Монголын эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.
-“Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч” эрдэм шинжилгээний хурал саяхан болж өндөрлөлөө. Хурлаар юу юу хэлэлцэв?
-1922 оноос Монгол Улсын орчин цагийн эрчим хүчний салбар үүсч хөгжиж эхэлсэн гэж үзэж тэгш ойнуудаа тэмдэглэж ирсэн. Монгол Улсын эрчим хүчний салбар нь улс орноо эрчим хүчээр хангах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Гэсэн ч манай улсын үндэсний эрчим хүчний найдвартай ажиллагаа техник, эдийн засгийн хувьд алдагдаад олон жил болж байна. Үүнийг тус салбарын талаар гарсан Төрийн бодлогын баримт бичгүүд, судлаачдын эрдэм шинжилгээний ажил, эрчим хүчний үйлдвэрлэгчдийн ажиллагааны бодит байдал нотлон харуулж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт, эх үүсвэрийн чадлын дутагдал, хоёрдугаарт, тоног төхөөрөмжийг сольж чадалгүй удаан ажиллуулж насжилт нь хэтэрсэн, гуравдугаарт, үнэ тарифыг бодит өртгөөс хэт доогуур тогтоож ирсэн зэрэг нь үндсэн шалтгаан болно. Ийм ч учраас Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа Шинэ сэргэлтийн бодлогын нэг чухал хэсэг нь Эрчим хүчний сэргэлтийн бодлого болж байна. Эрчим хүчний яамнаас шинжлэх ухаанд суурилсан эрчим хүчний хөгжүүлэлтийн бодлого, төлөвлөлтийг явуулахыг зорьж арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Эрчим хүчний яамнаас эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулах шийдвэр гаргахдаа, нэг талаас манай эрчим хүчний салбар 100 жилд эх орныхоо хөгжил дэвшилд хэр зэрэг хувь нэмэр оруулав гэдгийг, мөн хүндрэл бэрхшээлээс гарахын тулд эрдэмтэд, судлаачид, шинийг санаачлагч инженерүүдийнхээ санал санаачилга, эрдмийн бүтээлийг улс орныхоо эрчим хүчний салбарыг шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлогод чиглүүлэн, эрчим хүчний шилжилт, тогтвортой хөгжлийг бусад улс орнуудын эрчим хүчний салбарын хөгжүүлэлтийн чиг хандлагад нийцүүлэн явуулахыг зорьсон юм. Монгол Улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага – Шинжлэх ухааны Академи, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Дулаан техник үйлдвэрийн экологийн хүрээлэн дэмжин хурлыг цахимаар зохион байгууллаа.
-Эрдэмтэн судлаачдаас ямар санаа оноо дэвшүүлж байх юм?
-Эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн судлаачид, инженерүүд маань Эрчим хүчний яам, холбогдох газарт эрчим хүч хэмнэж зүй зохистой ашиглая, мөн таны асуугаад байгаа альтернатив ангилалд багтах экологийн цэвэр эрчим хүчний станц болох Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хурдан барихад орон нутгийн ард иргэд саад битгий болоорой, дэмжиж туслаарай гэх уриалга гаргая гэсэн саналууд гарсан. Илтгэлүүдийг цахимаар нийтэлж нийтийн хүртээл болгох, эрдэмтдийн гаргасан саналыг нэгтгэн боловсруулж бэлтгэх эрдэмтдийг томилоод байна.
-Альтернатив буюу эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн талаар танилцуулсан байна. Альтернатив гэх шинэ эрчим хүчний үүсвэрийг хаанаас гаргаж байгаа гэсэн үг вэ?
-Манай улс үндсэндээ нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудыг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж ирсэн. Альтернатив эрчим хүч гэх ойлголт нь одоо бидний ашиглаж байгаагаас арай илүү дэвшилттэй буюу хэрэглэж байгаагүй шинэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг олж судалж, улмаар аль боломжит сайн шийдлүүдийн аль нэгийг сонгон хэрэглэх тухай ойлголт юм. Ер нь сэргээгдэх эрчим хүч, цөм, устөрөгч, метанол гээд манайд ашиглаж эхэлж буй болон ашиглаж байгаагүй, цаашид ашиглах боломжтой эрчим хүчний технологи, цахилгаан станцуудын талаар илтгэлүүд тавигдсан.
-Альтернатив эрчим хүчийг юунд, хэрхэн хэрэглэдэг вэ?
-Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах малтмал органик түлшийг хэмнэх, улмаар түлшний шаталтаас үүсч орчинд хаягддаг хортой хий болон хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилгоор ашиглахыг эрмэлзэн ашиглах технологи боловсруулах судалгаа хийж байна. Ямар ч эрчим хүчний эх үүсвэр, технологи ашигласан байна, эцэстээ цахилгаан, дулааныг гарган авдаг. Одоохондоо альтернатив гэх төрлийн эрчим хүчний технологи нь нүүрстэй адил бидний хэрэглэж байгаа эрчим хүчний ихэнхийг үйлдвэрлэх болно. Эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах бага чадлын нарны зайн системийн үр ашгийн харьцуулсан судалгаа, Монгол орны цаг уурын нөхцөлд 200 МВт нар, нүүрс хосолсон дулааны цахилгаан станц байгуулах судалгаа, Бага чадлын түлшээ үржүүлэн шатаадаг реакторын дизайны судалгаа зэрэг хэд хэдэн илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.
-Дэлхийд альтернатив эрчим хүчний хэрэглээ ямар түвшинд байдаг вэ?
-Товчхондоо маш өндөр түвшинд хүрч, хамгийн оюуны багтаамжтай, өндөр технологи, ухаалаг технологи ашиглаж байгаа даа.
-Манай улс эрчим хүчний хараат. Бид эндээс гарах гарц гаргалгаа юу байна?
-Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогоор тодорхойлсон “Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар мөн” гэсэн заалт бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна. Үүнийг төр засгийн дээд түвшинд болон бүх түвшинд шийдвэр гаргах бүртээ санаж байх ёстой. Улс орныг цахилгаан, дулаанаар хангах асуудал нь нүүрсний уурхайгаас эхлээд ДЦС, дамжуулах, түгээх шугам сүлжээнээс бүрдсэн цогцолбор байдаг. Үүнийг салгаж болохгүй эрчим хүчний үйлдвэрлэлийн цогцолбор технологи юм. Олон улсын жишгээр авч үзвэл, Эрчим хүчний салбар нь түлш олборлох, боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх түгээх, борлуулах үйл ажиллагаанд оролцдог бүх салбаруудын нэгдэл. Бидний амьдарч буй энэ цаг үед нийгэм, эдийн засагт хэрэгцээт эрчим хүчийг гарган авахад их хэмжээний түлш хэрэглэж байгаа бөгөөд эрчим хүчний салбар нь бүх улс орны нийгмийн дэд бүтэц, үйлчилгээний чухал хэсэг. Цаг алдалгүй одоо авах арга хэмжээний талаар хэдэн зүйл хэлье. Үнэ тарифыг ядаж эрчим хүчний салбар алдагдалгүй ажилладаг хэмжээнд хүргэх. ДЦС-уудыг нүүрсээр хангадаг нүүрсний уурхайнуудыг (Багануур, Шивээ-Овоо) ЭХЯ-ны шууд харьяанд оруулах. Эдгээр нь Эрдэнэс Монголын охин компани, улмаар Уул уурхайн яамны харьяа хэр нь Засгийн газрын тухай хуулиар Эрчим хүчний сайд хариуцлага хүлээхээр байгаа нь хоёрдмол байдал үүсгэдэг. “ДЦС-4” ТӨХК-д нэг зуух шинээр суурилуулах зайлшгүй шаардлага бий болжээ. (72 сая доллар). Амгалан ДС-ыг нэмж нэг зуухаар өргөтгөх (70 сая доллар). Түлш, эрчим хүчийг хэмнэх талаар хэлэхэд, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг Засгийн газар онцгой анхаарч тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд, хамрагдахгүй аж ахуйн нэгж, айл өрх үлдэж болохгүй. Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын нэгэн хэсэг нь системийн ачааллын графикийг тэгшитгэх явдал мөн. Шөнийн бага ачааллын үед ажиллах үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэх нь эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулахын зэрэгцээ оройн оргил ачааллыг бууруулах нэгэн арга болгон хэрэгжүүлэх боломжтой. Зөвхөн өвлийн их ачааллын үед том чадлын хэрэглэгчдийн ажиллах цагийн графикт өөрчлөлт оруулах замаар системийн оройн болон шөнийн бага ачааллыг тэгшитгэх шаардлагатай.
-Манай улсын үндэсний эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахад цаашид юуг хийх ёстой вэ?
-Хэтийн хөгжлийн талаар хэдэн зүйл хэлье. Манай улс нүүрс, нар, салхины эрчмийн нөөцөөр баян орон. Эл баялагтаа тулгуурлаж бид эх орныхоо эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах төдийгүй экспортлогч орон болох ёстой. Экспортлогч орон болохын тулд хөрш орнууд эрчим хүч нийлүүлэх, экспортлох хууль эрх зүйн орчныг олон улсын түвшинд бүрдүүлж, гэрээ хэлэлцээр зэргийг байгуулах шаардлагатай. Дэлхий нийт нүүрснээс татгалзаж байгаа өнөө үед өөрийн орны нүүрсний нөөц баялгийг хаягдал багатай, экологи, эдийн засгийн хувьд үр ашигтай байж болох цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлж хэрэгтэй болжээ. Дэлхийн болон манай орны эрчим хүчний салбар нэг хэсэгтээ нүүрсэнд тулгуурлах нь зайлшгүй. Харин нүүрсийг боловсруулж ашиглах судалгаа шинжилгээг эрт эхлүүлж, нүүрс устөрөгчийн энерги буюу метанол гаргах, нүүрсний хий зэргийг ашиглах хөгжлийн шийдлийг боловсруулах, ирээдүйн ийм төрлийн станцуудыг байгуулж эрчим хүч үйлдвэрлэх хэрэгтэй байна. Ойрын үед болон дунд хугацаанд эрчим хүчний салбарын талаар Засгийн газрын хөтөлбөрт орсон шинэ сэргэлтийн бодлогоор хэрэгжүүлэх ажлыг бүрэн хийх. Засгийн газар эрчим хүчний сэргэлтийн таван зорилтыг дэвшүүлж, эдгээр таван зорилтод хүрэх 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг төлөвлөсөн. Төслийг цаг хугацаанд хэрэгжүүлмээр байна. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан эрчим хүчний төслүүд нь зөвхөн эрчим хүчний салбар, эрчим хүчний үйлдвэр компаниудад хамааралтай биш юм. Манай улсын эдийн засаг, нийгмийн бүх салбар хөгжих суурь нөхцөл болох нь ойлгомжтой. Эдгээрийг амжилтай хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, эрдмийн хамт олон судалгаа шинжилгээнийхээ ажлыг чиглүүлэх хэрэгтэй. Одоо барьж байгуулах ажлыг эхлүүлэх нөхцөл нь үндсэндээ бүрдээд байгаа Багануурын ДЦС (400 МВт), Таван толгойн ДЦС (450 МВт), Эрдэнэбүрэнгийн УЦС (90 МВт), Чойр-Сайншандын 230 км урттай 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих. Эрчим хүчний салбарыг эдийн засгийн аргаар удирдах цаг болжээ. УИХ, Засгийн газар, Яам нь бодлогын хүрээнд, Эрчим хүчний зохицуулах хороо нь компаниудыг эдийн засгийн хувьд алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ДҮТ нь хамгийн үр ашигтай горимоор ажиллуулах, компаниудад компанийн хуулийн ёсоор ажиллаж өөрийгөө бүрэн санхүүжүүлэн найдвартай ажиллагаагаа хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх.
Эцэст нь, Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ зэрэг нь тасралтгүй ажиллагаатай, улс орныг бүхэлд нь хамарсан суурь дэд бүтцийн салбар тул тэнд мэргэжлийн ажиллагсад ажилладаг бөгөөд ялангуяа удирдах ажилтнуудад нь шатлан дэвших замаар томилогдсон эрчим хүчний мэргэжлийн инженерүүд байх ёстой гэдгийг тодотгоё.