Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид гол усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хуудсыг туул голын эрэг орчмоор амарч буй иргэдэд өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж ажиллаж байгаа гэнэ.
Өнгөрсөн онд зөвхөн наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11- 13-ны өдрийг хүртэл нийт 9 хүн усанд осолдсон байна. Үүнээс нийслэлд 4, орон нутагт 5 хүн болгоомжгүй байдлаар эндсэн аж. Иймээс иргэдийг амралтын өдрүүдэд гол усны ойролцоо аялаж, зугаалахдаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөж осол, эндэгдэлгүй байхыг санууллаа.
Ийнхүү иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор цагдаагийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд машинт, морьт, дугуйт, нохойт, завьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа гэв.
Б.УРНАА