Categories
гадаад мэдээ

Герман, Шведэд халдвар эрс нэмэгдэв

ХБНГУ-д коронавирусийн тархалт сүүлийн хэдэн өдрийн туршид тасралтгүй өссөөр байна. Роберт Кох хүрээлэнгээс мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, 80430-т хүрсэн нь урьд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд өмнөх өдрөөс 34740 тохиолдлоор өсжээ. Нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөс 62-оор өсөж, 384-т хүрэв. Жилийн өмнө буюу 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 1244 өвчтөн коронавирусийн улмаас нас барсан нь өнөөдрийг хүртэлх хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. Халдварын тоо рекорд тогтоогоод байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо улсын хэмжээнд 388 буюу эмнэлгийн ачаалал харьцангуй бага түвшинд байна. Герман улсад нийт 7.66 сая иргэн коронавирусийн халдвараар өвчилж, 114.7 мянган иргэн нас бараад байна. Халдварын тархалтыг хот, суурин газраар нь ангилан авч үзэхэд нийслэл Берлин хотод коронавирусийн тархалт маш өндөр буюу халдварын үзүүлэлтээр Герман улсдаа эхний 10 байранд жагсаж байна.

Тэгвэл Шведийн Стокхолм, Ваастра Готланд, Скэйн зэрэг томоохон хотуудад өнгөрсөн 7 хоногт хамгийн олон тохиолдлууд бүртгэгдсэн байна. Ваастра Готландад 27044, Скэйнд 17268, Стокхолмд 36493 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос даруй 90 хувиар өсжээ. Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар Стокхолмд авч буй нийт шинжилгээний 40 хувь нь эерэг хариу гарч байгаа бөгөөд дийлэнх нь омикрон хувилбар байгаа аж. Тус улсад халдвар огцом өссөнтэй холбогдуулан халдвар хамгааллын шинэ дэглэм хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд хоол, ууш болон цэнгээний газрууд 23.00 цаг хүртэл ажиллах юм байна. Энэхүү шинэ дэглэм нь ирэх сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Нийтийн эрүүл мэндийн агентлагаас хоѐр 7 хоног тутам нөхцөл байдлын тандалт судалгаа хийх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *