YouTube-ийн “https://www.youtube.com/watch?v=F_FlTQcfRNc” гэсэн хаяг дээр тавигдсан, Гүржийн улс төрч Гиорги Панжавидзегийн Оросын ард түмэнд хандаж хэлсэн үгийг орчуулан хүргэж байна.
Би Оросын ард түмэн, та бүхэнд хандаж байна. Хирээ угаадаггүй, боолчуудын эх орон, дарангуйлагчдын улс/А.Пушкины нэгэн шүлэг ингэж эхэлдэг орч./-ын иргэдэд хандаж байна. Би та нараас ямар нэгэн зүйл гуйхгүй, зөвхөн өөрийн үгийг хэлж байна. Та бүхэн хэзээ нэгэн цагт “Манай хөршүүд бүгд яагаад биднээс зугтаагаад байдаг юм бол” гэж бодож үзсэн үү. Би хувьдаа танай улсын империалист, эзлэн түрэмгийлэх, бусад үндэстнийг дорд үздэг бодлогыг үзэн яддаг. Харин би яагаад хөршүүд чинь та нарыг ингэж үзэн яддагийг хэлж өгье. Гүржийн 1989 оны “цэрэг хүрзний хар шөнө”, Бакугийн 1990 оны “хар нэгдүгээр сар”, Литвийн “цуст өдөр”, Чечений I,II дайн, Унгар, Чехословакийн “цуст өдрүүд”, Молдов, Гүржид явуулсан цэргийн түрэмгийлэл, Абхаз, Өмнөд Осетыг эзлэн авч 2008 онд Гүржид, 2014 онд Украинд халдан түрэмгийлж Крым, Донецк, Луганск мужийг нь эзлэн авч, дараа нь та нар Украинд дахин халдаад байна. Та нар өнөөдөр Украины дайнд өдөрт тэрбумаар нь ам.доллар зарцуулж, өөрсдөө ядуу зүдүү амьдарч байна. Та нар энэ их мөнгийг өөрсдийн амьдралыг сайжруулахын оронд хөрш улсуудаа өөрсөд шигээ ядуу амьдруулахад зарцуулж байна. Иймээс хөршүүд чинь та нарт ой нь гутаж, та нарыг үзэн яддаг юм.
Танай эзлэн түрэмгийлэгч цэргүүд украинчуудыг та нар шиг ил жорлонтой бус, харин халуун хүйтэн устай, тоосгон байшинд амьдарч, айл болгонд нөөтбүүк байгаад гайхдаг. Танай цэргүүд яг Украинд хийсэн үйлдлийг Гүржид довтлохдоо үйлдэж байсан. Танай цэргүүд манай айлуудаас жорлонгийн суултуураас авахуулаад ор, дэрний цагаан хэрэгсэл, оймс, халбага, сэрээ хүртэл дээрэмдэж байсан. Иймээс бид та нарыг бүдүүлэг, хоцрогдсон, дээрэмчид гэж үздэг. Та нар дэлхий нийтэд “АНУ болон бүх барууны улсууд бидэнд атаархдаг” гэж сурталдсаар байна. Та нарын юунд чинь тэд атаархах болж байна. Энэ бол үнэхээр инээд хүрмээр зүйл. Учир нь та нарт хүн төрөлхтний төлөө хийсэн өөрийн гэх бүтээсэн ямар ч зүйл байхгүй, танай улс барууны хөгжил дэвшлээс хаа хамаагүй хол хоцорчихсон шүү дээ. Та нар цөмийн зэвсэг, цэргийн хүч, хуурамч суртал ухуулга дээр л тогтож ирсэн. Та нар цөмийн зэвсэггүй бол хэн ч биш. Та бүхэн өөрсдөө ч үүнийгээ мэддэг. Та нар Ази тивийн талыг эзлэн авсан.
Гэтэл энэ бүхэн та нарт чамлалттай байдаг. Иймээс та нар хөршүүдийнхээ газар нутгийг эзлэн авч, тэдний эцэг, эх, гэр бүлийг алж хядаж байна. Та нар хөршүүдээ энэ бүхнийг эхлүүлсэн гэж дэлхий нийтэд зарлан, сурталдаж байна. Та нар Гүрж 2008 онд манай улсад халдсан гэж дэлхий нийтэд зарласан. Энэ бол үнэхээр инээдэмтэй зүйл. Та нар газрын зураг гаргаад бас хүн амын тоог хар даа. Ийм жижиг хөршүүд чинь та нар руу халдана гэдэгт та нараас өөр хэн итгэх юм бэ?! Ийм байж та нар “Бид хөршүүдтэйгээ инээмсэглэл дүүрэн уулзаж, найрамдалтай амьдрахад бэлэн байна” гэж ичих ч үгүй сурталдсаар байна. Та нар лав бүгд галзуурсан байх. Надад ингэж бодохоос өөр арга алга. Хэрэв бид танай Питербургийг чинь эзлэн авч, газрын хөрстэй тэгшилж, тэнд геноцид үйлдэж, ах дүүс, найз нөхөд, гэр бүлийг чинь алж, хүчирхийлчихээд “Бид та нартай инээмсэглэл дүүрэн уулзаж, сайн хөршийн ёсоор амьдармаар байна” гэж хэлвэл та нар яах вэ?! Бодоод үзэцгээ дээ! Та нар ийм энгийн зүйлийг ойлгохгүй байна уу? Эсвэл ойлгохыг огт хүсэхгүй байна уу? Та нар гүрж овог, нэртэй хүмүүсийг өөрийн суртал ухуулгад ашиглаж байна. Тэд нар чинь гүрж овог нэртэй л болохоос яг та нартай адил хог новшнууд. Учир нь тэдэнд гүржийн гэх юу ч байхгүй. Та нар ЗХУ хэзээ ч дахиж бий болохгүй, түүх болон үлдсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Танай үзэл суртал болон үзэл сурталчид, бидний дунд шургуулсан Оросыг дэмжигч тавиулууд бол мөхөж буй үзэгдэл. Тэднийг сонсогчид бол түүх болж үлдэх “Арслан заанууд” юм. Та нар бол бүгд үеэ өнгөрөөж буй “үзэгдэл” юм. Гүрж бол та нарын амралтын газар биш, Гүрж бол та нарын амттай зоог барьдаг газар чинь ч биш, Гүрж бол та нарт огт хамаагүй, тусгаар тогтносон улс гэдгийг та нар ойлгох цаг чинь болсон.
Гүржүүд та нарыг хүндэтгэдэг, хайрладаг гэж та нар сурталдаж байна. Ингэж ярьж байгаа гүрж овог, нэртэн бол гүрж хүн биш зүгээр л хүний хэлээр ярьдаг, тархисаад байх юмгүй гүрвэлүүд. Яагаад гэвэл жинхэнэ Гүржийн эх орончид тэднийг гүрж хүн байтугай, хүн ч гэж үздэггүй юм. Та нар тархины дутагдлаасаа болж хоёр гүрж хүн Оросыг атомын бөмбөгтэй болгосныг мартчихсан. Эцэст нь та бүхэн үнэхээр хүн төрөлхтний хөгжил дэвшилд хөл нийлүүлж, сайн сайхан амьдрахыг хүсэж байвал Путины дэглэм, үзэл бодлоо өөрчилж, бусад үндэснийг хүндэлж сур гэдгийг зөвлөх байна. Хэрэв та бүхэн хөгжилтэй улсын иргэд шиг сэтгэдэг болж чадвал, тэр үед хөршүүд чинь та нарыг уучилж магадгүй юм. Харин энэ янзаараа байвал дэвшилтэт хүн бүр та нарт “Русский военный корабль, иди на …” гэж хэлэх болно!
Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА
One reply on “Гиорги Панжавидзе: Би та бүхэнд хандаж байна DNN.mn”
OROST YU BHAV DEE HULGAI HIIJTSGEEJ BNA GJ HELSEN OROSIIN TOM ZOHOILCH BAS BII SHUU