Хилийн боомтын тухай хууль 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр хилийн чанадад зорчиж буй өөрийн орны иргэд, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдаж байсан. Түүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн бусад орнуудын жишгээр Immigration буюу цагаачлалын байгууллага нь улсын хил нэвтэрч буй зорчигчдын бичиг баримтад хяналт тавих тогтолцоонд шилжиж, хил хяналтын байгууллагуудын чиг үүргийн давхардал арилсан байна.
Байгууллагын хэмжээнд мөрдөж байсан 126 журмаас эрх зүйн үндэслэлгүй хүнд суртал дагуулсан 44 журмыг хүчингүй болгож, төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутаг дахь газрын дарга, мэргэжилтнүүдэд өгчээ. Ингэснээр хил дээрх үйлчилгээ шуурхай болж, виз олголт нэмэгдэн улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 2013 онд 14 хувь, 2014 онд 16 хувиар тус тус өсгөсөн байна.
Техник технологийн шинэчлэлийн хүрээнд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тээвэр хийж буй том оврын автомашины жолооч нарыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хурууны хээгээр хил нэвтрүүлж, БНСУ-ын Койка олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй E-Immigration төслийн хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Буянт-Ухаа боомтоор зорчигчдыг 14-18 секундын хугацаанд цахим гарцаар улсын хил нэвтрүүлж эхэлжээ.