Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Фекитамоелоа Утоикамануг өнөөдөр хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд тууштай дэмжиж хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд цаашид тус төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд НҮБ-ын дэмжлэг ихээхэн чухал болохыг тэмдэглэсэн.

Дээд төлөөлөгч Фекитамоелоа Утоикаману Улаанбаатар хотноо энэ сарын 29-30-ний өдрүүдэд болох “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хурлыг Монгол Улс хүлээн авч хамтран зохион байгуулж буйд талархал илэрхийлээд энэхүү хурал нь 12 дугаар сарын 5-6-нд Нью-Йорк хотноо болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх хурлын бэлтгэл ажлын хүрээнд болж байгаа нь ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Дээрх олон улсын хурал нь дэлхийн голлох зах зээлээс алслагдсан, транзит орнуудаас ихээхэн хамааралтай, бүс нутгийн интеграцид бага хамрагдсан, дэд бүтцийн хөгжил сул зэргийн улмаас гадаад худалдаа эрхлэхэд далайд гарцтай орнуудтай харьцуулахад хавьгүй өндөр зардал гаргаж, их хугацаа зарцуулдаг далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр энэ сарын 28-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Засгийн газраас НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан дурдаад, НҮБ-ын зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Хүрэлсүхийн мэндийг уламжилж, манай улсын цэрэг, цагдаагийн албан хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгааг дурдан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлдэг хэмээв гэж Гадаад Харилцааны Яам мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *