Засгийн газраас зарласан тариалангийн бүсэд долоон аймгийн 113 багийн нутаг хамрагдсан. Эдгээрээс Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн зарим сумдын нутгаар явж, Засгийн газрын шийдвэр тариаланчдад ямар ач холбогдолтой, үр өгөөжтэй байгаа талаар сурвалжиллаа. Бидний очсон эхний газар бол Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч Г.Мөнхсайханы тариалангийн талбай байв. Эднийх энэ жил 1200 га талбайд тариалан эрхэлж байгаа юм. Өнгөрсөн жил 300 орчим сая төгрөгийн тариалалт хийсэн боловч газрын чийг бага, хур бороо ороогүйн улмаас олигтой ургац авч чадаагүй байна. Харин энэ жил мөн л дээрх хэмжээний хөрөнгөөр тариалалт хийж байгаа. Одоо хур орж, газрын чийг сайн байвал санаа зовох зүйлгүй гэлээ.
БҮС НУТГИЙГ ТОГТООСНООР МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН ХООРОНД ҮҮСДЭГ ЗӨРЧИЛ БУУРНА ГЭВ
Тэрээр “Тариаланч бид Засгийн газрын энэхүү шийдвэр бидэнд үнэхээр хур бороо шиг дутагдаж байсан. Хаврын тариалалт ерөнхийдөө дуусчихсан. Малчид өвөлжөөнөөсөө нүүгээгүй байгаа нь асуудал болоод байна. Учир нь хэдхэн хоногийн дараа бидний тариалсан улаанбуудай соёолж эхэлнэ. Айлууд өвөлжөөнөөсөө нүүгээгүй болохоор энэ үеэр тариалангийн талбай руу мал орох эрсдэл өндөр байдаг. Сөөм цухуйчихсан тариаг идэхгүй мал гэж байхгүй шүү дээ. Харин бүс нутаг зарласантай холбоотойгоор малчид тавдугаар сарын 1-нээс өмнө өвөлжөөнөөсөө нүүчихвэл тариаланчдад ямар ч зовлон учрахгүй юм. Өнгөрсөн жил огт ургац авч чадаагүй. Харин энэ жил технологио өөрчилж, мөн газар тариалангийн бүс нутагт багтсан болохоор өнгөрсөн жилийнхээ алдагдлыг нөхнө гэж зорьж байгаа” гэв. Угтаалцайдам сум өнөө жил 11 мянган га талбайгаас ургац хураах тооцооллыг хийсэн байна. Тус суманд 36 мянган тоннын багтаамжтай эливатор ажиллаж байгаа нь Төв аймгийн тариаланчдад том дэмжлэг болдог аж. Өнгөрсөн жил найман мянган га талбайгаас авах ургацаа алдсан Угтаалцайдам сум өнөө жил алдагдлаа нөхөж ажиллахаар төлөвлөж байгаа талаар тариаланчид нь ярьж байв. Энэ талаар тус сумын тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарын эрхлэгч Г.Пүрэвсүрэн “Хаврын тариалалт тавдугаар сарын 2-ноос эхэлсэн. Одоогоор 70 орчим хувьтай тариалалт явагдаж байна. Өмнөх жилүүдээс энэ жил хөрсний чийг сайн байна. Гэхдээ сүүлийн хэдэн хоног залгаа бүс нутгаар хур бороо орохгүй, хуурайшилттай байгаа учраас газрын чийг багасаж байна. Газар тариалангийн бүс нутгийг тогтоож өгсөнд тариаланчид ам сайтай байгаа. Ингэж бүс нутаг болгосон нь ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр, угсааг сайжруулах, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Мөн малчид, тариаланчдын хооронд үүсдэг зөрчлийг буруулж, хоёр биенээ түшсэн, дэмжсэн харилцаа бий болгоход ач холбогдолтой үзүүлнэ гэж харж байгаа” гэв. Төв аймгийн Угтаалцайдам сумаас хойшоо 200 орчим километр явж Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын газар тариалангийн бүс нутагт очлоо. Улсын үр тарианы 45 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570 гаруй мянган малтай аймаг юм. Бидний очих үеэр тус аймгаас нийт сум, багуудад малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийгдэж байлаа.
Б.Батзориг: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ ХӨГЖЛИЙН ШИНЭ ЖАРАН ЭХЭЛЖ БАЙНА
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой ярилцлаа.
-Газар тариалангийн бүс нутгийг зарлаж тогтоох цаг хугацааны зайлшгүй шаардлага яг энэ цаг мөчид байв уу?
-Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувьд газар тариалан эрхлэх боломжтой үржил шим бүхий хөрс бий. 0,5 хувь буюу нэг сая 50 мянган га талбайн үржил шим 60 орчим хувиар буурсан байна. Арваадхан жилийн дараа бид тариа ногоогоо тарих хөрсгүй болох гээд байна. Энэ гурван сая хүнээ хоол, хүнстэй, ажилтай, орлоготой байлгах нь миний хариуцаж байгаа ажилтай холбоотой гэж би үргэлж боддог. Цаашид ч ийм шийдвэрүүд гаргана.
-Бэлчээрийн мал аж ахуй бүс нутгаас гарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна гэж ойлголоо. Энэ бүс нутагт ер нь хичнээн мал, малчин өрх байдаг вэ?
-Бас шууд тэгж ойлгох нь өрөөсгөл. Малчдад эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, өөрөөр хэлбэл, өндөр ашиг шимтэй мал аж ахуй эрхлэх боломж бий болж байгаагаараа давуу тал гэж харах хэрэгтэй. Цаашдаа тариалангийн бүс нутгийг зарласнаар тухайн бүс нутагт бэлчээрийн буюу уламжлалт мал аж ахуй эрхлэх боломжгүй болж байгаа нь үнэн. Гэхдээ тухайн сум орон нутгийн түвшинд газар зохион байгуулалтаа хийж, бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоож, худаг ус болон дэд бүтцийг шийдвэрлэх замаар тодорхой үе шаттайгаар уламжлалт мал аж ахуй эрхэлдэг малчдыг шилжүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Энэ бүс нутгуудад бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн,1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад малын тоо толгой Сэлэнгэ аймагт гурав дахин, Төв аймагт 2.7 дахин өссөн байх жишээтэй. 2017 оны байдлаар Сэлэнгэ аймагт 4680 малчин өрх, 9540 малтай өрх, Дархан-Уул аймаг 1370 малчин өрх, 2530 малтай өрхтэй байна гэсэн статистик мэдээлэл байна. Бэлчээрийн мал аж ахуйтай газар нутагт газар тариалангийн технологийг мөрдөх ямар ч боломжгүй байгаа нь салбарын хөгжилд ихээхэн нөлөөлж байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.
-Малчдад ямар нэгэн дэмжлэг үзүүлэх үү?
-Тариалангийн тухай хуулиар Тариалангийн талбай дотор барьсан өвөлжөө, хаваржааг тухайн сум орон нутаг дотроо нүүлгэн шилжүүлэхэд гарах тээврийн нэг удаагийн зардлыг тариалангийн аж ахуйн нэгж хариуцахаар тусгагдсан байгаа. Түүнчлэн тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын үүлдэр угсааг сайжруулахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа.
-Хэрвээ газар тариалангийн бүс нутгаас малчид гарахгүй гэвэл хүлээлгэх хариуцлага бий юу?
-Тариалангийн тухай хуулиар Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно. Нүүн шилжих мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Хуулийн эдгээр заалтыг зөрчвөл зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.
-Эрчимжсэн мал аж ахуй эрхэлье гэж шийдсэн тариалангийн бүс нутагт амьдарч буй малчдад төрөөс дэмжлэг үзүүлэх үү?
-Тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын үүлдэр угсаагаа сайжруулж ашиг шимийг нь нэмэгдүүлэхээр саналтай малчдад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байгаа. Үүнд сүүний болон махны хэвийн үхэр өсгөх, фермерийн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
-Газар тариалангийн бүс нутаг зарлаж байгаа нь үндсэн хуулийн тодорхой заалт зөрчиж байна гэж зарим хүмүүс үзэж байгаа. Тухайлбал 16 дугаар зүйлийн 18-д заасанчлан амьдрах газраа өөрөө сонгох эрхийг зөрчиж буй юм биш үү?
-Тариалангийн бүс нутаг, бэлчээрийн мал аж ахуй болон эрчимжсэн мал аж ахуй зэрэг нь үйлдвэрлэлийн хэрэгсэл бөгөөд төрөөс үйлдвэрлэлийн хэрэгслийн байршлыг зааж өгч байгаа болохоос биш, малчдын амьдрах газрыг зааж байгаа хэрэг биш юм. Тиймээс тариаланчид нь тариалангийн бүс нутаг болох талбайгаа дагаж, малчид нь бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйгаа дагаж амьдрах зүй тогтол үйлчилж байна гэж ойлгох хэрэгтэй.