Categories
мэдээ цаг-үе

Гэр шилбэл шинээс нь, гишүүд сонговол хуучнаас нь …

“Хүний хуучин нь дээлний шинэ нь” гэж үг бий. Яах аргагүй монголчуудын гол философи. Энэ философи хэрэгжих цаг нь ирчихээд байна. Бүр тодорхой хэлбэл удахгүй болох сонгуулиар хэрэгжүүлмээр байна. Ирэх сонгуулиар АН, МАН-ын гишүүдийг л сонгоё. Өөр намын нөхдийг сонгох нь Монголын ард түмэнд ямар ч хэрэггүй гэдгийг бид биеэрээ туулж яваа улс. Сүүлийн үед бүгдийг нь шинэчилье гэсэн хийрхэл даамжирсан учраас энэ сэдвийг хөндөхгүй орхиж болохгүй нь. Бүгдийг шинэчилье гээд байгаа нь Монголын төрийг сульдаах гэсэн ямар нэг гадаад, дотоодын хүчний давуулж тонгорох мэх байж мэднэ. Жишээ дурдаад яривал тийм байх өндөр магадлалтай.

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд гадаад дотоодод сургууль төгсөөд ирсэн хорин настай залуус нам байгуулж галзуурч байна. Тэд төр барина гэдэг үнэндээ бол үлгэр. Хорин хэдтэй залуус хориод жил Монголын төрөөр тоглосон. Төр барьж тоглосны уршиг нь ихэдсэн үү гэхээс багадаагүй. Цаг нь болсон гэдэг шиг учир мэдэхгүй залуусаар төр бариулж, тэгж галзууруулдаг үе өнгөрсөн. Яг нарийндаа төр барина гэдэг хориод настай залуусын хийдэг ажил биш юм. Ганц манайд ч биш дэлхий даяараа дөч, тавь, жаран настай хашруудад төрөө даатгадаг. Сүрхий хөгжиж яваа улсын лидер улстөрчид нь дандаа хал үзэж халуун чулуу долоосон нөхөд байдаг. Дэлхийн айхавтар улстөрчид дунд хорь, гучтай залуучууд харагддаггүй нь цаанаа ийм нарийн учиртай. Оросын Путин, Америкийн Обама, Францын Олланд, Өмнөд Солонгосын Пак Гын Хэ, Японы Абэ гээд яривал хөгжлөөрөө цойлсон улсуудын төрийн тэргүүн, парламент, Засгийн газрын гишүүдийн дунд учраа олоогүй, туршлага суугаагүй хорин настнууд харагддаггүй. Төр барина гэдэг дөч, тавь, жаран насныхны хийдэг ажил гэдгийг бид яс махаараа мэдэрч байна.

Монголын төрд шинэчлэлээс гадна уламжлал гэдэг юм байх ёстой. Хэдэн арван жил төр барилцсан туршлагатай түшээдийг жагсаалт энэ тэрд оруулж байгаад төрд суулгах шаардлага гарцаагүй тулгараад байгаа. Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Р.Амаржаргал, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гэх мэт УИХ-д хэдэнтээ сонгогдож, алба хашиж яваа улстөрчид Монголын төрийн дархлаа, хар хайрцаг, үнэт зүйлс, амьд архив мөнөөсөө мөн.

МАН, АН-ынхныг сонгохдоо популистууд, дуучин, бөхчин гээд элдэв өнгийн алдартнуудыг сонгоод дэмий гэдгийг өнгөрсөн жилүүд хангалттай харуулсан. Алтны компаниудыг ташраар нь дампууруулсан урт нэртэй хуулийг уул уурхай, эдийн засгийн гүнзгий мэдлэггүй бөх санаачилж батлуулсан, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн гэгддэг хоёр дахь урт гэгчийн нэртэй хуулийг популистууд гэж цоллуулдаг улстөрчид сэдэж ажил болгосон гээд яривал тэдний тарьсан балаг их. Энэ сонгуулиар ч дуучид бөхчид нэрээ дэвшүүлнэ гэдгээ зарлаад эхэлчихлээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн болох хүсэлтэй уран сайханч, бөхчингүүдээс гол хоёр нам, сонгогчдын аль аль нь болгоомжилж, татгалзмаар байна. Жинхэнэ төрийн хүнийг, төрд зүтгэж хат суусан улстөрчдийг сонгож чадвал бид хөгжинө.

Сонгогчид АН, МАН хоёроос нэр дэвшигчдийг сонгохдоо амлалт авах хэрэгтэй. Зүгээр нэг амлалт биш, хариуцлагын гэрээ байгуулж ултай, буурьтай хандах цаг нь болсон гэж бодож байна. Өнгөрсөн жилүүдэд улсаа хорлосон шигээ асуудалд хандахгүй байхыг хатуу шаардах эрх сонгогчдод байгаа. Хөгжилд хэрэгтэй төслүүдийг гацаах оролдлого хийвэл, эдийн засагт хохирол учруулахаар хуулийн төсөл санаачилж батлуулахад оролцвол гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл өндөр хариуцлагатай гэрээ байгуулж яагаад болохгүй гэж. Голлох хоёр намаас УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс монгол төрийн өмнө хатуу хариуцлага хүлээсэн гэрээнд гарын үсэг зурах үүрэгтэй. Төрд зүтгэх учраас, Монголын хөгжилд нөлөөлөх шийдвэр гаргах эрх мэдлийг атгалцах гэдэг утгаараа Хариуцлагын гэрээ байгуулахад татгалзах үндэслэл тэдэнд байхгүй.

Хамгийн гол нь энэ хоёр намаас нэр дэвшсэн хүмүүсийг л УИХ-д сонгомоор байна. Аль нь их суудал авах сонин биш, дундуур нь ямар нэг хүчин оруулахгүйгээр сонголтоо хийх л чухал болоод байна. Гуравдагч нөхдүүд завсраар нь ороод ирэхээр монголчууд хохирдгийг өнгөрсөн жилүүдийн түүх бэлхнээ гэрчилж байгаа.

Завсрын нөхөд Монгол Улсыг 20 жил хорлолоо. Тэд хорин жилд хорин засгийг унагалаа. Гуравдагчууд УИХ-д гарч ирэх бүртээ хөгжилд хэрэгтэй шийдвэр бүхэнд тээг тавьдаг. Өнөө ч тэр янзаараа тээг тавьсаар явна. Үр дүнд нь Монгол гэдэг улс хөгжсөнгүй. Том төслүүдээр жишээлье. Хөгжилд хэрэгтэй төсөл хэрэгжих гэхээр л дуу авалцан шүүмжилж, хэрэгжихийнх нь эсрэг ажилладаг хэсэг нь мөнөөх гуравдагчууд. “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэхийн эсрэг хэн дуугарч, гацаав гэсэн асуулт тавиад үзье. АН, МАН-аас бусад намынхан, бие даагчдын нэр л уншигч таны санаанд бууж байгаа байх. “Оюу толгой”-г хөдөлгөх шийдвэрт гар өргөж толгой дохисон нь харин АН, МАН-ынхан. Голлох хоёр намын эрүүлээр сэтгэдэг улстөрчдийн хүчээр хөдөлсөн Оюу толгой өнөөдөр эдийн засгийн гялтайх ганц гэрэл байна. Хятад, Америк гэлтгүй эдийн засаг хямарсан энэ өдрүүдэд дэлхийд амжилттай хэрэгжиж яваа хамгийн том уул уурхайн төсөл нь Оюу толгой болоод байгаа. “Рио тинто” хэмээх акул компани ч зэсийн төсөлдөө, “Оюу толгой”-доо найдаж зэсийн группийнхээ захирлыг ерөнхий захирлаа болгоод байна. Алтны тун давгүй нөөцтэй “Гацуурт”-ыг гацаасаар ирсэн нөхөд мөн л завсрын гэгдэх гуравдагчууд. УИХ-д АН, МАН нөлөөлөхөөр хэмжээнд байгаа учраас алтны энэ төсөл азаар хөдөлж байгаа. Удахгүй алтны олборлолт нэмэгдэж, өдрөөс өдөрт өссөөр байгаа америк долларын галзуурлыг намжаахад нэмэр болох нь тодорхой. Гуравдагчууд ураны төслүүдэд бас тун дургүй. Уг нь учир мэдэх улс ураны сайн нөөцтэй ордуудаа ашиглаад эхэлбэл эдийн засаг сэргээд ирнэ гэцгээдэг юм.

Хатуухан хэлэхэд жижиг намууд зүгээр л хоол олох гэж, тендер авахын тулд, өөрсдийгөө тэжээх гэсэн хөгийн амбицдаа хөтлөгдөж улс төрд орох гэж тэмүүлдэг.

АН, МАН-ынхныг УИХ-д сонгоё гээд байгаа нь мөн л нарийн учир утгатай. Монголд сөрөг хүчин хэрэггүй юм байна. Жижигхэн, хүн ам цөөтэй манайх улсад шиг эрх барих байгууллагад нь нэг нам дангаараа ноёрхох дэмий гэдгийг баталсан жишээ дэлхийн түүхээр дүүрэн байна. Дэлхий гэж цаашлахгүйгээр Монгол Улсын шинэхэн түүхийг шүүрдээд үзэхэд нэг нам нь засаг төрд хүч давамгайлсан жилүүдийн балагтай явдал барагдахгүй. Монголын эдийн засгийг авч яваа, цаашид ч нуруундаа үүрэх “Оюу толгой” төсөл АН, МАН хамтарч засаг барих үед хөдөлсөн. Зэс хайлуулах үйлдвэр, Таван толгойн цахилгаан станц, Хятад руу эрчим хүч экспортлох “Шивээ Энержи”, зэс молибденийн “Цагаан суварга” гэж ирээд яривал хөгжилд ташуур өгөх төслүүд АН, МАН гэсэн хоёр намын гишүүдийн дэмжлэгээр урагшилж байгаа. Ер нь хоёр том нам хамтарч засаг барьсан жилүүдэд хөгжилд хэрэгтэй зоригтой шийдвэрүүд гардаг.

Гуравдагчууд гудамжинд байхдаа элдэв гоё үг ярьж ордонд орвол улсаа хөгжүүлээд өгье гэцгээдэг. Ордонд орсон хойноо гудамжинд гараад популизм хийгээд унадаг. Өмнөх УИХ-д ч ийм байсан. Одоогийн УИХ-д суугаа хэд нь ч тэгж байна. Тэгэхээр гуравдагчид, завсрынхан, нам байгуулж бужигнасан хорь, гучтай шинэковууд жинхэнэдээ монгол төрийг засах гэж биш ард түмэнд гоё харагдах гэж элдэв амлалт, уран гоё үг урсгадаг болж таарч байна.

Б.НЯМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *