Categories
мэдээ цаг-үе

Гэрийн ухаалаг автоматжуулалтын систем бүтээсэн монгол залуус Лас вегаст CES 2016-д оролцлоо

Анх утасгүй цэнэглэгч бүтээж эхэлж байсан Amet­ros Solutions компанийн залуус өнөөдөр гэрийн ухаалаг автоматжуулалтын системээрээ дэлхийн хамгийн том хэрэглээний технологийн үзэсгэлэнд оролцож байна.

Өнгөрсөн 2015 онд Монголын Мэдээллийн технологийн үзэсгэлэнд оролцсон компаниуд дундаас бүтээгдэхүүнээрээ онцгойрсон компани яах аргагүй Amet­ros Solutions байсан юм. Нэгдүгээрт, тэдний хийсэн бүтээгдэхүүнүүд нь өвөрмөц, шинэлэг, хоёрдугаарт, тэд хэн бүхний хийгээд байдаг зүйлийг биш оюун ухаан шаардсан өрсөлдөөн ихтэй талбарт хүч сорин ажиллаж байна.

Ametros буюу грекээр хязгааргүй гэсэн утгатай үгээр тэд компаниа нэрлэжээ. Монголчилбол компанийн нэрийг “Хязгааргүй шийдэл” гэж орчуулж болох юм.

Гэрийн автоматжуулалтын систем гэдгийг энгийнээр тайлбарлах юм бол чийдэн, хөшиг, амьсгалж байгаа агаарын чанарын мэдрэгч, гэнэтийн аюулын мэдрэгчүүд зэрэг зүйлсийг сүлжээнд холбож, хэрэглэгчийн тав тухтай амьдралыг тал бүрээр хангах гэж ойлгож болно. Үүнийг өнөө цагт IoT буюу интернетэд холбогдсон юмс гэж ерөнхийд нь нэрлэх бөгөөд хөргөгч, зурагт хүртэл багтах болжээ.

Тэгэхээр үндсэн ажиллах зарчим нь өнөөдөр хүн бүрийн халаасанд байгаа ухаалаг утсаар дамжуулан та интернэттэй л бол гэрийнхээ ихэнх зүйлсийг удирдах боломжтой гэсэн үг юм. Магадгүй та гэрлээ унтраахаа мартаад гарсан байж болно, магадгүй та хөшгөө нээхээс залхуурч ч болох шүү дээ.

Энэ тохиолдолд ердөө л гар утас, таблетаа гаргаж ирээд гэрлээ унтрааж, хөшгөө нээж болно. Ametros Solutions компанийн хувьд өнөөдөр “DOBU” гэрийн ухаалаг автоматжуулалтын системийг танилцуулж байгаа юм. Энэ систем нь ДОБУ удирдлагын панель, гэмт халдлага, галын аюул болон агаарын чанарын гэх үндсэн гурван мэдрэгч, автомат хөшиг, ухаалаг унтраалга, ухаалаг залгуур зэргээс бүрдэнэ.

ДОБУ удирдлагын панель нь галын аюул, гэмт халдлага, агаарын чанарын үзүүлэлтүүдийг мэдрэх мэдрэгчүүдээс ирэх мэдээлэлд боловсруулалт хийж, хэрэглэгчид цаг тухайд нь мэдэгдсэнээр хэрэглэгчийн амар амгалан байдлыг хангадаг байна. Түүнчлэн ДОБУ систем нь таны өмнөөс гэрлүүдийг тань унтрааж, ханын залгууруудыг тань салгаж, цахилгаан хэрэглээг боломжит нөхцөлөөр нь хэмнэхээс гадна сар тутмын хэрэглээг хэрхэн хэмнэж болох талаар хэрэглэгчид санал тавьдаг гэнэ. Магадгүй та энэ бүхнийг яаж хийдэг талаар гайхаж байгаа бол ДОБУ систем нь таныг аль өрөөнийхөө цахилгаан хэрэгслүүдийг хэдийд асааж унтрааж, хэдийд асаалттай мартаж орхидог тухай мэдээллүүдийг нарийвчлан судалж, хамгийн оновчтой шийдлийг санал болгодог юм байна. Өөрөөр хэлбэл ДОБУ систем нь байнга суралцаж, өдөр бүр хэмнэж, цаг үргэлж аюул ослоос сэргийлж, минут тутамд тав тухыг мэдрүүлж байх нь.

Ametros Solutions компанийнхан гэхээс илүү Монгол залуучууд өөрсдөө загварыг нь гаргаж, өөрсдөө угсарч, өөрсдөө электроник шийдлийг нь боловсруулж, андроидод суурилсан үйлдлийн системийг нь хүртэл өөрсдөө хөгжүүлж байгааг сэтгүүлч миний бие өөрийн нүдээр үзэж сонирхож байхад үнэхээр бахархмаар байлаа. Гадны брэнд бүтээгдэхүүнүүдээс хэлбэр хийц, өнгө аяс, ажиллагаагаар ер дутах юмгүй бүр зарим нэг талаар илүү санагдаж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Өнөөдөр гэрийн ухаалаг автоматжуулалтын системийг бүтээхээр ажиллаж байгаа том, жижиг олон компани бий. Тэдний дунд Google, Philips, Amazon зэрэг томчууд байдаг. Гэхдээ эдгээр компаниудын ихэнх нь гэрийн автоматжуулалтын системийг цогц хэлбэрээр нь бус хэсэгчлэн хөгжүүлсэн байна.

Жишээ нь Google компани 2013 онд Nest ухаалаг термостат үйлдвэрлэгчийг худалдан авсан бол Philips компани Hue чийдэн, Amazon компани Echo яриа таньдаг чанга яригчийг бүтээсэн байна.

Харин Ametros Solu­tions компани яагаад нэгэн зэрэг ийм олон зүйлс бүтээж байгаа талаар тодруулахад компанийн гүйцэтгэх захирал Д.Тулгабаатар “Шанаганыхаа хэмжээгээр хутгана гэж ярьдаг даа. Ажиллах хүрээ маань өргөн байх тусам төдий чинээ боломж бололцоо бидэнд гарах юм. Нөгөөтэйгүүр гэрийн ухаалаг автоматжуулалтын систем гэдгийг бүхэлд нь буюу цогцоор шийдэх нь амжилт, гарц гэж бид харж байгаа” гэж хариулсан юм.

Компанийн бүтээгдэхүүний хамгийн энгийн багц буюу “Dobu Essentials” нь ойролцоогоор 2,9 сая төгрөг аж. Үүнд мэдрэгч тус бүр хоёр ширхэг, ухаалаг унтраалга, ухаалаг залгуур болон ДОБУ удирдлагын панель багтах юм байна.

Ametros Solutions компани бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд 30 гаруй хэрэглэгчтэй болжээ. Хэрэглэгчдийн дунд Монгол дахь Burger King-ийн салбар ресторанууд, хувийн компани болон төрийн байгууллагууд хүртэл багтаж байгаа юм байна.

Ер нь бол компани тун амжилттай явна. Бүтээгдэхүүнээ аль хэдийнэ зах зээлд нийлүүлж эхэлсэн, үйлдвэрлэл амжилттай яваа, захиалагчид сэтгэл ханамж өндөр, хамгийн том технологийн үзэсгэлэнд оролцож байгаа гээд Ametros Solutions сонин хачин ихтэй, эрч хүчээр дүүрэн гялалзаж байгаа юм байна.

Одоогийн байдлаар үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, маркетингийн үйл ажиллагааг далайцтай болгох тал дээр Америкийн болон дотоодын хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр хийж, томхон хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа гэнэ. Монголчууд бид бие биенээ дэмжих цаг хэдийнэ болсон. Уншигч авгай та бидний зүгээс эдгээр шижигнэсэн залууст том тус бас ч үгүй хөрөнгө оруулалт хийх алхам нь хамгийн энгийн арга буюу бидний хэдийнээс мэдэх үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажиллах явдал юм.

Бидний сайн мэдэх Апел, Самсунг, Хюндай, Сони гэх мэт дэлхийн компаниуд бас л хаа нэгтэйгээс хэн ч мэдэхгүйгээс эдгээр залуус шиг эхэлсэн гэдгийг та бид санаж баймаар. Солонгосчууд гэхэд улсын бодлогоор Самсунгийг, Хюндайг олон улсын зах зээлд гаргаж ирсэн бөгөөд дотоодын хэрэгцээнд хэрэгжүүлээд гадны зах зээлд тэргүүн туршлага байдлаар нэвтрүүлсэн жишээтэй. Ийм олон улсын туршлага байдаг талаар компанийн гүйцэтгэх захирал Д.Тулгабаатар мөн дурдаж байсан юм.

Ойрын жишээ гэвэл Samsung компани өөрсдийн бүтээсэн гэр ахуйн ухаалаг бүтээгдэхүүнүүдээ эхний ээлжинд зөвхөн Солонгосын зах зээлд гаргасан бөгөөд одоо гадны зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.

Гэрийн ухаалаг автоматжуулалтын системийн хөгжил өнөөдөр дэлхий даяар нэгэн ижил түвшинд явна. Гэтэл гар утас, телевизор, машин гэх мэт тогтчихсон зах зээлд шинээр өрсөлдөгч гарч ирнэ гэдэг хүнд. Нэг бол асар их мөнгө оруулж байж эс бөгөөс технологийн хувьсгал гаргаж байж амжилтанд хүрдэг. Тийм ч учраас Ametros Solutions ижил гарааны нөхцөлтэй өсөлтийн нөөц бололцоо асар ихтэй гэрийн автоматжуулалтын зах зээлийг сонгосон талаар компанийн залуучууд тайлбарлаж байлаа.

Компанийн албан байр, үйлдвэр нийлсэн байранд очих үед ШУТИС-ийн оюутнуудыг өөрсдийн зайг шахан байж дадлага хийлгэж олон зүйлийг зааж сургаж байгаа нь надад маш их таалагдсан юм. Шинэхэн гэж гололгүйгээр, чадахгүй гэж төвөгшөөлгүйгээр оюутнуудыг сургаад, өөрсдийн хийж байгаа зүйлсээ заагаад явж байгаа нь тэдгээр залууст шинэ зорилго, хүсэл эрмэлзлийг нээж байх шиг санагдсанаа нуух юун.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *