Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй “Зах, худалдааны төвүүдийг хаахгүй”

Нийслэлийн Онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн шөнө угаартай холбоотой 8 дуудлага ирсэн байна. 6 хүүхэд, 2 том хүн эмнэлгийн тусламж үйлчлгээ, зөвлөгөөг аваад гэртээ буцсан. Өнөөдрийн байдлаар угаарын хийнд хордсон нэг том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Байдал хэвийн байна гэж ойлгож болно. Дуудлагын шалтгаан нөхцлийг үзэхэд, яндан хөөлөөгүй, сойлтыг нь хаасан, түлш дүүртэл хийсэн байсан.

Та бүхэнд зайлшгүй хүргэх, залруулах мэдээлэл байгаа. Өчигдөр нэгэн эмэгтэй дуут мессеж тараасан. Энэ ор үндэсгүй худал мэдээлэл.

Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол гарсан. Энэ дагуу НОК нээлттэй хуралдаж, ямар төлөвлөгөө гаргах, арга хэмжээ авах талаар хуралдсан. Цагаан сарыг өргөн тэмдэглэхгүй. Гэхдээ зах, дэлгүүрүүд хаагдахгүй ээ. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт өнөөдрөөс эхэлж тодорхойгүй хугацаагаар шилжиж байна. Зарим аймагт өнөөдрөөс ч өмнө шилжсэн. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх техник хэрэгсэл, машин тэргээ бэлэн байдалд оруулахаар төлөвлөхийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих гэж хэлж байгаа юм. Тиймээс ард иргэд минь битгий айж сандраарай. Монголд энэ вирус одоохондоо бүртгэгдээгүй.

Түрүүчийн хэвлэлийн хурлын үеэр дутуу байгаа 120 мянган угаарын хий мэдрэгчийг энэ долоо хоногт авчирна гэж мэдээлсэн. Гэвч энэ боломжгүй болсон. Хятадын томоохон хотууд бүгд хорио цээрийн дэглэмд шилжсэн. Угаарын хийн мэдрэгч үйлдвэрлэдэг үйлдвэрийн ажилчид бүгд хорио цээрийн дэглэмд байгаа учраас хоёрдугаар сард ирэх боломжгүй болсон” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *