Categories
мэдээ нийгэм

Гар аргаар алт олборлож байсан хоёр хүн амиа алджээ

Гар аргаар алт олборлож байсан хоёр хүн амиа алджээ. Энэ хэрэг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэдэг газарт болжээ. Ухаж байсан нүхний ханаар хажуу талынх нь хиймэл нуурын ус нэвчин орж ирж, цооногийг усаар дүүргэжээ.

Талийгаач 26 настай Э, 28 настай Т нь Орхон багийн харьяат байжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 гаруй албан хаагч тэдний цогцсыг гаргахаар ажиллаж байгаа аж. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатараас тодруулахад “Орхон багт гар аргаар алт олборлодог хүн олон бий. Үүнийг дагаад алт угаах хиймэл нуур ихтэй. Талийгаач нар долоон метр гүн, таван метр өргөн нүх ухсан байсан.

Гэтэл ухсан нүхний хананаас хиймэл нуурын ус олгойдож, дүүргэсэн юм билээ. Манай аврагчид тэрхүү хамгаалалтгүй нарийн цооногийн бохир усыг шавхаж байна. Цооногийн гүнд хад чулуу нурсан байж болзошгүй учраас аврагчид доош ороогүй. Эхлээд нуурын мөсийг хагалж, усыг нь шавхсаны эцэст л цогцсуудыг гаргах боломжтой” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *