Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.
-2006 оны Ашигт малтмалын тухай хуульд нийт 300 гаруй өөрчлөлт орсон гэдэг. УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Шинэчилсэн найруулгад ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-“Ашигт малтмалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, хоёрдугаарт, эрдэс баялгийн салбарт үйлчилж буй хуулиудын давхардал,
хийдэл, зөрчлийг арилгах, гуравдугаарт, бусад холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх, дөрөвдүгээрт, салбарт тулгамдаад байгаа нэн чухал, шийдлээ хүлээж байгаа асуудлууд, цаг үеийн болон нийгмийн захиалга, салбарын шинэчлэл, олон улсын сайн туршлагатай нийцүүлж хариуцлагатай байдлыг бий болгох гэх мэт үндсэн үзэл баримтлалын хүрээнд боловсруулж байна. Байгалийн баялгийг эрж хайх, үйлдвэрлэлийн аргаар зүй зохистой ашиглах, боловсруулах улмаар байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн болон хөрөнгө оруулагчид бусад оролцогч талуудын уялдаа холбоог хангах, нийгэм, эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх, байгалийн баялгийг иргэн бүрт тэгш шударга хүртээх зэрэг асуудлыг иж бүрнээр тусгах юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай, хариуцлагатай байх тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн оролцоо нэмэгдэх, ил тод байх асуудал олон улсын сайн туршлагад суурилан улам бүр баталгаажих юм. Хууль батлагдсанаар дараахь эерэг үр дагавар бий болно гэж үзэж байна.
-Тухайлбал?
-Уурхайн хаалтын шинэ тогтолцоог санхүүгийн баталгааны механизмтай уялдуулснаар уул уурхайн үйл ажиллагаанд өртөгдсөн талбай нөхөн сэргээгдэхгүйгээр эзэнгүй орхигдох эрсдэл үгүй болно. Олон улсын шилдэг техник, технологийг нэвтрүүлэн аливаа эрсдэлийг тодорхой хэмжээгээр урьдчилан тогтоох тогтолцоог бий болгосноор уул уурхайн хөгжлийг дэмжиж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна. Салбарын институцийн тогтолцоог оновчтой, тодорхой болгосноор хууль эрх зүйн орчны тогтвортой байдал хангагдаж, аливаа төсөл, хөтөлбөр, тооцоо, судалгааны үндсэн дээр амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Учирч болох аливаа эрсдэлийг бууруулснаар уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг, олон улсын чадвар тогтвортой нэмэгдэж улс, орон нутгийн хөгжилд оруулах үр өгөөж нэмэгдэнэ. Холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зарим хуулийг хүчингүй болгосноор хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тодорхой эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.
-Өнөөгийн байдлаар ашиглалтын болон хайгуулын лицензийн тоо хэд байна вэ. Ямар лиценз олгож байгаа вэ?
-Монгол Улсын нутаг дэвсгэрийн 3.99 хувьд олгосон ашигт малтмалын 2599 тусгай зөвшөөрлийн 1691 нь ашиглалтын, 908 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд ойролцоогоор 50 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байсан. 2021 онд 109 тусгай зөвшөөрөл олгосон хэдий ч сүүлийн жилүүдэд хайгуулын ажлын хэмжээ, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн нөөцийг өсгөх гол салбар зогсонги байдалтай байсан гэж хэлж болохоор байна.
-Хайгуулын лиценз олголт зогсонги байдалд 10-аад жил болж байна. Энэ ажлыг сэргээх үү?
-Сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо жил бүр буурч байна. Тусгай зөвшөөрлийн хамаарах талбайн хэмжээг авч үзвэл, 2005 онд Монгол орны нутаг дэвсгэрийн 44 хувь байснаас 2021 онд 2.9 хувь болж багассан байна. Хайгуулын ажлыг эрчимжүүлэхийн тулд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн хэмжээг нэмэгдүүлж, Засгийн газраар шинэчлэн батлуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хэлбэрийг хуулиар олон төрөл болгож, цахимжуулж, шуурхай, нээлттэй зохион байгуулах, олгосон тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил гүйцэтгэх хөрөнгө оруулалт татах, саадгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага бий. Салбарын яамны зүгээс дээрх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хайгуулын ажил нь өндөр эрсдэлтэй байдаг учир хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх зорилгоор нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгаа, ашигт малтмалын судалгааны ажлын хэмжээ, түүнд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр улсын төсвөөс геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр өсгөн нэмэгдүүлж байгаа төдийгүй судалгааны төрөл, чиглэлийг нэмэгдүүлж байна. 2021 онд улсын төсвөөс 24.3 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулсан бол энэ онд 27.7 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Геологийн судалгаа, хайгуулын ажлыг үр дүнтэй явуулахад эрх зүйн шинэчлэлийг салбарын хууль, журмуудад цогц байдлаар хийх шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр эрдэс баялгийн салбарын гол хуулийн нэг болох дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Мөн Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан Хууль, тогтоомжийн тухай хуулийн дагуу судалгааны ажлууд хийгдэж байна. Эрдэс баялгийн салбарт, түүн дотроо хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах замаар төрийн хүнд суртлыг арилгах, төрийн үйлчилгээг түргэн, хөнгөн шуурхай болгож олголтын тоог нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг яамны зүгээс авч хэрэгжүүлж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах асуудлаар Засгийн газраас олгосон эрхийн хүрээнд холбогдох журмыг шинэчлэн боловсруулж батлуулсан. Үүнтэй уялдуулан цахимжилтад шилжих ажлыг эхлүүлсэн байгаа.
-Хайгуулыг зогсоосноор Монголыг бараг хорлочихсон хэрэг болсон, тийм үү?
-2010 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль батлагдсан цагаас геологи, хайгуулын салбарт орох хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан. Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл болон сонгон шалгаруулалтын журмаар дахин олгож эхэлсэн. Гэвч тус хуулийн 2017 оны нэмэлт, өөрчлөлтөөр зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар өнөөдрийг хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож ирсэн ч геологи, хайгуулын салбарын үйл ажиллагаа хангалттай сэргэж чадаагүй нь хайгуулын ажилд зарцуулсан зардал 2010 онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар 3.5 дахин буурснаас харагдаж байна.
-Хайгуулын лиценз эдийн засагт үзүүлэх нөлөөлөл их биз дээ?
-Тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталснаар жилд олгогдож байгаа 100 орчим хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3-4 дахин нэмэгдэнэ. Ингэснээр дараагийн Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой зэрэг уурхай бий болно. Иймээс уул уурхайн салбарын эдийн засагт одоо оруулж байгаа нөлөө хэд дахин нэмэгдэх боломжтой болох юм.
-“Шинэ сэргэлтийн бодлогын” урьдчилсан хэлэлцүүлгийг саяхан зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгээр ямар асуудлыг хөндөв?
-Монгол Улсаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд манай салбар 13 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба хэрэгжилтэд 21 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Тухайлбал, нүүрс баяжуулах, зэсийн баяжмал, газрын тос боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр зэргийг бүтээн байгуулахаар ажиллаж байна. Төслүүдийн хэрэгжилтийн үр дүнд 9930 ажлын байр шинээр бий болж, газрын тосны бүтээгдэхүүний импортыг 55-60 хувь бууруулан зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 2.1 сая тн-д хүргэж, 422 мян.тн катодын зэс үйлдвэрлэн экспортолж, коксжих нүүрсний экспортын 30 хувийг дотооддоо баяжуулж, 600 гаруй мян.тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээний 60 орчим хувийг хангах юм. Эдгээр ажлуудын хэрэгжилт болон салбарын ирээдүйг дэлхийн чиг хандлагатай хэрхэн уяж, ямар бодлого боловсруулан ажиллаж байгаа талаар яамны зүгээс хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан байгаа.
-Гадаадын хөрөнгө оруулалт энэхүү салбарт мэдээж чухал нөлөөтэй, энэ асуудалд ямар бодлого баримталж байна вэ?
-Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурахад хүргэсэн хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хайгуулын тусгай зөвшөөрөл олголт хумигдсанаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос гарсан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чадаагүй. Энэ удаагийн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-д өргөн баригдаж байгаа Хөрөнгө оруулалтын тухай, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүдээс нэлээд эерэг хүлээлт, шинэчлэл, найдлагыг манай салбарынхан болон хөрөнгө оруулагчид хүлээж байгаа. Уул уурхайн аль нэг компани орон нутагт олборлолт явуулж, хуулийн дагуу бүх татвар, төлбөрөө улсад төлөөд явж байдаг мөртлөө яг тухайн орон нутагтаа энэ нь харагддаггүй, өгөөж бага байгаа мэт сэтгэгдлийг тухайн орон нутгийнханд төрүүлж, үүнээс болоод хөрөнгө оруулагчдад хүйтэн ханддаг, тэдний дэмжлэгийг авдаггүй, хөөж туусан тохиолдол олон бий. Тиймээс хүмүүсийн нүдэнд тухайн компанийн оруулсан хөрөнгө илүү ил тод харагддаг байх нь чухал. АМНАТ-ын 10 хувийг суманд, 20 хувийг аймагт нь үлдээгээд эхэлбэл иргэд аяндаа уул уурхайн үйл ажиллагааг ойлгож, дэмжиж эхэлнэ. Энэ нь цаашлаад улсын хөгжилд томоохон гарц, хөшүүрэг болно. Нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах, үйлдвэрийг хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалт, технологи зайлшгүй шаардлагатай тул энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үндэсний геологийн албаны геологийн баримтын төв архивт хадгалагдаж байсан цаасан суурьтай мэдээллийг цахим орчинд мэдээлэл авах боломжтойгоор Англи, Монгол хэл дээр бэлтгэн Монгеокат системийг хөгжүүлж байгаа бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулагчид Монгол орны геологийн ерөнхий мэдээллийг дэлхийн хаанаас ч сонирхох боломжтой болох юм. Түүнчлэн салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад гарааны зээл олгох ажлыг эрчимжүүлж, тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтойг илэрхийлдэг. Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/102, А-177 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчлөөд байгаа бөгөөд 2021 онд энэхүү журмын дагуу 17 аж ахуйн нэгж байгууллага нийт 333.0 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ба богино хугацааны зээл авсан аж ахуйн нэгжүүд жилийн эцсээр авсан зээлээ металлаар бүрэн төлж барагдуулсан байна.