СХД-ийн оюутнууд гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажил хийнэ
Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанаас Сонгинохайрхан дүүргийн их дээд сургуулиудын оюутнуудын дунд “Хотын иргэн-Хотын соёл” болзолт уралдаан зарласан. Уралдааны нээлтийн ажиллагаа Их засаг олон улсын их сургуулийн хурлын зааланд боллоо. Нээлтэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, СХД-ийн Засаг дарга М.Чинболд, Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албаны дарга Ш.Эрдэнэтуяа, Их засаг олон улсын их сургуулийн захирал, Оюутны зөвлөлийн дарга нар, оюутнууд оролцлоо.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “21-р зуунд Монгол орныг, нийслэлийн хөгжил дэвшлийг удирдан явах хүмүүс бол оюутан залуус та бүхэн. Та бүхний нийслэлээ гэх сэтгэл, олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн үзэл бодол, өөрийн амьдарч буй орчныг сайжруулахын төлөө хэлж буй үг, хийж байгаа ажил бүхэн хамгаас илүү чухал болоод байна. Хэн нэгэн дарга шийдвэр гаргаж бусад нь тэднийг биелүүлэхийг хүлээхээс илүү иргэд олон нийт, оюутан залуус өөрсдөө санаачилга гарган амьдарч буй орчноо сайжруулдаг болох хэрэгтэй. Ардчиллыг хэрэгжүүлэх хамгийн гол зам бол бүх шатанд харилцан ойлголцдог, уялдаа холбоотой нэг хэсэг хүний эрх ашгаас илүү нийтийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг байх чухал” гэсэн юм.
Харин оюутнууд “Нийслэлийн тохижилт, бүтээн байгуулалтад өөрсдийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан оролцох гэж байгаадаа баяртай байна. Залуус бид хамгийн наад зах нь хогоо гудамжинд ил задгай хаяддаггүй соёлд суралцах хэрэгтэй. Монгол улсын иргэний хувьд оюутнууд эрхээ эдэлдэг шигээ, үүргээ ч ухамсарлан олон нийтийг уриалан дуудаж шинэ санал санаачилга гарган ажиллах болно. Хоггүй цэвэр орчинг бүрдүүлж чадвал иргэдийн үзэл бодолд эрс өөрчлөлт хийж чадна” гэдгийг хэлж байлаа. Энэхүү уралдааны хүрээнд залуус амьдрах орчноо сайжруулах шинэ санал санаачилга гаргаж, гэр хорооллын иргэдэд хандсан бодит ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.