Хятадын эрдэмтэн Хэ Жианкуй 2018 онд дэлхийн анхны генийн өөрчлөлттэй хүүхдүүдийн талаар зарлаж байв. Тус ихэр хүүхдийн талаарх мэдээлэл олон улсын хамтын нийгэмлэгээс ихээхэн шүүмжлэл хүртсэн. Эрдэмтэн Хэ Жианкуй энэ хэргийнхээ төлөө гурван жил шоронд хоригдоод, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард суллагдсан юм. Түүнийг хувийн алдар нэр, ашиг хонжоо олох зорилгоор биоанагаах ухааны хуулийг санаатайгаар зөрчсөн хэрэгт буруутгаж байв. Хүүхдүүдийн эцэг ХДХВ-ийн халдвартай байсан тул гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлтэйгөөр хүүхдүүдийн генийг өөрчилсөн байна.
Тэгвэл дээрх хүүхдүүд өдгөө хэрхэн амьдарч буй талаарх мэдээллийг Хэ Жианкуй хүргэлээ. Хүүхдүүд одоо дөрвөн настай. “Тэд хэвийн, тайван амьдралаар амьдарч байгаа. Энэ бол тэдний хүсэл. Бид тэднийг хүндэтгэх ёстой. Хүүхэд болон тэдний гэр бүлийн аз жаргал хамгийн түрүүнд байх ёстой. Шинжлэх ухааны судалгаагаар тэдэнд саад учруулахгүй” гэж эрдэмтэн хэлэв. Мөн хүүхдүүдийн үлдсэн амьдралын туршид эмнэлгийн хяналтад байлгахаа амлажээ.
Лулу, Нана нэртэй ихэр хүүхэд “CCR5” гэх ховор генийн өөрчлөлттэй төрсөн. Энэ нь тэднийг ХДХВ-ийн эсрэг дархлаатай болгожээ. Хүүхдүүдийн ДНХ-ийн дарааллыг өөрчилж, генийн үйл ажиллагааг өөрчилсөн.
Хэ Жианкуй нь Шэньжэн хот дахь Өмнөдийн шинжлэх ухаан технологийн их сургуульд профессороор ажилладаг байсан. Тэрбээр дээрх хэрэгтэй холбоотойгоор ажлаасаа халагджээ. Гэхдээ энэ жил хэд хэдэн их сургуулиар зочилж, яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.