаж байсан?

-Нэлээд эрт гэр бүлийнхэндээ зориулж шинэ дээл, цамцнууд оёод бэлдчихсэн байсан. Цагаан сар бол уламжлалт том соёл бас бидний ээж ааваасаа авсан мөн хүүхдүүддээ үлдээх өв шүү дээ. Тиймээс тэмдэглэхгүй юм чинь гээд зүгээр орхиж өнгөрүүлж болохгүй. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг дээ. Ноднингийн Цагаан сараар бид хүүхдүүдийн бас нөхрийн маань амралт таараад гэр бүлээрээ Хужиртад амарсан. Бүгдээрээ “Дэмий юм байна” гэж санал нэгдсэн. Хүүхдүүдэд маань гэр бүлийн дулаан уур амьсгал сайхан дурсамж үлдэхгүй юм байна лээ. Тиймээс дараа жил ч тэрний дараагийн жилүүдэд ч бас шинэ дээл хувцасаа оёж бэлдээд ёс төртэй тэмдэглэнэ ээ.

-Хүмүүс тэр зургийг хараад жаазтай зураг шиг хэмээн шоглож байсан. Түүнд эмзэглээгүй биз дээ. Тийм байдлаар хичнээн хүнтэй цахим золголт хийсэн бэ?

-Цахимаар түгсэн зурагны хувьд бол бид өглөө эрт хөгшчүүд ахмадуудтайгаа цахимаар золгож дуусчихаад байсан. Гэтэл бид нарт зураг авч өгөх хүн олдохгүй сандал дээр ном давхарлаж тавьчихаад гар утсаа тогтоогоод зургаа авах санаатай сууж байтал дүү маань чатаар залгаад ороод ирсэн. Биднийг харчихаад цочсон. “Та нар жаазтай зургаа миний камер дээр барьчихсан юм уу” гээд л. Хариуд нь би “Бид нарт зураг авч өгөх хүн байдаггүй ээ. Зургаа авчих санаатай сууж байлаа” гээд л золгоцгоосон доо. Жаазтай зураг шиг гэж хэлсэнд гоморхоогүй ээ. Хэдийгээр бидний зөвшөөрөлгүй тэр зургийг янз бүрийн фэйсбүүк группт тавьж олон хүний хандалт авч байсан ч муу муухай үг хэлсэн, бичсэн хүн байгаагүй ээ. Бүгд л сэтгэлийн сайхан ерөөл өргөж байсанд талархаж байна гэсэн юм.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *