Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Галиг

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Монгол бичгийн дүрмийг XIV зууны эхээр Чойжи-Одсэр зохиосноос хойш долоон зууны турш тогтвортой хэрэглэгдсээр иржээ. Түүнийг ихэнх сурвалжид уйгар хүн байсан гэдэг авч тэрээр төвд, монгол, хятад, түрэг хэлэнд гаргууд нэгэн байсан бололтой. Тухайн үед дэлхийг эзэлсэн монголчуудын хэлэнд шинэ шинэ ухагдахуун орж ирсэнтэйгээр холбогдон гадаад хэлний зээлдмэл үг олноор нэвтэрсэн байна. Иймээс Чойжи-Одсэр эдгээрийг монгол аялга руу галиглалгүйгээр цаад хэлнийх нь дүрмээр бичихээр тогтжээ. Чухам үүнээс болоод харь гаралтай маш олон үг монгол бичгийн дүрмэнд захирагддаггүй, аман аялгаас сондгой бичигддэг. Гол- гоол, шулмас – шимнасу, очир – важир гэх мэт. Санасныг бодвол ийм дүрмийн бус бичлэг маш их, үүнийг зөвхөн тогтоох хэрэгтэй болдог. Одоогийнхоор зүйрлэх юм бол англи хэлэнд ярьдагаасаа шал өөрөөр бичдэг маш олон үг байдагтай дүйцүүлэн ойлгож болно. Сайн тал нь хомонамэ гэгддэг ижил дуудлагатай өөр утгатай үгийг өөр өөрөөр бичих аж. Хадаасны ТАВ, тав тухын ТАВ, тавын тооны ТАВ өөр өөрөөр бичигдэх аж. “Тав алдсан нь” гэсэн өгүүлбэр өнөөгийн кирилл бичгээр “тав дахин алдсан” юм уу, “тав тух алдсан” юм уу нь ялгагддаггүй. Мөн “анги” ба “ан” гэсэн үгс дээр харьяалахын тийн ялгал нэмэхээр адилхан “ангийн” гэж бичигдэнэ. Иймэрхүү жишээ маш олон.

Монгол хэлэнд анхны галиг үсгийг Чойжи-Одсэрээс өмнө Пагва лам зохиожээ. Түүний санаачилсан дөрвөлжин үсэг нь гагцхүү монгол хэлний төдийгүй олон хэлний дундын галиг үсэг байсан юм. Үй олон үндэстнийг нэгтгэсэн Их Монгол Улсад нэгдсэн галиг хэрэгтэй байснаас энэтхэг-төвд үсгийн зарчмаар нийтлэг галиг зохиосон нь энэ аж. Өөр өөр хэлтнүүд байтугай ханзаар буюу дүрс үсгээр бичдэг хятадууд хүртэл нэг утгыг өөр өөр ханзаар дураараа тэмдэглэчихдэг байсан учир бичиг захидалд нөгөөдөх нь ойлгомжгүй, эсвэл өөр утга агуулдаг бэрхшээл их гардаг байсан гэнэ. Энэ нь үлгэрлэвээс өнөөдөр дэлхий нийтээр дундаа латин гэсэн нэг галиг үсэгтэй болсонтой ижил юм. Бүр тодорхой хэлбэл компьютерийн юникод гэсэн үг. Солонгос хэлээр дөрвөлжин үсгээр бичсэн олон захидал өнөөдөр ч олдсоор. Судлаачдын нотолж буйгаар Сэчон хааны захиалгаар зохиогдсон өнөөгийн солонгос бичиг нь чухам дөрвөлжин үсгээс санаа авсан гэх. Дөрвөлжин үсгийг холбохдоо энэтхэг-төвд маягаар хөндлөн биш, монгол бичгийг дуурайж дээрээс доош бичдэг байжээ. Ерөөс уйгарууд согдоос бичиг авсныхаа дараа хятадуудыг дуурайж дээрээс доош бичдэг болсон нь монгол уйгаржин бичигт уламжлагдсан гэдэг. Юань улсын дараа гарч ирсэн Мин улс Монголтой холбоотой болгоныг үгүйсгэсэн учир дөрвөлжин бичгийг цаашид хэрэглэхээ больсон юм.

Өнөөгийн уйгаржин монгол бичигт зориулсан латин-герег хольсон галигийг XIX зууны үед гадаадын монголч эрдэмтэд зохиожээ. Зарим тэмдэглэгээ нь ерөөс цоо шинээр зохиосон дүрс. Энэ нь монгол бичиг сурахад дөхөм болдог. Өнөөдөр дэлхийн бараг бүх төрлийн бичиг өөрийн латин галигтай, тэрэндээ таарсан тусгай дүрэмтэй болжээ. Үүнийг латин бус үсэгтэй хэлэнд хэрэглэнэ. Орос, хинди, хятад, япон, армян, гүрж, араб, герег, тай, солонгос гээд олон хэл латин бус үсэг хэрэглэдэг учир үүнийг нийтлэг үсэг болох латин хэрэглэн унших шаардлага гардаг. Гэхдээ тэмдэгт болгон бүх хэлэнд ижил дуудагдана гэсэн үг биш. Тухайлбал, “Q” тэмдэглэгээг хятад галигт “ч” гэж унших бол арабаар “кх” (хоолойн К гэх юмуу даа) гэнэ. “Х” тэмдэглэгээг хятад галигаар “Ш” “С” хоёрын дундуур маягтай хэлдэг аж. Кирилл үсэгтэй болгар, сэрби, украин хэлнүүд өөрийн дүрэм бүхий албан ёсны латин галигтай болсон. Хэдэн жилийн өмнө нэлээд хоцорч байж орос хэлний латин галигийн дүрэм батлагдлаа.

Тавиад оны үед кирилл бичигт шилжсэн өнөөгийн кирилл монгол бичиг өөрийн дүрэм бүхий латин галиггүй явсаар өдий хүрлээ. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн латин галиггүй учир зөвхөн Чингис хааны нэрийг Chingis, Ch­inggis, Genghis, Chinghis, Chengis, Jengis… гэх мэтээр арваад янзаар галиглаж байна. Монголд компьютер нэвтэрч байх үед маш олон янзын кирилл үсгийн код хэрэглэж байсныг 1996 онд Засгийн газрын тогтоолоор “оргилтек” хувилбарыг сонгон нэгдсэн кодтой болсон билээ. Гэтэл мөн тэр үеэс нэгдсэн дүрэмтэй латин галигтай болох гэсэн хорин хэдэн жилийн оролдлого бүтэхгүй явсаар өдий хүрчээ. Энэ бүтэлгүйтэл үргэлж хэл шинжээчид дээр ирээд зогсдог. Тэд Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг шинэчлэнэ гэх мэтээр хадуураад давхичихдаг. Уг нь галигчилах нь хэл шинжээчдэд огт хамаагүй асуудал, байгаа дүрмийнхээ дагуу латин үсэг орлуулан нэгдсэн шийдэлд хүрэх гэж байгаа болохоор ердөө л айтигийнхний санаачилга, Засгийн газрын тогтоол байхад л болоод явчих учиртай юм.

Монгол бичгийг галигжуулах оролдлого түүхийн турш нэлээд хэдэн удаа санаачлагджээ. Дээр хэлснээр дөрвөлжин үсэг нь магадгүй дэлхийн анхны галигчлал ч байж магадгүй. Төвдийн шашин хүчтэй орж ирснээр төвд, самгард хэлний үгс, утга санаа нэвтэрч, тэрэнд нь тохируулж үсгээ галигчлах шаардлага гарчээ. Ингээд XVI зуунд Аюуш гүүш галиг санаачилж, нэлээд үсэг шинээр зохиожээ. Монгол хэлтэн “лха” гэж хэлж чадна. Энэ нь “лХа”, “ла” хоёроос өөрөөр дуудагдана. Гэтэл энэтхэг төвдийн “дха”. ”тха”, “рха” гэх мэтийн авиаг дуудаж чадахгүй. Иймээс дхарма-дарма, бодхи – бодь гэж хэлдэг. Энэ нь жишээ нь англи хэлний “th” авиа монгол хэлэнд байдаггүй учир кирилл үсэгт “с”, эсвэл ”т” гэж тэмдэглэдэгтэй төстэй юм. Буддагийн нэрийг Сиддхарта гэж бичээд байдаг. Үүнийг уншихаар СиддХарта болчихдог. Уг нь монгол аялгаар Сиддарта л даа. Үүнтэй тун төстэй жишээ бол Пхеньян хотын нэр. Орос тэмдэглэгээгээр “пх” нь “п” авиагаа их зөөлрүүлж дуудна гэсэн санаа. Манай хэлээр “п” бол “пэ”, ямар ч хатуу зөөлөн гэж байхгүй. Хойд Солонгосын нийслэл Пэньянь болохоос “пХэнян” биш.

Бас нэг галигчлал бол Намхайжанцангийн санаачилсан тод үсэг юм. Энэ нь бичгийг ярианы хэлэнд дөхүүлсэн хэрэг. Уйгаржин монгол бичиг нь ердөө 14 тэмдэгттэй, олон авиа ижил бичигддэг учир тэрээр үүнийг тодотгон ялгамжилжээ. Бичиг төдийлөн дэлгэрч чадаагүй ч Халимагт болон ялангуяа торгууд ястны дунд нэлээд тархан бичиг номд хэрэглэж байв. Үүнтэй төстэй нэг оролдлогыг буриад лам Агваандорж 1905 онд санаачилжээ. Үүнийг вагиндра үсэг гэж нэрлэдэг нь өөрийнх нь Агваан нэрийн самгард орчуулга юм. Гол нь орос үгийг галигчлахад чиглэсэн энэ санаачилга өөрөөс нь цааш олигтой нэвтрээгүй. Зөвлөлтийн олон үндэстний олон бичгийг нэг галигт оруулах гэж гучаад оны үед бүгдийг нь латинчлах хөдөлгөөн өрнөсөнд манай монгол бичиг өртөж байсан. Гэвч энэ нь нийтийг хамарч дүрэмжсэн явдал үгүй, зөвхөн сонин хэвлэл уриа лоозонгийн толгой хийхэд монгол үсгийг орлуулан хэрэглэдэг байжээ.

Нийтээр хэрэглэх зориулалтгүй, зөвхөн хувийн болон тусгай зориулалттай галиг ч бий. Үүний нэг жишээ нь энэтхэг ланз үсгээс санаа авч Занабазарын зохиосон соёмбо үсэг. “Өөрөө буй болсон” гэсэн утгатай соёмбо нь илүүтэй бэлгэдэл, урлагийн чанартай, соёмбыг задлан тэмдэгт орлуулсан боловч шашин урлагийн бэлгэдлээс өөрөөр нийтийн хэрэгцээнд ашиглах бололцоогүй. Чойжи-Одсэр монгол бичгийн дүрэм зохиохоос өмнө уйгараас авсан уйгаржин монгол бичиг нь бичгийн гэхээсээ тамга тэмдэг зэрэгт хэрэглэдэг галиг төдий байсан бололтой байдаг. Лам нар юм бичихдээ монгол хэлээр мөртөө төвд үсгээр галиглан бичих нь элбэг, энэ нь илүү дассантай холбоотой гэж Владимирцов тэмдэглэсэн байдаг. Чойбалсан хувьдаа нууцалсан тэмдэглэлээ кирилл үсгээр бичдэг байжээ. Энэ нь тэрээр кирилл үсэг анхлан нэвтрүүлсэн гэсэн үг биш, зөвхөн кириллийн тэмдэгтээр бичгээ галиглаж байсан. Тагнуул, цэрэгт ч тодорхой дүрсүүдээр галиглах явдал байдаг ч тайлаад уншихаар зүгээр л энгийн хэлээр бичигдсэн байна. Одоогийн хүүхдүүд солонгос үсгээр шпаргалк бэлдээд шалгалтанд орж байна гэж нэгэн багш гомдол гаргаж байсан.

Хэл болгон өөрийн авиатай, тэр нь бусад хэлнийхтэй таарч байх албагүй. Англи хэл нь үгээ бичгээр илэрхийлэх 26 тэмдэгттэй боловч 44 тусдаа авиатай гэж хэл шинжээчид тоолсон байдаг. Гэхдээ энэ нь адилхан англиар ярьдаг шотланд, австрали хүмүүсийнхтэй тэр болгон таарахгүй. Монгол хэл хэдэн авиатайг тооцсон судалгаатай таараагүй. Лав л кирилл бичиг нь 35 тэмдэгттэй учир мөн тийм тооны авиатай гэсэн үг ер биш. Халх аялгад байдаггүй дөрвөдийн “ө”, буриадыг “h” зэргээс үзэхэд авиа тэмдэглэх нь нэлээд төвөгтэй эд бололтой. Нэг хэл дотроо биендээ таардаггүй өөр авиатай байхад тэс ондоо гадаад дотоод хэлүүд бүр ч хоорондоо таарахгүй байх нь дэндүү ойлгомжтой.

Гучаад оны дундуур Ата Түрк түрэг хэлний араб бичгийг латин үсэгт шилжүүлжээ. Гэтэл Зөвлөлтийн түрэг үндэстнүүд, ялангуяа азербаджан зэрэг хэл нь түрэгтэй тун ойролцоо, шууд ойлгогддог учир энэ нь үзэл суртлын халдвар болно гэж Сталин болгоомжлоод өөрийн олон үндэстний бичгийг латинчилж байснаа зогсоогоод орос кирилл үсгээр солих тушаал гаргасанд монгол хэлний бичиг мөн өртсөн юм. Ингээд уйгаржин монгол бичгийг кирилл үсэг рүү шилжүүллээ. Гэхдээ галиглахын оронд халх аялгад тулгуурлан цоо шинээр үсгийн дүрэм зохиожээ. Учир нь мөн уйгаржин монгол бичигтэй Буриад Монгол улсад хори аялгад тулгуурлан шинээр дүрэм зохиосон, бас Халимагт торгууд аялгад түшиглэн кирилл үсэгтэй тусгай дүрэм зохиосон болохоор БНМАУ дагахаас өөр аргагүй болжээ.

Орос кирилл үсэгт тохируулж үсгийн шинэ дүрэм зохиох үүргийг улс төрийн хэргээр шоронд сууж байгаад дөнгөж саяхан суллагдсан их бичгийн хүн Дамдинсүрэнд даалгажээ. Долоон зууны турш хэрэглэгдээд хэвшсэн уйгаржин монгол бичгийн уламжлалт үсгийн дүрмийг нь огоороод цоо шинэ дүрэм баримтлах болсон нь олон талаар ухралт болсон юм. Гэвч энэ шинэ үсгийн ачаар богино хугацаанд нийт ард түмнийг бичиг үсэгтэй болгож чадсанаар том дэвшил болсон.

(Үргэлжлэл бий)

2019.10.21

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *