Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Саруул: Гагнуур бол төмрийг оёж байгаа нарийн арга ухаан юм DNN.mn

Барилгын политехник коллежийн Гагнуурын багш Г.Саруултай гагнуурчин мэргэжил болон тус салбарын тухай ярилцлаа.


-Та хэд дэх жилдээ гагнуурчнаар ажиллаж байна вэ?

-Анхны ажлын гараа минь “ТЭЦ-III” байлаа. Тэнд нийт найман жил ажилласан. Түүний дараа ШУТИС-ийг сантехникийн инженерээр төгсөөд зургаан жил ажилласан. Барилгын политехник коллежид 15 дахь жилдээ гагнуурын багшаар ажиллаж байна даа.

-Эмэгтэй хүний хувьд гагнуурчин хүнд ажил биш үү?

-Залуугаасаа гагнуур хийж эхэлсэн. ТЭЦ III-т даралтын шугам гагнадаг байлаа. Эрэгтэй хүний ажил болохоор эмэгтэй хүнд бэрх талдаа. Гэхдээ ажлаа нэг гартаа оруулчихвал түүртэх зүйл байхгүй.

-Зарим хүмүүс бие даагаад гагнуур хийгээд сурчихдаг. Гагнуурчин мэргэжлээр сураагүй хүн, сурчихсан хүний ялгаа юу вэ?

-Мэргэжлийн бус хүнээр заалгачихсан, өөрөө бие дааж сурсан хүмүүс мэргэжлийн үндэс суурийг мэдэхгүй. Нарийн бүтэцтэй ажлыг хийж чадахгүй. Жишээлбэл, өндөр даралттай том шугам хоолойн ажил бол их ур чадвар шаарддаг. Нэг үгээр бол гагнуурчин хүн төмрийг уян болгож, хайлуулж байдаг. Гагнуур бол төмрийг оёж байгаа нарийн ухаан, арга юм. Гагнуурчин гэдэг чинь оёдолчин л гэсэн үг. Уран шаглаа хийгээд гагнаад бөглөж байгааг энгийн хүн хийж чадахгүй. Захын хүнээр энэ хотын дулаан шугам сүлжээний гагнуурын ажлыг даалгах юм бол юу болох билээ. Бид өвлийн хүйтэнд халаалт, халуун усгүй баларна шүү дээ. Хурц уурын шугам хоолойг аргоноор гагнадаг. Хурц уурын өндөр даралттай шугам хооолойг гагнах нь ур чадвар их шаардана. Энэ мэт нарийн төвөгтэй, чадвар шаардсан ажлыг хийгээд байвал салбартаа танигдах юм. Чадварлаг гагнуурчин бол ажилгүй байна гэж байхгүй.

-Гагнуурчин аливаа бүтээн байгуулалтад ямар үүрэг хүлээдэг вэ?

-Барилгын сууриас эхлээд орой хүртэл төмөр ороогүй хэсэг байхгүй. Зүйрлэж хэлбэл, барилгын яс бол төмөр гэсэн үг. Барилгын суурь бол төмөр.

-Гагнуурыг төгс хийдэг болъё гэвэл хэр их хугацаа шаардах вэ?

-Гагнуур хийх сонирхолтой хүүхэд бол өөрийгөө хөгжүүлээд, ур чадвараа сайжруулдаг. Мэргэжилдээ сонирхолгүй хүн бол бахь байрандаа л байж байдаг. Ур чадвараа нэмэгдүүлэхгүй болохоор цалин нь ч нэмэгдэхгүй. Зах зээлд сайн гагнуурчин хүний эрэлт хэрэгцээ их байна. Өөрөө өөрийнхөө төлөө ур чадвараа сайжруулж байгаа гагнуурчин хүний амьдрал өсөөд, дэвшээд л яваад байдаг. Зам нь өөд.

-Санхүүгийн хувьд хэр таатай мэргэжил вэ?

-Цалингийн хувьд тухайн гагнуурчин ямар ур чадвар, ажлын туршлагатай байхаас шалтгаална. Шууд төгсөөд л том бүтээн байгуулалтын нарийн мэргэжлийн гагнуурчны ажлыг хийж чадахгүй шүү дээ. Бага багаар туршлагажих хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Одооны залуус гэнэт хурдан баяжих гэсэн хоосон хүсэл эрмэлзэлтэй байна. Хүн урдах ажлаа сайн хийгээд, хариуцлагатай байхад мөнгө бол хөдөлмөрч хүнийг дагаж байдаг эд. Саяхан манай сургуулийг төгссөн миний шавь нарын нэг С.Ганхуяг ирж уулзсан. Япон улсад гагнуурын жижигхэн бригад байгуулчихсан. Ажлын санал хүлээж аваад ажилладаг болсон гэсэн. Өөрөө их сэргэлэн хүүхэд төгсөөд шууд Япон явсан. Мэргэжилтэй байх ямар сайхан бэ гэдэг эндээс харагдаж байгаа юм. Мэргэжилгүй байсан бол очоод барилга дээр, эсвэл хар ажил л хийнэ. Харин гагнуурчин хүн мэргэжлийнхээ ажлыг хийгээд хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж байгаа юм. Тэр шавь маань Монголд байгаа ангийнхаа хүүхдүүдээ татаад авчихаж байна.

-Ижил чадвартай гагнуурчин Монголд, гадны оронд үнэлэгдэх нь ялгаатай байна уу?

-Мэдээж хөдөлмөрийн дундаж хөлс ялгаатай хоёр орон. Гэхдээ Монголдоо гагнуурчин хийгээд сарын таван сая төгрөг авч байгаа хүмүүс байна. Сурагчид маань төгсөөд Оюу толгойд ажиллах хандлагатай байдаг. Яг мэргэжлээрээ дагнаад ажилласан хүүхдүүд хөдөлмөрийн зах зээлдээ үнэлэгдчихсэн, танигдчихсан. Монголд авьяастай хүмүүсийг үнэлдэг шүү дээ.

-Багш хүний хамгийн сайхан мэдрэмж юу вэ?

-Сурагчид амьдралд хөл тавиад, хэдэн жилийн дараа ирж уулзахдаа сайн сайхан явж байгааг нь харах бахархам шүү дээ. Манай коллежийг төгсөж байгаа хүүхэд бүр дөрвөн сая гаруй төгрөг бэлэн авдаг. Зарим нөхдүүд шууд тансаглаад үнэтэй гар утас авчихдаг. Би сургуулиа төгсөж байгаа хүүхдүүддээ заавал хэлдэг. “Та нар наад мөнгөөрөө нэг гагнуурын аппарат, төмөр тасдагч, гагнуурын баг бас ажлын бусад нарийн багаж хэрэгслүүдээ авчих аа. Амьдралын чинь турш хүнээс багаж гуйхгүй ажлаа олоод хийх боломж чинь шүү” гэж захидаг.

-Та ойролцоогоор хэдэн шавьтай вэ?

-Шавь нарынхаа тоог алджээ. Одоо бүр анхны шавь нарын маань нэг одоо надтай мөр зэрэгцээд багшлаад байж байна шүү дээ. Тэр хүүхэд байхдаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан юм. Намайг их уурлуулна. Одоо өөрөө багш болчихсон “таны уурладаг байсан аргагүй юм байна аа, багш аа” гэдэг юм. Цаг хугацаа их хурдан өнгөрчээ.

-Гагнуурчин болох гэж байгаа хүүхдүүд өөрсдөө сонирхож байна уу, эцэг эхийн шахалт байна уу?

-Шинэ элсэгчид янз бүрийн л шалтгаантай манай сургуульд орж ирдэг. Үнэ төлбөргүй болохоор бас сонгох шалтгаан болох үе ч байна. Нийт 30 хүүхэд шинээр элсэн суралцаж байвал тэдний арав нь л яг өөрийн хүсэл сонирхлоор орж ирдэг. Эцэг эхийн шахалтаар орж ирсэн хүүхдүүд байна. Мөнгө их олдог гээд орж ирсэн хүүхдүүд ч байдаг. Энэ нь үнэн ч хүүхдүүд мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй. Мөнгө их олдог гэдэг сохор хүсэл хүнийг хол хөтлөхгүй. Тэгээд сургуулиа замаас нь орхих болдог. Зөвхөн мөнгө бодох биш хүн хүч хөдөлмөр, цаг хугацаа, зүрх сэтгэлээ ажилдаа шингээж байдаг юм шүү.

-Монголчууд хүүхдээ цагаан захтан болгох гэсэн хандлагатай байдаг. Энэ тухай та юу гэж боддог вэ?

-Манай сургууль үнэгүй болохоор хүний хандлага ямар байгаа нь илт харагддаг. Цагаа хэр барьж байна, үүрэг даалгавар биелүүлж байгаа байдал, ажлын байраа хэр цэвэр цэмцгэр байлгаж байгаа байдлаас илт харагддаг.

-Өнөөгийн залууст биеэ нөөсөн, хойшоо суусан байдал танд ажиглагдаж байна уу?

-Хүн өөрийнхөө сурсан зүйлдээ ханах бус зогсохгүйгээр өөрийгөө хөгжүүлсээр байх хэрэгтэй. Гагнуурчин хүн англи хэл сурч яагаад болохгүй гэж. Шавь нар маань Америк, Франц, Японоос ярих юм. Хэн ч тэдний аманд хоолыг нь хийж өгөөгүй. Өөрсдөө тэнд очиж ажиллаж, хөдөлмөрлөж байгаа юм. Хүн зогсохгүй суралцаад байвал тэр хүнийг үнэлэх нийгмийн үнэлэмж нэмэгдэнэ шүү дээ. Мөн зогсолтгүй эдийн засаг, физик, химийн шинжлэх ухааны мэдлэгээс суралцсаар байх хэрэгтэй. Гагнуурынхаа зургийг гаргаж чаддаг, хийх ажлаа өөрөө үнэлчихдэг байх. Залуучууд маань урдаа зорилго тавих хэрэгтэй байна. Зорилгогүй болохоор унтаад л, гар утсаараа тоглоод байна шүү дээ. Гагнуур хийж чаддаг ч ямар нэгэн зорилго тавахгүй болохоор чадвар нь ашиглагдахгүй байна.

-Залгамж халаа үе тань ямар залуус гарч ирж байна вэ?

-Гагнуурын дадлагын байранд 380 вольтын тог гүйж байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд баримтлах хэрэгтэй. Гэтэл хөдөлгөөнтэй хүүхдүүд хэцүү шүү дээ. Үдийн цайныхаа цагаар дадлагын байрны гадаа гар бөмбөг тоглоод сургуулийн цонх зүгээр байлгахгүй шүү дээ. Гэхдээ ирээдүй хойч үе маань бэлтгэгдэж байгааг харах сайхан. Энэхүү хөдөлмөрт гар бие оролцож байгаадаа багш хүний хувьд баяртай байдаг даа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *