Эрүүгийн шинэ хууль ирэх оны есдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой үр нөлөөтэй, олон сонголттой болгох” зорилтыг дэвшүүлсэн. Засгийн газрын хөтөлбөрийн дагуу хийх ёстой ажлын жагсаалтад шинэ эрүүгийн хуультай болох гэж тусгасан ч нөгөө талдаа манай нийгэмд энэрэнгүй эрүүгийн хуультай болох захиалга зайлшгүй гарч ирсэн юм. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг хэтэрхий чанга, хуучин нийгмийн сүүдэртэй, шоронжсон шинжтэй хэмээн шүүмжилдэг бол Эрүүгийн шинэ хуулийг энэрэнгүй гэж тодорхойлох зүйл заалтууд олноор орж иржээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эрүүгийн шинэ хуулийг батлах үеэр гишүүдийн амнаас “Энэ хууль энэрэнгүй болжээ” гэх үг унаж байсан юм. Энэрэнгүй хуультай болсон гээд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөөлөн хандана гэсэн үг биш. Зохих хариуцлагыг нь үүрүүлэхийн зэрэгцээ ял эдэлж байгаа орчинд нь хүмүүнлэг байх заалтыг оруулж өгсөн гэдгээ хууль санаачлагчид өгүүлж байсан.
Гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилж байгаа. Харин шинэ хуулиар ердийн болон хүнд гэмт хэрэг хэмээн хоёр ангилахаар болж байна. Хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаатай оногдуулахаар заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг хэмээн тооцох юм байна. Харин хорих ялын доод хэмжээг таван жилээс доош хугацаатай оногдуулахаар заасан гэмт хэргийг ердийн гэмт хэрэг гэж үзнэ.
Ял нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, хорих, эрх хасах гэсэн төрлүүдтэй. Одоогийн хуульд торгох хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харгалздаг. Харин одоо нэгж гэх ойлголтыг ашиглахаар болж байгаа юм. Олон улсад ч ийм жишиг байдаг гэнэ. Нэг нэгж гэдэг нь 2000 төгрөгтэй тэнцэнэ. Тэгэхээр ирэх есдүгээр сараас “Таныг тийм тийм хууль зөрчсөн тул төдөн нэгжээр торголоо” гэвэл тухайн этгээд ногдуулсан нэгжээ 2000 мянган төгрөгөөр үржүүлж бодно гэсэн үг. Анх хуулийн төсөлд тооцооны нэгж гэдэг утгаараа орж ирсэн юм. Хэлэлцүүлгийн явцад тооцооны гэдэг үг нь хэтэрхий санхүүгийн чигийн хэллэг байна, хууль болон эрх зүйн орчинд нэгж гэдэг нь илүү наалдацтай хэмээн үзэж сонгожээ.
Торгох ялын хэмжээ нь нэг зуугаас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байх аж. Одооны хуулиар аж ахуйн нэгжид хэдэн тэрбумаар нь торгох ял оногдуулж байгаа. Харин шинэ хуулиар аж ахуйн нэгж хамгийн дээд тал нь 800 сая төгрөгийн торгууль төлөхөөр болж байна. Ердийн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрвөл ялнаас нь нэлээд хөнгөлөх заалт орж иржээ.
Аливаа нэг компанид санхүү, татвартай холбоотой зөрчил гарахад тухайн компанийн бүх удирдлагуудыг шоронд аваачаад хорьчихдог. Эзэнгүй болсон компанийн үйл ажиллагаа тэр дороо зогсч, үйлдвэрлэл үйлчилгээ нь явахаа больдог. Үүнээс болж тухайн компани торгуулиа төлөх нь битгий хэл дампуурч эхэлдэг. Шинэ хуулиар тухайн компанид санхүү, татварын ч юм уу, ямар нэг зөрчил гарлаа гэвэл захирлыг нь хорьж цагдахгүйгээр, компанийх нь үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр шалгалтаа явуулж, торгуулиа төлүүлэхийг нэгдүгээрт тавих аж. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хохиролтой гэмт хэрэг дээр хохирлыг нь барагдуулсан мөртлөө хорих ялаар шийтгэдэг байсан бол одоо хохирлоо барагдуулчихвал биечлэн ял эдлүүлэх гэж тулгахгүй болж байгаа юм.
Ялын төрлүүд дунд гэрийн хорионд байлгах гэдэг нь манай хувьд шинэ төрлийн ял болж байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн хүний гарт электрон гав зүүн хууль сахиулах байгууллагын хяналтад байлгаж, оршин суугаа газраасаа явахыг, тодорхой газар очихыг хориглоно гэсэн үг. Түүнчлэн шүүхээс тогтоосон замаар л зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулах юм байна. Үүнийг гэрийн хорионд байлгах гэж хуульд заажээ.
Гэрийн хорионд байгаа этгээдийн байр байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ялтныг бусдад аюул учруулж болзошгүй гэж үзвэл тодорхой хүнтэй, эсхүл бусадтай харьцахыг хориглож ч болох юм байна. Шинэ хуульд хорих ялыг гэрийн хорионд байлгах ялаар солих заалтыг оруулжээ. Жирэмсэн эмэгтэйг төрөхөөс өмнө гурван сар, төрснөөс хойш хоёр жил хүртэл хугацаанд гэрийн хорионд байлгах боломжтой. Мөн ганц бие эцэг, эхийг хүүхдийг нь хоёр нас хүрэх хүртэл нь гэрийн хорионд байлгахаар хорих ялыг нь солих бололцоо бүрджээ. Гэрийн хорио гэх энэ шинэ төрлийн ял нь шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавина гэдгээрээ давуу талтай.
Шинэ эрүүгийн хуулийн хорих ял нь хугацаатай, бүх насаар хорих гэсэн хэлбэртэй байх бөгөөд цаазаар авах ялгүй болсон. Хугацаатай хорих ял нь долоо хоногоос хорин жил хүртэл, бүх насаар хорих ял нь хорин жилээс дээш хугацаагаар байх бөгөөд суллагдах үндэслэл нь хорин таван жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэхээр заажээ.
Эрүүгийн шинэ хуулиар өсвөр насны хүүхэд гэмт хэрэг үйлдлээ гэвэл аль болох ял оногдуулах зорилгогүй бөгөөд хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг хорих бус хүмүүмжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шинжтэй байхаар өөрчилсөн байна. Хүүхдийн засан хүмүүжүүлэх байр нь сургалт хүмүүжлийн чиглэлийнх болж, хүүхдүүд тэнд суурь боловсролоос эхлүүлээд янз бүрийн сургалтад хамрагдаж боловсрол сургалтаар дамжин хүмүүжих юм байна.
Өмнө нь зүйл заалт төдий байсан “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг” энэ хуульд тусгай бүлэг болж нэмэгдсэн. Соёлын өвтэй холбоотой түүх соёлын дурсгалт зүйл, археологи, палентологийн үнэт олдвор, хосгүй үнэт зүйлийг хамгаалах талаар төрөөс баримталж буй бодлогод нийцүүлж энэ бүлгийг шинээр оруулсан юм байна.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн амь насанд хэрцгийгээр халдсан гэмт хэрэг, эцэг эх асран хүмүүжүүлэгч нь хүүхдийн амь нас, бие махбодод ноцтой хохирол учруулсан хэргүүд шил шилээ даган гарах болсон. Нийгмийг тэр аяар нь сэрдхийлгэсэн ийм хэргүүдийг таслан зогсооход чанга хууль хэрэгтэй байна гэж олон нийт үздэг. Тиймээс Эрүүгийн шинэ хуульд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгийг шинээр оруулсан бөгөөд хүүхдийн эрхийн эсрэг үйлддэг хүчирхийллийн ялын бодлогыг чангатгах, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч хүүхдийг хайхрахгүй орхих, хүүхдийг шийтгэснээс хор уршиг учирсан тохиолдолд ял шийтгэл оногдуулахаар болжээ.
Төрийн байгууллагууд, эрх бүхий этгээдүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл хайх эрхэнд халддаг. Шинэ хуульд төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хэрэгжүүлэхэд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж саад учруулсан бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр болж байна.
Мөн өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байна.
Хуулийн төсөл хэлэлцэгдэх үеэр олны анхаарлыг татаж байсан нэг асуудал бол гүтгэх зүйл заалт. Хүнийг гүтгэх нь гэмт хэрэг гэж ярьдаг. Харин шинэ хуульд үүнийг арай бодитоор харж, зөвхөн дараахь гурван төрлийн гүтгэлгийн гэмт хэрэгт хамааруулахаар болсон. Үүнд, сонгуулийн үеэр сонгуулийн дүнд нөлөөлөх зорилготойгоор гүтгэлэг тараавал, шүүгч, прокурор, өмгөөлөгч нар эрх мэдлээ ашиглаж хүнийг эрүүгийн хэрэгт гүтгэвэл, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажиллагаагаа явуулахдаа хүнийг гүтгэсэн заалтаар эрүүгийн хариуцлагыг зохиомлоор үүрүүлбэл эрүүгийн хэрэгт тооцогдох юм байна. Үүнээс бусад гүтгэх нь гэмт хэрэг биш зөрчилд тооцогдож Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэхээр болж байгаа юм.
Д.САРУУЛ