УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг “Эрүүл мэндийн сайд болох гэж байна” гэсэн яриа байсхийгээд л гардаг. Засаг бужигнасан үед ч, дажингүй байхад ч яригдана. Гэхдээ тэр “Би сайд болохгүй” л гэдэг. Хамгийн сүүлд сарын өмнө “Надад Эрүүл мэндийн сайд болох сонирхол байхгүй. Өөр хийх ажил их байна” гэсэн байдаг. Энэ үнэн байх магадлал өндөр. Учир нь “Засагт дахин хөдөлгөөн орохгүй. Дор бүрнээ ажлаа хийцгээе” гээд сар шахмын өмнө ЗГХЭГ-ын дарга хэлчихсэн. Гэвч Ж.Чинбүрэн сүүлийн үед дарга нарын өрөөний үүднээс салахаа больсон талаар эх сурвалжууд бичих болжээ. Тэр ч байтугай Эрүүл мэндийн сайдыг ч амар заяаг нь үзүүлэхгүй байгааг түүнтэй холбоотой гэх болов. Сайд болох горьдлого тээсээр яваа ганц гишүүн үлдсэн нь Ж.Чинбүрэн гээд л даажигнаад байх юм. Энэ мэдээлэл арай дэгс байж мэднэ.
Учир нь Ж.Чинбүрэн улстөрч биш, эмч хүн. Эмч хүн бол тангараг өргөж ажилладаг цөөхөн мэргэжлийн нэг. Тэр утгаараа салбараа самарсан муухай юм хийнэ гэхээр санаанд буухгүй. Гэхдээ Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбараа зүгээр байлгана гэж үгүй. Яаж ийгээд шүүмжилнэ. ЭМЯ-ны хамгийн сайн хэрэгжилттэй, үр дүнтэй, олон нийт ам сайтай яваа ажлуудын нэг болох эрт илрүүлгийн талаар ч дуугүй өнгөрөхгүй шүү дээ. Сайд нь дөрөв, тавхан хоногийн өмнө танилцуулга хийх үед “Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг заавал мэргэжлийн хүн гэхээсээ илүүтэйгээр тухайн хороодын нийгмийн ажилтныг сургах нь илүү өгөөжтэй. Энэ чиглэлээр хороодын идэвхтэй иргэдийг оролцуулж, хороодын иргэдийг эрүүл мэндийн зөвлөх амжилттай явсан туршлага бий. Түүнчлэн эрт илрүүлгийн ажлыг илж биш илрүүлж хийх хэрэгтэй” гэж байгаа юм. Шүүмж гэхэд хэцүү, өөлнө гэхэд илүү ойр ч юм шиг л хэлнэ, тэр. Тэр ч байтугай сайдыг нь ороод ирвэл ямар ч хамаагүй асуулт тавина. Хамгийн сүүлд 2023 оны төсвийг хэлэлцэж байх үед Байнгын хорооны хуралдаан дээр “Сүүлийн нэг жилийн хугацаанд ажлаас гарсан эмнэлгийн ажилчдын тоо байна уу. Нэг эмнэлгээс бүр 10-160 хүн гарсан гэх юм” гэлээ. Хариуд нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд “160 хүн халагдсан тоо бий. Нэг нь нийслэлийн дүүргүүдэд, нөгөө нь “Өргөө” амаржих газарт 2021-2022 онд нийтдээ 138 хүн ажлаас гарсны 58 нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн. Хувийн эмнэлгүүд байгуулагдаж байна. Тийшээ эмч нар шилжиж байна. Жилдээ нэг албан байгууллагаас 25-50 хүний шилжилт хөдөлгөөн хийгдэж байдаг. Дийлэнх нь шинээр төгсөж ирсэн эмч, сувилагч нар байдаг. Тэдний тоо нэгдсэн тоон дээр нэмэгдэж явдаг” гэж байх юм. Гишүүн асууж, сайд хариулсан энэ ярианы цаадахыг сайн ойлгоогүй.
Гэхдээ Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбараа, төсөл хөтөлбөрүүдийг тэр чигээр нь муулаад байна гэж үгүй. Түүний хамгийн их анхаарал тавьдаг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр гэж бий. Энэ хөтөлбөрөөрөө оролдуулах тэр маш дургүй. Ж.Чинбүрэн төсөв хэлэлцэж эхлэх үеэс л “Эрүүл мэндийн салбарын төсөв 2023 онд яг 2022 оныхоор орж байгаа. Гэтэл өнөөдөр эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 40-60 хувь нэмэгддэг. Энэ төсвийг нэмэгдүүлж өгөхгүй бол даатгалын сангаас эмнэлгүүдэд квот тогтоох нь. Нэг эмч сард 100-150 хүн үзэх ёстой гэх байдлаар квот тогтоох нь маш их оочер үүсч, иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой. Гэтэл төсөвт тусгагдаагүй байна 100 гаруй мянган иргэд Д вирусийн эмчилгээ хэзээ Монгол Улсад орж ирэхийг хүлээгээд сууж байна. Үүнээс 40 гаруй мянга нь амь нас нь эрсдэлтэй иргэд байна. Иймээс 2023 оны төсөвт энэ хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх хөрөнгийг суулгах хэрэгтэй байна” гэж яриад эхэлсэн. Олон хоног ярьсан. Ингэж зүтгэсний эцэст нь төсөв батлах үед “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртөө 13 тэрбумыг суулгуулж чадсан байв.
Бас тэрээр Хавдрын эмнэлгийг арван хуруу шигээ мэднэ. Хавдрын эмнэлгийн албан бус дарга л гэцгээдэг. Энэ муу юм биш л дээ. Эрхэм гишүүн тэртэй тэргүй энэ эмнэлгийн ажилтай нягт холбоотой хойно аргагүй. Хувийн сонирхлоо гүйцэлдүүллээ гээд хууль хяналтынхан дэгээдчихгүй бол Ж.Чинбүрэн шиг эмчтэй холбоотой байснаараа эмнэлэг л хожно.
Ер нь бол шүүмжлэхээр асуудал ч энэ салбарт олон бий л дээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар хүн бүрд хамаатай, бүгд үйлчилгээ авдаг. Тиймээс таалах, таалахгүйн яриа хөөрөө тасрахгүй. Тэгээд бас ачаалал өндөртэй. Үүнийг салбарынхан нь сайн мэднэ.
Дээрээс нь өнгөрсөн он жилүүдэд эрүүл мэндийн салбарт дандаа улстөрч сайд томилогдож байв. Шагналын гэх үү, эсвэл шахааны гэмээр юм уу, тийм нэг статустай явж ирсэн байдаг юм.
Тийм болохоор энэ салбарын бодлого хэрэгжүүлдэг яам нь голдуу улс төрийн томилолт өвөртөлсөн боловсон хүчнүүдээс бүрддэг байв шүү. За тэгээд, гадна дотны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүд бол бүр бүтэхгүй. Одоо эхнээсээ идээ бээр нь шахагдаж, авлига албан тушаалын хэргээр шүүхэд шилжицгээж байна. Түүнчлэн цахим шилжилт гэж дуусдаггүй хөтөлбөр байна. Сайд солигдох бүрт цахим хөтөлбөрийн гүйцэтгэгчид өөрчлөгддөг гэдэг.
Энэ мэтээр эрүүл мэндийн салбарын эрүүл бус байдлыг яриад байвал дуусахгүй.
Харин сүүлийн жилүүдэд тус салбарт бодлогоор мэргэжлийн сайд томилох болсон нь бодит үр дүнгээ өгч эхэлжээ. Болж бүтэж байгаа, голдиролдоо орж буй олон ажлыг салбарынхан нь хэлж байна. Гэхдээ өргөс авч буй мэт гэнэт илааршина гэж юу байхав. Олон жилийн хур “хог”-ийг тэгж амархан цэвэрлэнэ ч гэж байхгүй биз. Товчлоод хэлэхэд, эрүүл мэндийн салбар эдгэх замдаа ороод байгаа юм, уг нь.