Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаад паспортыг хүн бүрт олгодгийг зогсоох цаг болжээ

Тайландын хааны ордон байсан, одоо гадны жуулчдын очих дуртай сүмд Монголын гурван иргэн тэнд аялж явсан хүмүүсийн эд зүйлс, бэлэн мөнгийг хулгайлж байгаад баригджээ. Бүгдээрээ баахан шуугилаа. Энэ явдлаас хоёр долоо хоногийн өмнө Тайландын нисэх буудалд гурван иргэн хулгай хийж байгаад баригджээ. Тэд монголчууд байв. Үүнээс хэдхэн хоногийн дараа Монголын рэпперүүд метроны буудалд жуулчдын халаасыг хоосолж хулгай хийж байгаад баригджээ. Хулгай тэр бүр гараад байдаггүй Тайландад нэг сарын дотор Монголын иргэд ийн шившиглэв.

Тайваньд гар утас хулгайлсан бүлэг баригдлаа л гэдэг. Өмнөд Солонгост Монголын 40 гаруй насны гурван эмэгтэй, гурван сарын визтэй очоод олон удаагийн үйлдэлтэй бүлэглэн хулгай хийж баригдаж байв. Хэдэн жилийн өмнө Японд доктор хамгаалахаар суралцаж байсан нэг эмэгтэй ганц уруулын будаг хулгайлаад хөөгдөж байлаа. Макаод Монголын халаасны хулгайчид баригдлаа л гэнэ. Хятадад, Сингапурт, ОХУ-д, Солонгост, Европт гээд хаа сайгүй Монголын хулгайчид оччихсон байх юм. Өнгөрсөн онд л гэхэд гадаад улсад 349 монгол иргэн гэмт хэрэгт холбогдсоноос 142 нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байна. Дэлхийн олон оронд очиход монголчуудын хулгайн хэргийн талаар сонсогдож чих халууцуулдаг. Идэр насны, ажил хөдөлмөр хийх бүрэн бололцоотой залуус, бас ч үгүй үеийнх нь залуусын дунд рэппер энэ тэр гэж танигдах болсон, гаднаас нь харахад хүн айж цочихооргүй гайгүй залуус нь ингэж хулгай хийгээд байна. Дээр нь монголчууд аль нэг улс оронд очихоороо визийн хугацаагаа хэтрүүлж, “харладаг”. “Харлахгүй”-гээр амьдрах бололцоо боломж бий. Жишээ нь, монголчууд хамгийн олноороо ажиллаж, амьдардаг Япон, Солонгост гэхэд “харлахгүйгээр” ажиллаж хөдөлмөрлөж болно. Тэд хариуцлагатай, хууль ёсоор ажиллуулах боломжийг сүүлийн жилүүдэд нэмж байгаа. Хэдэн мянгаар гэрээт ажилтан авч ажиллуулдаг. Манайхан даанч хүний итгэлийг дааж, хууль дүрэм мөрдөх биш. Гэрээт ажил хийх гэж яваад хэсэг тэндээ ажиллаад оргож алга болно. Угтаа эндэхээс өндөр цалин авч, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, тэнд байх байр сууцыг нь бэлдээд өгчихөж байна. Тийм байхад л “харлаад” байдаг. Энэ бүхний эх үндэс нь гадаад паспортыг ямар ч шалгуургүйгээр хүссэн бүгдэд олгож байгаатай холбоотой. Үүнийг шалгууртай болгох хэрэгтэй байна. Бүх хүний гадаад паспортыг дахин нэг хянаж, тодорхой шалгуур хангах хугацаа олгох хэрэгтэй байна. Гадаад улсад харлаж, визний хугацаа хэтрүүлж байсан, хэрэг зөрчилд орж байсан эсэх, ялангуяа хулгай хийж байсан хүмүүст дахин паспорт олгохгүй байя. Гадаад паспорт олгохдоо дараахь шаардлагыг тавьж байя. Дээд, дунд, тусгай боловсролтой байх, нийгмийн даатгал төлж, ажил хөдөлмөр эрхэлдэг байх, гэмт хэрэг хийж, ял шийтгэл авч байгаагүй зэргийг харгалзан үзэж олгомоор байна. Хороо, дүүрэг, баг, сум, аймгийн тодорхойлолттой байхыг шаардъя. Тодорхой хэмжээний мөнгө барьцаалж, батлан даагчтай байлгая. Хэрэв нөгөө хүн харлавал батлан даагчийн гадаад паспортыг олгохгүй гэдэг ч юмуу. Ингэж хариуцлагажуулахгүй бол болохгүй нь ээ. Ингэж л хатуурхахгүй бол зөвхөн хулгай хийх гэж гадагшаа явдаг монголчууд их байна. Европт гэхэд зохион байгуулалтад ороод бүлэглэлүүд бий болчихсон байдаг. Аялал жуулчлалын компани албан ёсны маршрутдаа хулгайн бараа худалдаж авах хөтөлбөр оруулчихсан байх жишээтэй. Тэрийгээ мэдээж эвтэйхэн өнгөлөн далдална л даа. Германы Кёлн, Италийн Венец, Францын Парист үнэтэй брэндийн үнэртэй ус, гутал, хувцсыг үндсэн үнийн талаар нь зардаг монголчууд Монголоос ирсэн хүмүүст зараад суудаг. Зарим нь хулгайн бараагаа эцэг эхдээ явуулдаг. Тэд нь энд дэлгүүр нээчихсэн ажиллуулдаг. Хүүхдээ хулгай хийгээд явуулсныг нь тэр бүр мэддэггүй ч байж болох юм. Нэг ёсондоо улсаараа хулгайн хамт хэрэгтнүүд болчихож байгаа юм. Нэг нь зуучлагч, нөгөө нь хэрэглэгч, үлдсэн хэсэг нь хулгайн эд зүйлсээ улсынхаа иргэнд худалдаад л. Нутагтаа хулгай хийвэл өөрийнх нь нэр төр гутаагдана. Харин хүний нутагт улсынхаа нэрийг гутаагаад зогсохгүй дараагийн очих хүмүүстээ гай болдог. Нэг хэсэг хулгайчаас болж нийт улсаараа хулгайч нэртэй болдог. Хулгайч Дорж Дондогийг биш хулгайч Монголоос бүгдээрээ болгоомжилдог. Ийм байж Солонгос, Япон, Англи, Америкт визгүй зорчдог болох хүсэлт манай талаас байнга тавьдаг. Энэ тун хорлонтой. Дээрх орнууд визгүй болчихвол монголчууд дэлхийд зөвхөн хулгайч экспортолдог улс болж хувирна. Дотоодын хулгайчаа хил дамнасан хулгайч болгосноороо хулгай хийдэггүй иргэд нь ч хардлагад өртөж, дэлхийн хаана ч ад үзэгддэг болно. Болно ч юу байхав, эхнээсээ ад үзэгдээд эхэлсэн. Хулгайчдын хар гайгаар гадаадад жирийн монгол хүн ажиллаж амьдрах, сурч боловсрох, эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд хамрагдах, аялж зугаалах ямар ч боломжгүй болно. Визгүй болсон Сингапур, Малайз, Орос, Хятадаас жишээ авахад тодорхой байгаа биз дээ. Хятад улс иргэдээ онооны системээр дүгнэдэг болж байгаа гэсэн. Хүн бүрийн царайг камераар хянах систем нэвтэрсэн учраас энэ нь илүү хялбар болжээ. Оноо нэмэгдвэл интернэтийн хурдаас эхлээд гадаадад зорчих боломжид хүртэл нөлөөлнө. АНУ-д ч кредит оноо өгдөг. Нийгмийн тустай хөдөлмөр, сайн дурын ажил хийвэл, гэмт хэрэгт холбогдоогүй бол, нийгмийн даатгалаа цаг тухайд нь төлдөг бол кредит оноо өсдөг. Кредит оноо өндөр байх тусам зээл хурдан авах, автомашины даатгалд бага мөнгө төлөх гээд олон давуу талтай. Австрали, Австри, Шри Ланк, Канад, Дани, Герман, Энэтхэг, Норвеги, Шведэд ч мөн ийм кредит оноо өгдөг. Манай улс ч иргэдээ ингэж хариуцлагажуулъя. Манай төр гадаад паспорт визний асуудалд туйлын хариуцлагагүй ханддаг. Төр оролцохоо тулвал нэг хоолны сав л далд ороосой гэсэн философитой. Энэ бодлогын хор уршиг нь нэг энгийн иргэн гадагшаа гаргахааргүй байдалд оруулж байна. Тод жишээ нь Солонгосын визний асуудал. Мөрөөрөө ажил хэргийн шугамаар явах гэж байгаа хүмүүстээ гай болно. Хүн бүрт паспорт олгоно. Гадагшаа виз хүссэн хүн бүрт төрийн байгууллага нь хуурамч тодорхойлолт гаргаад өгдөг. Ингэж дураараа материал бүрдүүлж өгөөд гацаа үүсгэдэг. Солонгосчууд монгол төрийг хуурамч бичиг баримт бүрдүүлж өгдөг болохоор нэг бүрийг нь шалгадаг. Монгол төрийн буруу бодлогоос хулгай хийх гэж л холыг зоригсод ихэсч байна. Тиймээс гадаад паспортыг хүссэн хүн бүрт олгодгийг зогсоох цаг нь болж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гадаад паспортыг хүн бүрт олгодгийг зогсоох цаг болжээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы уламжлалт нүүр болох “Өдрийн сурвалжлага” булан энэ удаа Туул голын Яармаг орчим дахь бургасыг хэзээ мөдгүй хядах гэж байна хэмээн сурвалжлав.

“Улс төр” нүүрт “Хан ресурс”-ын 70 сая ам.долларын өрийг шалгахыг шаардав гэжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Гадаад паспортыг хүн бүрт олгодгийг зогсоох цаг болжээ” хэмээн өгүүлжээ.

Бичил уурхай эрхлэгч хоёр ээжийн хүйн цусанд мөнгөн ус өндөр тунгаар илэрчээ хэмээн нийтэлжээ

Х.Нямбаатар: Эрүүдэн шүүгдсэн хохирогчдыг аль хэдийнэ эрх чөлөөтэй болгочихсон байх ёстой гэж “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Эмч” нүүрт Ж.Амарсанаа: С вирусийн эмчилгээнд орж байгаа иргэдийн тоо хангалтгүй байна гэсэн яриа дэлгэжээ.

Америкийн энхийг сахиулагчид дайнтай Ливийг орхиж байна хэмээх нийтлэлийг “Дэлхийн мэдээ” нүүрээс уншаана уу.

“Соёл урлаг” нүүрээс “Б.Дашдондог: HU хамтлаг Америк, Европоор тоглолтоо хийнэ” хэмээх сонирхолтой ярилцлагыг уншаарай.

Л.Чулуунцэцэг: Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшсэн Д.Ганзориг жирийн иргэнд хилс хэргээр ял онооход гар бие оролцсон гэв.

Д.Батмөнх: Хар нүх нүдэнд харагддаггүй л болохоос нэг төрлийн од хэмээн ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *