Хөдөлмөрийн яамны Ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн дарга Г.Оюунбилэгтэй ярилцав.
-Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, ажилгүйдлийн түвшин ямар байгаа талаар яриагаа эхлэх үү?
-Өнөөдөр нийт хүн амын 60 гаруй хувь нь 15-аас дээш насны хөдөлмөрийн насны хүн ам байна. Түүн дотроо 1176.0 мянга буюу 63.1 хувь нь эдийн засгийн идэвхитэй хүн ам байна. Эдийн засгийн идэвхгүй хүн амд суралцагсад, гэрийн ажилтай, хүүхдээ харж байгаа хүмүүс, тэтгэврийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордог бөгөөд эдгээр нь 718.5 мянга буюу 36.9 хувийг эзэлж байна.
Энэ оны төгсгөлд гурван сая дахь иргэнээ угтах төлөвтэй байгаа Монгол Улс хүн амын бүтцийн хувьд хамгийн тааламжтай хөдөлмөрийн насны хүн зонхилсон тэтгэвэр авагсад, хүүхэд зэрэг асрамж, халамж шаардсан давхаргын ачаалал бага байгаа энэ үеийг судлаачид “хүн амын цонх үе” гэж нэрлэж хөдөлмөрийн зах зээлд эерэг дохиог бий болгосон эдийн засгийн хөгжлийг түргэтгэх тааламжтай үе гэж үзэж байна.
Ажилгүйдлийн түвшин 2012 оны мөн үед 8.4 хувь, 2013 онд 7.3 хувь, 2014 онд 8.4 хувь байгаа бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэн 33879 болж буурсан байхад шинэ ажлын байранд орсон иргэдийн тоо 39935 болж нэмэгдсэн зэрэг хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд байнга хэлбэлздэг эдийн засгийн төлөвийн эерэг сөрөг тусгал нь болж байдаг. Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн зах зээлийн төлөвийг судалж иргэдээ ажилтай орлоготой байлгах, ажилгүй иргэн, бүртгэлтэй ажилгүй иргэнээ зөв тодорхойлж тэдэнд хүрч үйлчлэхэд нэлээд ажлууд хийгээд байна.
-Ажилгүйчүүдийн дотор дээд боловсролтой хүн олон байгаа нь ямар учиртай вэ?
-Тиймээ ажилгүй иргэдийн дотор дийлэнх хувийг их дээд сургууль төгсөгчид эзэлдэг. Тэдэнд сонголт хийх ажлын байрны захиалга бага байгаагийн зэрэгцээ шинэ төгсөгчид байнга нэмэгдэж хүрээгээ тэлсээр байна. 1990-ээд оноос хойшхи хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлыг хатуугаар хэлэхэд зохицуулалт багатай, эмх замбараагүй хар зах дээр наймаа арилжаа хийж байгаа адил хүн бүр тойм төдий мэдээлэлд тулгуурлан, дээд боловсролыг харанхуйгаар шүтсэн, ажлын байрны эрэлт, өөрийн ирээдүйг тооцох боломж багатай нөхцөлд мэргэжил сонгон хөдөлмөрийн зах зээлд бэлтгэл муутай орсны тааруу үр дагавар одоо хүртэл үргэлжилж байна. Нэг үе зуу хол давсан их дээд сургуульд зуун мянга хол давсан оюутан суралцаж байсан гээд бод доо. Юу хэлэх гээд байна гэвэл эдийн засгийн дээд боловсролтой худалдагч, хуулийн дээд боловсролтой харуулууд бэлтгээд байгаа тэр олон сургуулийг хариуцлагажуулж төгсөгчид нь мэргэжлээрээ ажилд орж, тогтвортой ажиллаж байгаа байдлаар нь кредит оноо цуглуулан үнэлгээ өгдөг чанарын удирдлагын систем нэвтрүүлэн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжилтэн бэлтгэж чадаж байгаа эсэхээр эрэмбэлсэн эдийн засгийн хөшүүрэг бүхий эрэлт нийлүүлэлтийн захиалгыг нэвтрүүлэхэд л тэр олон чанаргүй сургуулиад бүтцийн өөрчлөлтөд орж, нийлж нэгдэх, элсэлтээ цөөлөх, эсвэл хаалгаа барих нь тодорхой болно.
Үүнийг жишвэл худалдан авагчдын эрэлтийг сайн судалсан барааны сонголт сайтай супермаркетийн сүлжээний маркетингийн шилдэг шийдэл, давуу талуудтай төстэй эргэх холбоо бүхий үнэлгээ мониторинг сайтай зах болгон төлөвшүүлэх хэрэгцээ байна гэсэн үг. Манай яамнаас баримтлах бодлогын хүрээнд дээрхи асуудалд анхаарлаа хандуулж байгаа.
-Хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах талаар Хөдөлмөрийн яам ямар, ямар ажил хийж байна вэ?
-Хөдөлмөрийн яам бие даасан тогтолцоо болон хөгжсөнөөр хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсролын тогтолцоо, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудлуудаа цогцоор нь хөгжүүлэхээр зорьж багагүй ажлуудыг амжуулсан байна.
Үүний дотроос ХЗЗ-ийн бүртгэл мэдээллийн шинэ систем нэвтрүүлж, хөдөлмөрийн судалгааны институт хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийж, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ иргэдэд ойртсон, мөн зорилтот бүлгүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдээр дамжуулан иргэдээ ажилтай орлоготой болгох чиглэлд арга хэмжээ авч ажилласан нь нийгэмд хүчтэй бий болсон халамжийн сэтгэлгээ, гадаадад гарч ажиллах сонирхол зэргийг өөрчилж эх орондоо ажиллаж амьдарч болно гэдэг хандлагыг бий болгосон гэж боддог.
Мөн хөдөлмөрийн зах зээл дээр бий болоод байсан мэргэжилтэй ажиллах хүчний дутагдлыг нөхөхөөр үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжсэнээр иргэд сураад мэргэжилтэй ажилтан болъё гэдэг хандлага бий болж ажилгүй байсан иргэдийг гэрээс нь гаргаж чадсан гэдгийг бид бүгд мэднэ. Энэ хөтөлбөрийн давуу тал бол ажил олгогчийн захиалгад үндэслэн мэргэжилтнээ бэлтгэсэн төдийгүй ажил олгогчтой гэрээ байгуулан суралцагсдаа тогтвортой ажлын байртай болгоход чиглэгдсэн ажлын эхлэл болсон.
Тухайлбал улс орны хэмжээнд хүний нөөцийн эрэлтийн хэтийн болон ойрын төлөвлөлтөөр чиглүүлж, төлөвлөлтөд суурилсан эрэлтийн захиалгыг мэргэжил бүрээр бүс нутгаар сайн хийгдсэн судалгаа бүртгэлийн системд тулгуурлан хийх эхлэл болсон. Энэ эрэлтэд үндэслэсэн квот захиалгаа их дээд сургууль МСҮТ –рүү хүргүүлдэг, квот тооны хязгаарыг хатуу мөрдөн, улмаар сургалтанд зарцуулдаг эдийн засгийн үргүй зардлыг багасгах, мэргэжилтэн бэлтгэх шалгуур, босгыг нэмснээр өрсөлдөх чадвартай боловсон хүчний тухай ярих болно. Үүнийг дагаад ЕБС-ийн сургалтын агуулга, хандлагад өөрчлөлт орно гэж найдаж байна.
-Хүмүүс ажлаа байнга сольдог хувиараа орлого олдог хүмүүс татвар даатгалаас зугтахын тулд бүртгэлээс зайлсхийдгийг бүгд мэднэ. Тэднийг тэр бүр бүртгэх боломж байгаа юу?
-Энд л асуудал байгаа юм. Юун лангуу түрээслэгч, юун такси эрхлэгч, бүтэн байраар нь орон сууц эзэмшсэн, хэдэн давхар барилга түрээслэн аж ахуй эрхэлж, хэдэн тэрбумын эргэлттэй худалдаа эрхэлж байгаа мөртлөө НӨАТ төлөгч ч биш, орлого нь тодорхойгүй ангилалд хамрагдан, нийгмийн даатгалын гадна ажилгүй иргэний бүртгэлд байхыг үгүйсгэхгүй байна. Нэг жишээ ярья. Германд болсон сургалтын дадлагын хичээлээр захиргааны хэргийн шүүхээр нэгэн эмэгтэйн хөдөлмөрийн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцсэн юм. Тэр эмэгтэй ажлаас халагдчихаад Хөдөлмөрийн албанд хандан ажилгүйдлийн тэтгэмж авч байхдаа нэгэн танилынхаа ажлын байранд түр ажиллаж 5 хоногийн цалин авсныхаа төлөө 3 сарын тэтгэмжээ буцааж төлөх мөн шударга байж энэ тухай мэдэгдээгүйн төлөө торгуулийн шийтгэл хүлээсэн. Германы хуульд хүн ажиллуулж цалин өгсөн л бол заавал даатгал төлдөг тул ажил олгогч танил нь эмэгтэйн өмнөөс даатгал төлж тайлагнаснаар ажилгүйдлийн тэтгэмж авч байхдаа давхар цалин авсан нь илчлэгдсэн хэрэг.
Татвар даатгалын бааз нь өргөжөөд хувь хэмжээг нь багасгавал нийгмийн даатгалын ач холбогдол өсч хамрах сонирхол нэмэгдэнэ. Манайд аж ахуйн нэгжүүдэд татвар даатгалын дарамт их, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хуулийн гадуур байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн задрал, эмх замбараагүй байдлыг өөгшүүлж байгааг үгүйсгэхгүй.
Тогтвортой ажилладаг ажилтантай барилга зам гүүр, үйлчилгээний салбар цөөрч түр ажлын байр, гэрээт ажилтан, туслан гүйцэтгэгч гэх мэт ойлголт хавтгайрч байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн сул тал болоод байна.
– Үүнийг ямар арга замаар зохицуулбал болох вэ?
-Энд эдийн засгийн болоод эрх зүйн хөшүүрэг хэрэгтэй. Жишээ нь, олон улсын болон үндэсний хэмжээний том төсөл хөтөлбөр гэрээний салшгүй хэсэг нь хүний нөөцийн менежментийн асуудал байхаар тусгаж, хичнээн шинэ ажлын байр бий болгох хэдэн хүн тогтвортой ажиллуулах нь хөдөлмөрийн салбарын төдийгүй улс орны хөгжлийн тэргүүлэх ач холбогдол байхаар хандах хэрэгтэй байна. Иймд татвар ашиг орлого байгаль орчны нөхөн төлбөрийн асуудал чухал ч уг төслөөс Монгол хүнд хүртэх үр өгөөж нь тогтвортой ажлын байр, цалин хөлсний асуудал, ажлын орчин нөхцөл, томоохон төслийг дагасан амьдарлын орчин, ажиллагсдын нийгмийн асуудлыг багтаасан хот тосгоны дэд бүтэц байгуулалт орхигдоод байгааг өөрчлөх шаардлагатай. Хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр бүтээн байгуулалт төсвийн хөрөнгөөр хийгдэх томоохон ажил үйлчилгээний нэг шалгуур нь хичнээн хүнд ажлын байр бий болгох зэргийг тусгах, түүний гүйцэтгэлийг нь хянадаг систем тогтолцоог хөгжүүлэх шаардлага байгаа. Энэ чиглэлээр манай яам бодлогын чиглэлдээ тусган бусад холбогдох яамдуудтайгаа идэвхитэй хамтран ажиллахаар төлөвлөөд ажиллаж байна.
М.СҮРЭН