Замын-Үүдийн гаалиар долоон хайрцаг ачаатай иргэн орох гэтэл 750 мянган төгрөгийн гаалийн татвар өгөхийг шаардсан байна. Яагаад тэгж байгаа талаар нь тодруулахад “Нэг хайрцаг бараанд нэг төрлийн бараа хоёроос дээш ширхэг байвал албан татвар ногдуулж байгаа” гэсэн аж. Энэ талаар иргэнээс тодрууллаа.
-Та ямар бараатай явсан юм бэ?
-Би дандаа хүүхдийн бэлэн хувцас авч явсан. Өвлийн хүйт орохоос өмнө хүүхдүүдийнхээ бэлтгэлийг базаах гээд куртик, оймс, түрсик, өмд, цамц гээд хүүхдийн л хувцас байсан.
-Тэр бараанууд чинь нэг төрлийн бараа хоёроос дээш байсан хэрэг үү?
-Тийм. Би дөрвөн жаахан хүүхэдтэй, өрх толгойлсон эх. Монголд юмны үнэ ямар билээ. Мөнгө хүрэхгүй өөрөө яваад урдаас хүүхдүүдийнхээ хувцсыг бэлдчихье гээд урагшаа гараад хүүхдүүддээ мэдээж нэгэнд нь юм аваад нөгөөд нь адилхан хэрэгцээтэй юмыг нь авна шүү дээ. Тэгтэл долоон хайрцаг бараа байна. Хэдэн төгрөгөөр авсан гээд л зардал юмаа хасаад дөрвөн сая төгрөгт авсан байна, гэтэл 750 мянган төгрөгийн татвар авна гэсэн.
-Тэгэхээр гааль худалдан авсан үнийн дүнгийн 15.5 хувьтай тэнцэх татвар авдаг л даа. Танд тайлбарлаж хэлсэн үү?
-Гаалийн байцаагчид гээд 4-5 эмэгтэй байсан. Хүнтэй хүн ёсоор харьцахгүй. Маш бүдүүлгээр дээрэнгүй харьцдаг юм билээ. Харилцаанаас харилцаа үүснэ шүү дээ. Гэтэл шууд л тайлбарласан зүйл ч байхгүй хэдэн төгрөгт юм авсан бэ гээд л тооны машинд бодоод 750 мянган төгрөг төл гэсэн. Яагаад тэгж байгаа юм, надад мөнгө байхгүй гэхээр тэгвэл хилээр нэвтрүүлэхгүй хураана гэж дайрсан.
-Түүнээс зөрчил маргаан үүссэн үү?
-Тэгээд маргаан үүссэн. Надад мөнгө байхгүй. Хүүхдүүддээ хувцас аваад мөнгө дууссан гэхээр ойлгохгүй. Би ганцаархнаа хилээр долоон хайрцаг ачаагаа зөөгөөд гараад иртэл 7-8 машин ачаа зөөж оруулж ирж байгаа эрэгтэй хүмүүсээс татвар авахгүй хэрнээ надаас авч байгаа юм. Тэр хүмүүс рентгенээр буухгүй, зүгээр л машинтай нь оруулаад ирсэн. Хятадын хилээр адилхан рентгенээр орсон. Тэгснээ Монголын хилээр шууд л машинтайгаа оруулчихаж байгаа юм. Яагаад тэгж байгааг нь асуухаар Замын-Үүдийн хүмүүс болохоор хил гаалийнхнаа бүгдийг нь таньдаг. Тиймээс асуудалгүй оруулж байгаа юм гэнэ. Миний өмнө зөндөө гахайтай ачаа ороход нэгнээс нь ч татвар аваагүй хэрнээ намайг зогсоогоод долоон хайрцаг бараанаас 750 мянган төгрөгийн татвар авна гэж байгаа юм.
-Та тэгээд бараагаа оруулж ирж чадсан уу?
-Би 750 мянган төгрөгийн татвар өгч чадахгүй, надад тийм их мөнгө байхгүй гэдгээ тайлбарласан. Гэтэл тэдгээр эмэгтэйчүүд бүдүүлгээр дайраад байсан. Хамгийн гол нь өөрсдийнхөө таньдаг хүмүүсийг нүдэн дээр ямар ч гаалийн татвар авалгүй оруулчихаад надаас мөнгө нэхээд зогсоод байгаа юм. Хэрвээ надад тэдэн төгрөгийн үнийн дүнд тийм гаалийн татварыг тэгж тооцож авдаг юм. Та тэдэн төгрөгөөр бараа авсан учраас таны гаалийн татвар тэд болж байна гээд тайлбарлаад өгсөн бол аа надад тэдэн төгрөг байна, би хөнгөлөлт эдэлж болох уу гээд хүн л юм чинь аятайхан ярина. Гэтэл ямар ч тийм хүн ёсны харилцаа байхгүй загнаж зандраад, заавал төл гэх мэтээр шахаж байгаа нь увайгүй санагдсан. Тэгээд сүүлдээ мөнгө байхгүй гэж уйлж дуулж байж 200 мянган төгрөгийн татвар төлөөд орж ирсэн.
-Та каргогоор бараагаа авах боломж байгаагүй юу?
-Карго удна. Дор хаяж 15 хоног. Тэгээд нэг сар гаруй ч болж магад. Хүүхдүүд өмсөх юмгүй даарна. Хичээл, цэцэрлэг амарч байгаа дээр нь хурдхан яваад ирье гээд л амралтын үе тааруулж явсан юм. Би нялх хүүхэдтэй, олон хоног ч явах боломж байхгүй. Урагшаа олон ч гарч үзээгүй. Бараг л анх удаа гэх үү дээ. Олон жилийн өмнө нэг явж байсан юм. Гэтэл гааль гээч байгууллагын хүмүүс мэргэжлийн бус харилцаатай, хүнтэй харилцаа үүсгэж мэддэггүй, дээрэлхүү санагдсан.
Иргэн ингэж ярив. Тиймээс Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн албанаас дээрх мэдээллийн дагуу тодрууллаа.
-Нэг хайрцагт нэг төрлийн бараа хоёроос дээш байвал хэдэн төгрөгийн гаалийн татвар ногдуулдаг вэ?
-Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд 1.1.Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх, зорчигчоос гаалийн болон бусад татваргүй нэвтрүүлэх хувийн хэрэглээний эд зүйл, тоо хэмжээ, үнийн дүнг тогтооход энэ журмын зорилго оршино.
1.2.Зорчигчийн аяллын зорилго, хугацаа, жилд хэдэн удаа улсын хил нэвтэрсэн зэргээс шалтгаалан хувийн хэрэглээний эд зүйл, үнийн дүн, тоо хэмжээг тогтооно.
1.3.Зорчигчийн гар тээш болон аялж буй тухайн тээврийн хэрэгслийн ачаа тээшин дэх барааг дагалдах ачаанд, зорчигч аялалын хугацаанд өөр тээврийн хэрэгсэл болон чингэлэг, шуудан илгээмжээр илгээсэн барааг биеэс тусдаа ачаанд хамааруулна гэсэн байна. Тэгэхээр Татварын хуулийнхаа дагуу тухайн барааг худалдан авсан үнийн дүнгийн 15.5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг гаалийн татвар авна.
-Бидэнд хандсан иргэн хүүхдүүддээ хувцас бэлдээд эргээд хилээр гарах гэтэл татварын мөнгө илүү нэхсэн, мөн харилцааны доголдол үүссэн гэж мэдээлсэн л дээ. Ийм тохиолдолд хаана хандах вэ. Танай байгууллагад хандах уу?
-Хэрвээ тухайн иргэнд гомдол санал байгаа 1800-1281 утсаар гомдлоо мэдүүлж болно. Эсвэл Засгийн газрын иргэдэд нээлттэй утас 11-11 рүү хандаж болно.
С.ОТГОНБАЯР