Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэмүүлэн: Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлаа хангая гэвэл мал аж ахуйн салбарын шинэчлэлийг дэмжих ёстой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Малын генетик нөөцийн тухай хууль энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Уг хуулийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Малын генетик нөөцийн тухай хуулийн зорилгыг эхлээд сонирхуулахгүй юу?

-2017 онд өргөн баригдаад хэлэлцүүлсэн Малын генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай багц хууль ерөнхийдөө мал аж ахуйн салбарт үндэс сууриар нь том реформ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Малын генетик нөөцийн тухай хуулийн үндсэн зорилго нь өнөөгийн нийгэмд мал аж ахуйн салбарыг эргэлтэд оруулах бодлогын өөрчлөлтүүдийг хийнэ. Иймд малыг бүртгэлд хамруулах, ээмэгжүүлэх, эрүүл мэндийн хяналтыг төрийн мэдэлд байлгах юм. Мөн хуулинд үржил селекцийг мэргэжлийн байгууллагын хяналт дор явуулдаг, тухайн ажилд шинжлэх ухаанчаар ханддаг зэрэг асуудлуудыг зохицуулж өгсөн. Дээрээс нь шат шатандаа эдгээр асуудалтай холбогдуулж үүрэг хариуцлагуудыг тодорхой болгож өгч байгаа юм. Нөгөө талаас босоо удирдлагатай тогтолцоог бий болгоно. Хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсын цаашдын 30-40 жилийн хөгжлийг тодорхойлох юм. Ерөнхийдөө тэргүүлэх эдийн засгийн салбараа гэж авч үзэх юм бол төрөөс анхаарал тавьж, хяналтдаа байлгах зайлшгүй шаардлагатай байна.

-Малыг бүртгэлжүүлэх ажлыг яаж хийх вэ?

-Бид өнөөдөр махаа зах зээлийн эргэлтэд оруулъя гэхээр хамгийн түрүүнд гарал үүслийнх нь асуудал яригддаг. Тухайн мал чанартай юу, аль бүс нутагт байршиж байсан юм, ямар өвс ургамал идэж байв, хэн гэдэг малчин маллаж хариулав, тухайн цаг хугацаандаа эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаад явсан уу гэх зэрэг суурь мэдээллийн бүртгэлийн асуудал хамгийн чухал. Тиймээс хамгийн түрүүнд үржлийн болон таваарын малыг бүртгэлжүүлэх юм. Үүгээрээ дамжуулж малынхаа чанарт нөлөөлөх ажлыг хийхийг хуулиар зохицуулсан. Үржлийн болон таваарынхаа малаар дамжуулж малынхаа ашиг шимийг дээшлүүлнэ.

-Манайхан малаа хээлтүүлэхдээ дураараа эцэг малыг энд тэндээс авчирдаг тал бий. Энэ нь өнөөх малын шүлхий тархах нэг нөхцөл болдог. Ер нь үржил селекцийн асуудлыг хэрхэн зохицуулсан юм бол?

-Энэ хуулийн бас нэг гол асуудал бол үржил слекцийг заавал мэргэжлийн байгууллагын түвшинд хийнэ. Хэн нэгэн малчин, аж ахуйн нэгжүүд дураараа гаднаас болон хөдөө орон нутгаас тухайн бүс нутгийнхаа онцлогт таарахгүй малыг авчирч хээлтүүлдэг ажлыг хориглож байгаа. Энэ тал дээр малчдаа мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх арга зүйн заавар зөвлөмж, зөвлөгөөг босоо тогтолцооныхоо хүрээнд өгдөг байна. Ингэж байж бид малынхаа ашиг шимд нөлөөлөх ажлыг хийж чадна. Өнөөдөр малын тоо толгой ярихаасаа илүү чанарыг нь анхаарч чухалчилахаас өөр аргагүй болчихоод байгаа юм. Тухайн малын тоо толгой өсөөд байдаг ч малчдын амьжиргаа өсдөггүй.

Малыг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай байлгах, хяналтыг бүрдүүлэхийн тулд бүртгэлийн асуудал зайлшгүй тавигдаж байна. Өнөөдөр энэ салбар зөнгөөрөө, малчдынхаа нуруун дээр явдаг болчихсон. Нэг талаасаа энэ байдал мал аж ахуйн салбарыг уналтад оруулах хэмжээнд хүрчихлээ. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд малын гоц халдварт өвчин байнга гарч байгаа. Ойрын хоёр, гурван жилийн хугацаанд илүү эрчимжиж, жил тойрон үргэлжилдэг боллоо. Тэгэхээр энэ асуудалд хаана хаанаа анхаарах хэрэгтэй.Энэ нь малын эрүүл мэндтэй холбоотой боловч нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах асуудалтай уялдаж байгаа юм. Хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалтай хамааралтай асуудал.

-Малын гоц халдварт өвчин тархдаг өөр нэг шалтгаан бол яах аргагүй уяачидтай холбоотой гэсэн шүүмжлэл байдаг. Өвчний голомттой бүсээс хурдан удмын морьд авчирч нутагшуулдаг. Бас малчид хаа дуртай газраа сэлгэж, оторлодог шүү дээ. Иймэрхүү асуудлыг яаж шийдэх вэ?

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар энэ асуудал зохицуулагдаж байгаа. Малын генетик нөөцийн тухай хуулиар бол тухайн малыг ямар нэг зөвшөөрөлгүй, бүртгэлгүй малыг постуудаар дамжин өнгөрүүлэх, авч явах, тээвэрлэх, шилжүүлэх асуудлыг хориглосон. Бүртгэлтэй буюу чиптэй малыг постуудаар нэвтрэхэд бүртгэгдэнэ гэсэн үг. Тэр чип дээр тухайн малын талаарх бүх мэдээлэл хадгалагдаж байгаа юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн тийм сумын тэр малчны мал гээд л гараад ирнэ. Улмаар энэ мал тэдэн сарын тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээгээ авсан юм байна. Вакцин тариагаа хийлгэж, угаалга туулганд хамрагдаж байсан юм байна гэх зэрэг асуудлууд нь тодорхой харагдана. Үржил угсаа нь ингэж хийгдэж явсан юм гэдэг нь хүртэл бүртгэгдсэн байх юм. Тэгэхээр малыг чипжүүлэх, бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх ажил хийгдэхэд цаанаа буцах эзэн хаягтай болж байна гэсэн үг. Хариуцлагын тогтолцоо нь энэ юм. Нэг ёсондоо мөшгих тогтолцоотой болчихож байгаа юм.

-Малын тоо толгой өсөөд байгаа хэрнээ малчдын амьжиргаа дээшлэхгүй байна гэж та дээр хэллээ. Тэгэхээр хуулийн хүрээнд малчдынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаарсан бэ?

-Малчин хүнийг уламжлалт ойлголтоор цэвэр амьжиргаагаа авч явах түвшинд ойлгодог байсан. Тэгвэл малчин хүн бол нэг талаасаа мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгч болохыг энэ хуулийн хүрээнд тодорхойлж өгсөн. Нөгөө талаасаа компани байгууллага аж ахуйн нэгжийн түвшинд малчин өрхийн статусыг дээшлүүлж, өргөж байгаа юм. Энэ бол бизнес хувьчлал талаасаа ч тэр, малчдын хоршоолох, хувийн хэвшлийг тухайлан бүс нутагт хөгжүүлэхэд тэднийг илүү хариуцлагатай болгоно. Ингэснээр мах болон малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн статустай түвшинд авчирч байгаа юм. Энэ хүрээндээ бид малчдаа үнэмлэхжүүлэх, малчдаа сургаж, дадлагажуулах, мэдээлэлжүүлэх ажил давхар хийгдэнэ. Хандлагын өөрчлөлтийг малчдынхаа сэтгэхүйтэй нэлээд тулж хийнэ гэсэн үг.

-Сүүлийн үед бэлчээрийн талхлалт тулгамдсан асуудал болсон. Тэгэхээр эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэж их ярьж байгаа. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд сум аймаг болгонд тухайн нутгийн цөм буюу шилмэл сүргүүдтэй болох асуудал яригдаж байгаа. Жишээлбэл, сарлагийн, хээлтэгч, хээлтүүлэгч малын цөм сүрэг гэж байна. Тухайн бүс нутагтаа таарсан нутагшдаг, ашиг шим нь өндөр, ноос ноолуур, махны, сүүний чиглэлээр гэх зэргээр хөгжүүлэх боломжтой малын цөм сүргүүдийг бий болгох юм. Энэ ажлыг мал зүйч нар хийнэ. Босоо тогтолцооны хүрээнд мал эмнэлэг болоод малын үржил слекцийнхээ нэгжийг тусад нь салгаж байгаа. Улсын мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаж, аймаг, сумдад нэгжүүдтэй болно. Суманд 2-3 малын эмчтэй байна. Тэд жилийн хугацаанд малаа эрүүлжүүлэх, хуучин хаврын 13, намрын найм гэх зэрэг төлөвлөгөөт ажлуудыг хариуцна. Энэ маягаар суманд байгаа хувийн хэвшил, мал эмнэлгийн нэгжүүдээ хариуцлагажуулах тогтолцоогоо хэрэгжүүлээд ажиллах юм. Нөгөө талдаа сумын хөдөө аж ахуйн тасаг дээр мал зүйч заавал байна. Улсын хэмжээнд мал зүйчээр төгсдөг буюу суралцдаг хүмүүс орхигдчихсон. Ер нь малын зоотехникч гэдэг асуудлыг сүүлийн 20, 30 жилийн хугацаанд орхигдуулж ирсэн. Тэр үүднээс мал аж ахуйг хөгжүүлье, малыг чанаржуулъя, ашиг шим, үйлдвэрлэх байдлыг нь дээшлүүлье гэх юм бол мэргэжлийн шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, мал зүйч нарын заавар зөвлөгөөг дагадаг байх ёстой.

-Манай улс мах экспортлогч орон болох том амбицтай. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө санхүү хэрэгтэй вэ?

-Улс орны хэмжээнд хөрөнгө мөнгөний асуудал хөндөгдөж байна. Зөвхөн бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх, ухаалаг чип ашиглахад нэг мал дээр 1000-1500 төгрөгийн ханштай. Үүнийгээ дахиж хэрэглэж болоод байна. Нийт Монгол Улсын мал сүргийн хэмжээнд аваад үзэх юм бол зөвхөн чипнийхээ хүрээнд 70-80 тэрбум төгрөг шаардлагатай болчихож байна. Тэгэхээр эдийн засаг хүнд тул учраас эхний ээлжинд бог мал, таваарлаг, үржлийн малынхаа түвшинд ээмэгжүүлэх, чипжүүлэх ажлыг хийгээд явах төлөвлөгөөтэй байгаа. Харин 2020 оноос хойш бүх малаа бүртгэлжүүлнэ. Малын бүртгэлийн мэдээллийн сантай болохыг дэлхий нийтээр шаардаж байгаа. Дэлхийн глобал сүлжээнд хамрагдъя гэвэл үүнийг хийхээс өөр аргагүй. Төсөв мөнгөний асуудал нэлээд хүнд байгаа ч нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдал талаасаа ч тэр авч үзэх юм бол энэ салбартаа ач холбогдол өгч онцгой анхаарах хандуулах ёстой. Энэ хууль батлагдаад хагас жил боллоо. Хэрэгжилтийн явц удаашралтай байна. Дөнгөж сая Их хурлаар хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлууд, тухайн тогтолцоог бүрдүүлэх бодлогын шинж чанартай асуудлуудыг хэлэлцэж тогтоолын дүгнэлтийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан. Бүрэн ёсчлох асуудал хүлээгдэж байгаа. Үүн дээр мэдээж төсөв мөнгө, бүтэц орон тооны асуудал яригдана. Тиймээс Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам санаачилгатай ажиллах ёстой. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын асуудлыг бүрэн дэмжих хэрэгтэй.

-Чипжүүлэх асуудал бол малын хулгайтай тэмцэх том ажил болно. Нэгэнт малчид өөрийнхөө өмчийн төлөө өөрсдөөсөө мөнгөө гаргаад чипжүүлэх ёстой биз дээ?

-Одоогоор зөвхөн цөм сүрэг юмуу, үржлийн малыг чипжүүлэх хөрөнгийг улсаас гаргана. Харин малчид дээр очихоор хариуцлагынхаа хүрээнд өөрсдөөсөө мөнгөө гаргаад малаа чипжүүлэх юм. Бид энэ ажлыг хэд хэдэн сумдад туршиж үзсэн л дээ. Тухайн сумдын бүх малыг чипжүүлээд, эрүүл мэндийн хяналтад байлгасан юм. Ингээд “Мах маркет” компанитай гэрээлээд тухайн бүсийн малыг нийлүүлсэн. Компанийн зүгээс үнэхээр бүртгэлжүүлсэн, гарал үүсэл нь тодорхой мал байвал зах зээлийн ханшаас 1000 төгрөгөөр илүү авъя. Унаа тээвэр явуулъя гэсэн. “Мах маркет” компани тухайн малын махыг бүтээгдэхүүн болгоод гаргахдаа үнийн дүнгийнх нь хажууд тухайн малын QR кодыг тавиад өгчихөж байгаа юм. Хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа өөрийнхөө гар утсаар тэр кодыг нь уншуулахад бүх мэдээлэл нь тодорхой гараад ирнэ. Миний идэж байгаа мах тэр малчны тийм малынх юм байна. Тэр сумын тийм нэртэй малын эмчийн хяналт дор эрүүл мнэдийн үйлчилгээ авч, вакцин тарилгадаа оржээ гэх зэрэг нарийн мэдээллүүдийг авах боломжтой. Улмаар тэдэн сарын тэдний өдөр 22-ын товчоогоор орж ирсэн гэдгийг нь хүртэл мэдчихнэ. Дэлхий нийтийн тавьж байгаа шаардлага ерөөсөө л энэ. Малчин хүн өөрийнхөө малын таваарлаг байдлыг өсгөөд, зах зээлд гарах гарцыг нээе гэвэл санаачилгаараа энэ шинэчлэлд хамрагдах ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *