Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Мөнхбаяр: Олимпиадын зохион байгуулалт Монголын нэр хүндтэй холбоотой учир анхаарч ажиллаж байна DNN.mn

Монгол Улсын Их Сургуулийн физикийн тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Монгол Улс 23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадыг зохион байгуулна шүү дээ. Энэ талаар тодруулаач?

-Азийн физикийн олимпиад нь жил бүрийн тавдугаар сард зохиогддог. Монгол Улс 2003 оноос хойш Азийн физикийн олимпиадад оролцож эхэлсэн. 2008 оны Азийн физикийн IX олимпиадыг эх орондоо зохион байгуулж байсан туршлагатай. Энэхүү олимпиадад Азийн 25-30 гаруй улс оролцдог. Энэ жилийн тухайд манай улс зохион байгуулах эрхийг авч тун удахгүй тавдугаар сард зохион байгуулна.

-Азийн физикийн олимпиадыг зохион байгуулахтай холбоотой энэ оныг физикээр амьсгалах жил болгож өнгөрүүлнэ гэсэн үү?

-Тийм. Азийн физикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулах ажилтай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын физикийн нийгэмлэгээс багш сурагчдыг физикээр амьсгалуулах жил болгож зарласан юм. Энэ хүрээнд 21 аймгийн багш сурагчдад физикийн хичээл, үзүүлэн туршилтууд явагдаж байна. Ирэх долоо хоногт Увс аймагт миний бие физикийн сургалтын багийг ахалж оролцохоор болсон. Энэ долоо хоногт сургалт Хөвсгөл аймагт болж өнгөрсөн гэх мэтчилэн 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээр тойрон сургалт, туршилтыг хийхээр төлөвлөсөн байна.

-Олон улсын физикийн олимпиадад ямар бодлогууд орж ирдэг вэ?

-Сүүлийн жилүүдэд олон улсын физикийн олимпиадын бодлогууд ахлах ангийн сурагчдад шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, нээлтүүдтэй холбоотой бодлогуудыг өгч шийдлүүдийг нь гаргуулдаг нэлээн хүнд бодлогууд орж ирдэг. 2018-2020 он хүртэл Нобелийн шагнал авсан шинэ нээлтүүдтэй холбоотой бодлогуудыг ахлах ангийн сурагчдаар бодуулж байна. Энэ нь олон улсад физикийн түвшин, сургалт ямархуу хүрээнд байгаа гэдгийг шалгадаг том шалгуур. Үүнээс Азийн физикийн олимпиад нь олон улсын олимпиад хүүхдүүдээс хоёр дахин илүү их оюуны хүч шаарддаг, оюуны потенциал шалгадаг том олимпиад юм. Учир нь Ази бүсэд БНХАУ, Энэтхэг, Израиль, Сингапур, Хонконг гэх мэт дэлхийн хүчирхэг орнууд оролцдог учраас Азийн олимпиад нэлээн чанга бодлогуудтай, хүнд олимпиад байдаг

Олон улсын олимпиадад дэлхийн 80 гаруй орон оролцдог учраас Азийн физикийн олимпиадыг бодвол бодлогын хувьд түвшин доогуур ч цар хүрээ, хүүхдүүдээр хийлгэж буй байдлыг хараад үзэхэд сүүлийн жилүүдэд нэлээн чанга, шинжлэх ухааны шийдлүүдийг олуулах гэдэг нь онцлог юм. Азийн физикийн олимпиадад Монгол Улс нийтдээ гурван медаль, дөрвөн шагналт байртай, олон улсын физикийн олимпиадад найман мөнгөн медаль, хорь орчим хүрэл медаль түүнтэй дүүцэхүйц шагналт байрыг эзэлсэн байна. Азийн физикийн олимпиад нэлээн чанга учраас манай улс сүүлийн жилүүдэд шагналт байр хавьцаа оролцож, зарим жилүүдэд шагналт байрт орохгүй оролцох үе бас бий.

Тэгэхээр ямар хүнд шалгууртай олимпиад болох нь харагдаж байна. Энэ жил манай улс зохион байгуулж байгаа учраас хүнд, илүү шинжлэх ухааны шийдлийг олуулах бодлогууд тавих байх гэж миний зүгээс харж байна. Миний хувьд сүүлийн гурван жил олон улсын физикийн олимпиадад Монголын физикийн багийг ахалж оролцож, 2019 онд Азийн физикийн олимпиадад Монголын багаа ахалж Австралид оролцож байсан. Энэ жил бодлого, туршилт, зохион байгуулалтын ажлууддаа анхаарч байгаа. Олимпиадын зохион байгуулалтын ажил нь Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал учраас их анхаарч ажиллаж байна. Багийг бэлдэх багш нарын баг, бодлогуудыг тавих бодлогын комисс гарч бүх зүйлд анхаарч ажиллаж байгаа.

-Байгалийн шинжлэх ухаан математик, физик ямар ач холбогдолтой вэ?

-Ач холбогдлын хувьд гэвэл аливаа зүйлийг олон талаас нь харах, асуудлыг өөр өөр өнцгөөс харж шийдэх шийдлүүдийг шинжлэх ухааны хэллэгээр буюу физик, математикийн хэллэгээр илэрхийлж хүүхдүүдэд олгодог. Хүн бүр математикч физикч болох албагүй ч хүн бүр амьдрал дээр гарч буй ямар нэгэн асуудлыг шийдэх шийдлийг мэддэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, байгалийн шинжлэх ухаан асуудал шийдэх шийдэлд их чухал үүрэгтэй. Түүнчлэн байгалийн ухааныг судалсан хүмүүс нийгэм болон хүмүүнлэгийн чиглэлээр суралцахад амархан юм шиг санагддаг. Магадгүй нийгэм хүмүүнлэгийн салбараас гарсан хүмүүс байгалийн ухаан буюу математик, физик, химийг сурна гэдэг тийм ч амар биш байх. Тиймээс хөрвөх чадвартай шинжлэх ухаан гэж ач холбогдлын хувьд ойлгодог.

-Сүүлийн үед хүүхдүүд физикийн хичээлийг хэр их сонирхож байгаа вэ?

-Инженер хүмүүсийн гол суурь үзүүлэлт нь физикийн хичээл байдаг. Тэгэхээр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт физикийн хичээл бараг байхгүйтэй адил нөхцөл байдал үүсчихээд байгаа учраас хүүхдүүд физикийг сонирхох нь багасчихаад байна. Төрөөс бодлогоор байгалийн суурь шинжлэх ухааныг дэмжих, их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг төлбөрөөс хөнгөлөх зэргээр дэмжиж инженерүүдийг бэлдэх хандлагаа нэн түрүүнд тавихгүй бол суурь шинжлэх ухааныг хүнд гэж сонгож буй хүүхдүүд их цөөхөн байна. Энэ бол зөвхөн Монголд ч биш, дэлхийн томоохон сургуулиудын байгалийн ухааны хүүхдүүд цөөхөн байдаг.

Тиймээс төрөөс бодлогоор дэмжиж байж урт хугацаандаа хүүхдүүд сонирхоно, түүнээс өнөө маргаашдаа хүүхдүүд олноор сонирхож, сонгохгүй. Би гадаадад олон их сургуульд зочилж байсан, физикийг сонгож буй оюутнууд манайхтай адил цөөхөн байдаг.

-Хүүхдийг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгож, энэ салбарт дурлуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, ЕБС-ийн хөтөлбөрт анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, олон нийтийн телевизээр төрөл бүрийн нэвтрүүлэг, контентууд явдаг. Түүний оронд шинжлэх ухааны, инженерийн чиглэлийн нэвтрүүлэг бэлтгэж гаргаж хүүхдүүдийг багаас нь инженер сэтгэлгээтэй болгож байж хүүхдүүд илүү дурлах юм.

Телевизээр шинжлэх ухааны, инженер сэтгэлгээний нэвтрүүлгүүд их ховор гардаг. Физикийн улсын, хотын, дүүргийн олимпиадуудад олон хүүхэд оролцдог ч ахлах ангиасаа өөр мэргэжил сонгодог нь ажиглагддаг. Гуравдугаарт, ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах сургалт их хийх хэрэгтэй. Багш нар сайн байж хичээлээ сонирхолтой зааснаар багшийгаа дагаад сурагчид тухайн хичээлд сонирхолтой болдог. Тиймээс багш нарыг чадавхжуулах ажилд илүү анхаараасай гэж боддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *