Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Гэр бүлийн аз жаргал

Саяхан нэг ах маань хэлж байна. “Пунцагийн Бадарч гуайтай уулзлаа. Их ухаалаг сайхан хүн юм аа. Надад бүтээлийн дээжээ барихдаа “Танд гэр бүлийн аз жаргал, эрүүл энх, буян хишгийг ерөөе” гэж бичжээ. Өдий насны өндөрлөгөөс энэ хүн ямар үг бичих нь вэ гэсэн бодол тухайн агшинд төрж байсан. Хүний хорвоогийн хамгийн эрхэм зүйл гэр бүлийн аз жаргал гэдгийг Бадарч гуай мэдэрчээ” гээд ихэд тааламжтайгаар өгүүлэх нь тэр. Нээрээ л гэр бүлийн аз жаргалаас амьдралын сайхан, баяр баясгалан ундардаг билээ.

Харин тэрхүү сайхны үнэ цэнийг бид өөрсдөө ухаардаг билүү. Наад захын жишээ гэхэд, манай харцуул ажлынхаа газрын бүсгүйчүүдтэй нэг л нялуун, хий хоосон дүр эсгэсэн, уруул дэвссэн байдалтай наалинхайтна. Тэгснээ гэртээ очоод гэнэт хохилзож, ёхилзоод хүйтэн хөндий болоод ирэх нь хачирхалтай. За тэгээд нам дагаж далдганасан залууст гэргий хүүхэд ер нь бодогддог болов уу гэмээр. Хэн нэгэн дарга даамлын ар өвөрт бөхөлзөж, цүнх савыг нь барьж бүтэн шөнийн турш өмхийртлөө архидан, эцэс төгсгөлгүй үзэл бодлын маргаан өрнүүлж, баахан эх орончид царайлж, албан тушаалын хэнээрхэл нь багтаж ядсан тийм л дүр зураг харагдах нь бий.

“Лэнсий” байдлаар эхэлсэн амьдрал үнэ цэнээ алдах талтай. Өнөөгийн нийгмийн өнгө төрх ийм л байдалтай болж дээ, янз нь. Бүгд амар хялбараар мөнгө олохыг боддог, албан тушаалын үзүүрээс зуурч байж сайн сайхан амьдрах юм шиг итгэцгээдэг. Өдөр тутмынхаа ажилд чин сэтгэлээ зориулдаг хүн л өргөө гэрийнхээ сайн сайхныг бий болгодог бус уу.

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *