Categories
мэдээ цаг-үе

“Гарьд манлай” эмнэлгийн ерөнхий эмч З.Цэгмид: Манайхан гэр бүлээрээ эмч хүмүүс

“Гарьд манлай” эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, клиникийн профессор, мэс засалч, эрэгтэйчүүдийн эмч З.Цэгмидтэй ярилцлаа.


-“Гарьд манлай” эмнэлэг байгуулагдаад 20 жил болжээ. Таныг ч улсууд мэдэх болж. Энэ хугацаанд хичнээн хүнд эмчилгээ үйлчилгээ хүргэсэн бол?

-Яг тоолж үзээгүй юм байна. Өдөрт 20-30 хүн ирдэг гээд бодохоор жилд дунджаар 8000 хүн. Тэгэхээр хорин жилд багагүй тоо гарах нь мэдээж.

-Төрсөн нутаг, төрүүлж өсгөсөн аав ээжийнхээ тухай дурсахгүй юу. Бага насаа хаана өнгөрөөв дөө. Аав ээжээсээ олуулаа юу?

-Би чинь Завхан аймгийн Сонгино суманд бүр гэртээ төрсөн хүн. Аав ээжээсээ долуулаа, би дундах нь. Намайг таван настай байхад манайх хотод орж ирсэн. Аав ээж минь биднийг хүн болгох гэж мөн ч зүтгэсэн улс даа. Би санадаг юм, бид олуулаа учир ээж маань талхан дээр масло түрхээд элсэн сахар цацаад өглөөний цайнд гэж хоёр ээлжээр оруулдаг байж билээ. Хожим нь би ажил төрөлтэй болчихоод “улаан лада” худалдаж авлаа. Тэрүүгээрээ халтуур хийж хэдэн төгрөгтэй болчихоод хамгийн түрүүнд ээждээ олсон хэдээ аваачиж тушаана. Орой нь сайхан хоол иднэ дээ гээд хүрээд ирэхэд юу ч үгүй л сууж байна. “Ээж ээ, миний өгсөн мөнгөөр юу хийчих вэ” гэхэд “Ганданд аваачаад тушаачихсаан” гээд жишим ч үгүй сууж байдаг сан. Одоо бодоход үр хүүхэд биднийхээ л төлөө буян хурааж байсан хэрэг гэж боддог. Манайхаар хүн амьтан их ирнэ. Олон бужигнасан орчинд л өссөн хүн дээ.

-АУДС-ийг төгссөн монтажаас харахад эрчүүд голдуу байгаа нь их сонин санагдсан. Ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан үеэ дурсвал?

-АУДС-ийг 1988 онд төгссөн. Цэргийн эмчилгээний ангид орсон юм.

Налайхын цэргийн ангиас эхэлж тэндээсээ Эрдэнэт рүү яваад 1989 онд мэс заслын мэргэжлээр нарийсан бэлтгэгдэж цэргээсээ халагдсан хүн.

-Зах зээлийн шилжилтийн их шуургыг яаж давав даа. Таныг нэг үе ардын эмчилгээ дагнан Польш улсад ажилласан гэж сонссон юм байна.

Энэ эмнэлгийг байгуулах санаа 1991 онд Польшид жил гаруй ажиллахад төрсөн.

-Эмэгтэйчүүдийн эмнэлэг өнөөдөр энд тэндгүй л байна. “Гарьд манлай” эмнэлэг бол манай улсад байгуулагдсан эрчүүдэд зориулсан үйлчилгээ явуулдаг анхны хувийн эмнэлэг байх шүү. Эхний он жилүүдэд мэдээж хөрөнгө мөнгөнөөс эхлээд багагүй бэрхшээлийг даван туулсан байх. Эмнэлгийнхээ үйлчлэх хүрээ, хүчин чадлын талаар тодруулбал?

-Хувийн эмнэлэг эхлэхэд эхэндээ хүндрэл их байлаа. Хэд хэдэн удаа хаалгаж ч үзэв. Манай эмнэлэгт өнөөдөр 43 хүн ажиллаж байна. Тэдний 12 нь нарийн мэргэжлийн эмч нар. Орчин үеийн тоноглолтой лабораторид олон төрлийн шинжилгээ хийж байна.Жишээ нь, эрчүүдийн далд өвчнийг илрүүлэх 11 төрлийн шинжилгээ хийж байгаа. Хэвтэн эмчлүүлэх тасагтаа сахарын өвчин, зүрх судас, дотор, мэдрэл, шээс хаагдалт, арьс, мөөгөнцөр зэрэг өвчнийг эмчилж байна

-Хоёулаа одоо улс орны асуудал руу оръё. Эрэгтэйчүүдийн хувьд өнөөгийн нийгэмд тулгарч буй хамгийн эмзэг асуудлуудыг хөндвөл хавтгайрсан архидалт газар авлаа. Үүний араасаа дагуулдаг хурц асуудлуудын нэг бол залуучуудын хувьд бэлгийн замын халдварт өвчин байдгийг хүн болгон мэднэ. Энэхүү тархалтын талаар танд мэдээж статистик судалгаа ажиглалт, дүгнэлт байдаг байх. Энэ тухай тодруулбал?

-Бэлгийн замын халдварт өвчний тархалт газар авч байна. Нуугаад байх юу байхав, ялангуяа тэмбүү. 1998 онд биднийг анагаах төгсөж байхад тэмбүүтэй хүн олох гэж зовдог байлаа. Одоо бол захаас аваад харж болно. Тэмбүү нь ДОХ-той адил биш, зөв эмчилбэл түргэн эдгэдэг өвчин. Тэмбүүтэй хүн халдвар авснаа мэддэггүй, гол нь түүнийгээ нуугаад байдагт л аюул байна. Өнгөрсөн зууны 60-аад оны үед Бал даргын өрнүүлсэн их соёлын хувьсгалын үеэр Оросын экспедицийг урин авчирч орон даяар үзлэг эмчилгээ хийгдсэний ачаар энэ өвчнөөс салсан байдаг. Энэ тухай ардын уран зохиолч Б.Догмид гуайн “Улаан тарианы хүүхнүүд” өгүүллэгт нүдэнд харагдтал бичсэн байдаг шүү дээ. Муу ёрлож байгаа юм шиг 2008 онд Хонгор сумынхан сумаараа тэмбүү өвчтэй байгаа талаар ЭМЯ цуурхаж, орон даяар баахан шуугьцгаасан даа. Өнөөдөр энэ өвчний талаар ний нуугүй ярихаасаа дээр дооргүй эмээгээд байх шиг байна. Муу нуухаар сайн илчил гэдэг биз дээ. Улс орон даяар зохион байгуулалттайгаар бүх хүмүүсийг үзлэгт хамруулж, энэ өвчний тархалтыг зогсоох цаг нь болчихоод байна. Надтай санал нийлэх мэргэжлийн хүмүүс олон байгаа гэдэгт би эргэлзэхгүй байгаа шүү.

-Хижээлдүү насны эрчүүдийн хувьд танай эмнэлэгт ханддаг асуудлууд олон байдаг байх. Бэлгийн сулрал, үргүйдэл, түрүү булчирхай гээд.. Энэ талаар?

-Эрчүүдийн сэтгэл зүйн асуудал өнөөдөр их чухал байна. Эрчүүд тэр болгон хүнтэй сэтгэлээ нээдэггүй түгжигдмэл улс. Архинд донтсонтой биш, сэтгэл санааны гутралд орсон хүн цөөнгүй таарч байна. Эрчүүдийг байнга хайрлаж дутагдлыг нь өршөөж байх ёстой. Архины зохистой хэрэглээ байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнээс үүдсэн олон асуудал байна. Эрчүүдийн бэлгийн сулралын хувьд шат дараалсан олон төрлийн эмчилгээ байдаг. 90 хүртлээ эр хүн чадавхтай байх учиртай. Үүнийг шинжлэх ухаан баталсан. Энэ талын мэдээлэл мэдлэгийг ард түмэнд системтэй хүргэх шаардлага бий.

-Ер нь сүүлийн үед эрчүүдийн эмчилгээний хувьд шинжлэх ухаанд сонин сонин зүйлүүд их сонсогдох боллоо. Тэр болгон хүмүүст хүрэхгүй юм.

-Эрчүүдэд дэлхий нийтээрээ хийдэг хөвч таслах хагалгааг бид хийж байна. Энэ хагалгаа нь өсвөр насныхны эр бэлэг эрхтний хөгжилд сайн нөлөөтэй.Насанд хүрэгчдэд бэлгийн ариун цэвэрт нь онцгой ач холбогдолтой, мөн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл болж өгдөг юм. Манай эмнэлэг мөн эрчүүдийн хурдан дур тавилтын эсрэг мэс заслын аргаар мэдрэл таслах эмчилгээ хийж байгаа. Энэ нь дэлхийн анагаах ухаанд 98 хувийн үр дүнтэй байна. Бид эр бэлгийн эрхтэн томруулах хагалгааг хийж байна. Мөн бэлэг эрхтэнд шахсан гадны биетийг авах хагалгааг /төмөр, шайриг, хуванцар эд, вазелин, нүдний гель гэх мэт хийж байна.

Эрчүүдэд тохиолддог нэг гол асуудал бол эрт насны бэлгийн сулрал. Энэ нь сэтгэл санааны болон бусад өвчлөлөөс үүдэлтэй байдаг. /Даралт, сахарын өвчин, стресс гэх мэт./ Манай эмнэлэг үүнийг эмчилж зохих үр дүнд хүрч байгаа.

-Таны ажлын ачаалал багагүй байдаг нь ойлгомжтой. Амралт чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ. Ан гөрөө, загас жараахай сонирхдог уу. Хотын энэ их утаанд хүн амьдрахын аргагүй боллоо шүү.

-Манайх “Зуун мод”-нд зуслантай. Би таны яриад байгаа шиг ан араатан, загас жараахайнаас чинь хол байдаг хүн. Тэндээ би өвөл, зунгүй байдаг. Хашаагаа ногооруулах гэж үзэж тарна аа. Янзан бүрийн 100 гаруй мод бут тарьсан. Зүлэгжилтээ ч гайгүй хийсэн. Чөлөөт цагаараа энэ хэдтэйгээ л ноцолддог.

-Гэр бүлийнхээ талаар ярих уу?

-Эхнэр маань геологийн мэргэжилтэй ПДС-ийг төгссөн. Хүүхдүүдийн маань том нь эмч мэргэжилтэй,хятад хэлтэй. Хоёр бэр маань хоёулаа эмч. Ер нь манай гэр бүл бүгдээрээ эмч хүмүүс.

-Эцэст нь эрчүүддээ хандаж юу зөвлөмөөр байна?

-Танд аливаа асуудал учирсан бол битгий нуух гэж оролдоорой. Байдал хүндрэхээс нь өмнө мэргэжлийн эмч нарт хандаарай. Манайд нарийн мэргэжлийн сэтгэл зүйч хүн ч бий. Аливаа асуудал тулгарах үед бие рүүгээ утсаар ярьж зөвлөгөө авах ч юм уу, цахим мэдээлэл рүү орж элдэв эмчилгээ хийх гэж оролдоод хэрэггүй шүү. Ингэвэл өвчин улам хүндрэх аюултайг анхаараарай.

Ш.ПҮРЭВСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *