Газрын тос экспортлогч орнуудын байгууллага “ОПЕК” болон түүний холбоотнууд, дэлхийн зах зээл дэх ханшийн хэлбэлзэл, Омикрон вирусний нөлөөллөөс үүдэн ирэх оны нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх ОПЕК-ийн хуралдаан хоёр дахь хоногтоо үргэлжилнэ. Тус хуралдаанаар ОХУ гэх мэт холбоотон орнуудтайгаа зөвшилцөж шийдвэрээ гаргах аж. ОПЕК-ийн хуралдаан нь коронавирусний Омикрон хувилбарын тархалт нь дэлхийн зах зээлд одоо үүсээд байгаа газрын тосны эрэлтийг сулруулж болзошгүй гэж эгзэгтэй үе таарч байна.
Тиймээс эдийн засгийн шинжээчид, мэргэжилтнүүд ирэх онд дэлхийн зах зээл дэх газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх шийдвэр гарах уу, эсвэл буурах шийдвэр гарах уу гэдэг дээр анхаарлаа хандуулж, олон таамаглалыг дэвшүүлж байгаа. Газрын тосны үнэ баррель нь өнгөрсөн 10 дугаар сард 86 долларт хүрч дээд амжилт тогтоож байсан бол Омикрон хувилбар гарсны дараа нэг баррель нь 70 ам.доллар болтлоо огцом буурсан юм. Коронавирусний шинэ хувилбарын дуулианаар газрын тосны үнэ буурч, даваа гарагт өсөөд мягмар гарагт эргээд буурах гэх мэт хэлбэлзэж байгаа тул ирэх оны хэтийн төлөвийг бүрхэг болгож байгаа юм. Brent 16.4 хувиар буурсан бол WTI 20.8 хувиар буурсан нь 2020 оны 3 дугаар сараас хойших хамгийн их унасан үзүүлэлт болоод байна.
Райстад Энэржи-ийн газрын тосны зах зээлийн ахлах шинжээч Луиза Диксон мэдэгдэхдээ, шинэ хувилбар нь “Газрын тосны эрэлтэд аюул учруулж байна. Ирэх 2022 оны эхний улиралд дэлхийн газрын тосны эрэлтийг өдөрт 3 сая баррель хүртэл бууруулж болзошгүй юм гэж дүгнэлээ. Мөн зарим шинжээчид ОПЕК+ ирэх оны 1 дүгээр сараас өдөрт олборлох хэмжээгээ 400 мянган баррелиар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө түр зогсоож магадгүй гэж таамаглаж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ тэргүүтэй эдийн засгаар тэргүүлэгч орнууд эрчим хүч, шатахууны үнийг бууруулахын тулд үндэсний нөөцөөсөө зах зээлд гаргаж дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийн үр нөлөөг Опек дүгнэж байж шийдвэрээ гаргах төлөвтэй байгаа аж.
ОПЕК+ өнгөрсөн онд цар тахлын улмаас багассан эрэлтийн улмаас өдөрт олборлох 10 сая баррелийг 3.8 сая баррель болгож бууруулсан хэвээр байна. Арваннэгдүгээр сард ОПЕК-ийн газрын тосны гарц нэмэгдсэн нь холбоотнуудтайгаа тохиролцсоны дагуу байсан гэж Ройтерс агентлагийн судалгаагаар тогтоожээ.
Хэрвээ ОПЕК-ийн орнууд нийлүүлэлтээ бууруулах шийдвэр гаргавал, цар тахалтай дасан зохицож амьдрахаар эргээд бүх үйлдвэрлэлээ сэргээж байгаа хотуудын хувьд шатахууны үнэ өсөх, үүнийгээ дагаад бүх бараа бүтээгдэхүүн болоод эрчим хүчний үнэ өсөх хандлага ажиглагдаж байна гэж шинжээчид үзэж байгаа аж. Опекийн хурал Омикроны тархалт яг давхцсан энэ үед ямар шийдвэр гарах нь хүлээлт үүсгэж байна.