Categories
мэдээ цаг-үе

Г.Гантулга: ХААИС-ийг “Эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг их сургууль”-иар өргөмжилсөн нь их итгэл хүлээлгэсэн хэрэг

Эрдэмтэдийн судалгааны аж­лын үр дүн хүмүүсийн амьд­ралд хэр хүрч очдог вэ. Үйлдвэрлэл болж улс ор­ны хөгжилд түлхэц болохгүй юмаа гэхэд аливааг хөнгөвчлөх арга, технологи, жор норм нь хүмүүст хүрч, хэрэглээнд нэвтэрч чадаж байна уу. Цаашилбал, Төрөөс тусгай бодлоготойгоор за­хиалгаар хэрэгжүүлдэг судалгааны төслийн үр дүн хаана хүрч ямар бэрхшээлтэй нүүр тулаад зогсдог вэ… Хүний нөөц, лабораторийн орчин нь дэлхийн жишигийн хаана нь явна. Энэ мэт эхлэл төгсгөлгүй олон асуулт шинжлэх ухааны салбарт бий.

Судлаачдынх нь бүтээл хамгийн их үйлдвэрлэлд нэвтэрэх боломжтой салбар бол Хөдөө аж ахуй. Тиймээс дээрх асуултад хариулт авч, ХААИС-ийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжлийн чиглэлээр баримталж байгаа бодлогыг сонирхохоор тус их сургуу­лийн Эрдэм шинжилгээ эрхэл­сэн дэд захирал, профессор Г.Гантулгатай ярилцлаа. -Судалгааны үр дүн цаасан дээр үлдэхээргүй болох нь гэх нааштай мэдээ яригдаж байна. Судлаачдын судалгааны үр дүн хөрсөн дээр буух эрх зүйн хийгээд бусад хүчин зүйл манай улсад хэр бүрдсэн бол. ХАА-н салбар шинжлэх ухаанд ийм боломж хэр байна вэ?

-Мэдлэгийг баялаг бол­гох гол суурь болсон Ин­но­­вацийн тухай хууль 2012 онд батлагдсан. Хуу­лийг хэрэгжүүлэхийн тулд дагалдах 20 гаруй жу­рам бо­ловсруулагдах шаард­лага байгаа. Эдгээрээс судлаачдын хувьд хамгийн их хүлээлт үүсгэсэн нь эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани бай­гуулах тухай журам байлаа. Уг журам өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр батлагдсан. Ингэснээр судлаачдын су­далгааны үр дүн баялаг болж, хэрэглээнд нэвтрэх эрх зүйн орчин бүрдэж байна гэж хэлж болно.

Нөгөө талаар манай суд­лаачдад зах зээлийн нийгэмд судалгааныхаа үр дүнг шууд үйлдвэрлэл,бизнес болгоод аваад явах туршлага бага байдаг нь гол хүндрэл болж байна. Тиймээс судалгааны үр дүнг хөрсөн дээр буулгаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд зуучилдаг байгууллага байх хэрэгцээ байсан. Энэхүү хэ­рэгцээг үндэслэн ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлийн дэргэд судлаачдын бий бол­госон туршилт, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвт­рүүлж, мэдлэгийг баялаг бол­гох зорилготой ХАА-н Экс­тейншний төвийг 2005 онд Канад Улсын олон ул­сын хамтын ажиллагааны агент­лагийн дэмжлэгтэйгээр байгуулсан юм. Уг төв өнөөдрийг хүртэл судлаачдын туршилт, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд хүргэх, сайн туршлагыг түгээх чиглэлээр багагүй ажлыг хэрэгжүүлсэн хэдий ч санаанд хүртэл үр дүнтэй ажиллаж хараахан чадахгүй байгаа. Ер нь бизнес сэтгэлгээтэй, зах зээлийн нөхцөлд мэдлэгийг баялаг болгох чиглэлээр тодорхой туршлагатай, мэргэжлийн баг байж л судалгааны үр дүн үйлдвэрлэлд нэвтэрнэ. Түүнээс эрдэмтэд өнөөгийн нийгэмд судалгаагаа ч хийдэг, үр дүнгээ ч үйлдвэрлэлд нэвтрүүлж амжилтанд хүрнэ гэдэг хүндрэлтэй. Гэхдээ зарим эрдэмтэд ийм эхлэлийг тавьж байна. Цаашид судлаачид маань мэдлэгээ баялаг болгох арга ухаанд суралцах, эсвэл энэ чиглэлийн хүмүүстэй хамт­ран ажиллах шаардлага бий.

Өмнөх нийгэмд төрийн бод­лого, дэмжлэгтэйгээр манай судлаачдын судалгааны үр дүн шууд үйлдвэрлэлд нэвтэрч үр ашгаа өгдөг байсан. Энэ байдал зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эхлээд тодорхой хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж, өнөөдрийг хүрч байна. Гэхдээ манай хөдөө аж ахуйн салбарын хувьд голчлон хэрэглээнд тулгуурласан судалгаа хэрэгжүүлдэгээрээ онцлогтой. Тухайлбал, дэл­хийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөг бууруулахтайхолбоотойгоор ганд тэсвэртэй, богино болцтой та­рималуудын сортыг сорьж турших, нутагшуулах, шинэ сорт бүтээх, хөрсний үржил шимийг хамгаалах технологи боловсруулж нэвтрүүлэх, малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац нэмэгдэж, малын бэлчээр, тэжээлийн нөөц ховордож байгаатай хол­богдуулан нэг малаас авах шимийг нэмэгдүүлж, өн­дөр ашиг шимтэй мал бий болгох, үржүүлэх. Мөн орчин үеийн биотехнологи, нанотехнологийн ололтыг ма­лын генетик, үржил селекцийн ажилд ашиглах, бэлчээрийн зохистой ашиглалт, тэжээлийн ургамлын сорт бий болгох тарималжуулах гэх мэт ХАА-н салбарын өмнө тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд чиглэгдсэн салбарын хөгж­лийн цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон туршилт, судалгаа, хөгжлийн ажил хийгдэж байгаа.

Мөн мал эмнэлэгийн салбар шинж­лэх ухааны судалгааны түвшин харьцангуй бэхэжсэн, гадаадын өндөр хөгжилтэй орны жишигт хүрсэн гэж хэлж болно. Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаачид л гэхэд жилд дунджаар малын төрөл бүрийн өвчнийг онош­лох оношлуур, эмчлэх эм, био бэлдмэлийн 10 орчим технологи бий болгож байна.

-ХАА-н салбарт одоогоор хэчнээн судалгааны төсөл хэрэгжиж байна. Захиалгат төслийн үр дүн үйлдвэрлэлд нэвтэрч чаддаг уу?

-Манай салбарт хэрэг­жүүлж буй судалгааны төслийн үндсэн захиалагч нь Хүнс, хөдөө аж ахуйн яам. Жилд ойролцоогоор 60 орчим Шинжлэх ухаан тех­нологи, инноваци, цөм технологийн болон онолын суурь судалгааны гэх мэт төсөл хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд инновацийн төслийг төрөөс бодлогоор дэмжиж байгаатай уялдан салбарын онцлогоос хамааран мэдлэгийг баялаг болгоход чиглэгдсэн эдгээр төслийн тоо, санхүүжилт нэмэгдэх хандлагатай байгаа.

Үүний зэрэгцээ дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй асуудлууд болох байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байд­лыг хадгалах, хүн амын хүнсний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах зэрэг асууд­лыг хамтын хүч, оюунаар оновч­той, цаг алдалгүй шийд­вэрлэх зорилготой га­даадын болон олон улсын байгууллагатай хамтран хэрэг­жүүлж буй төслийн тоо, хамрах хүрээ эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай салбарын судлаачид олон улсын хамтарсан судалгааны 30 орчим төсөл хэрэгжүүлж байна. Монгол орны хувьд хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл нь бүхэлдээ байгаль, хүрээлэн байгаа орчноос шууд хамааралтай. Байгаль дэлхийн болон биологийн нөөцтэй маш ухаалаг харьцахыг шаарддаг. Тиймээс энэ эмзэг байдлыг хохирол багатайгаар хэрхэн даван туулах, салбарын тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бид гадаадын судлаачидтай илүү үр дүнтэй хамтран ажил­­лах шаардлагатай болж байгаа юм. Тогтвортой хөгжил гэдгийг зарим хүмүүс хөгжлийн үзүүлэлтүүдийн өсөлт гэж ташаа ойлгодог. Энэ бол өнөөдрийн үйлдвэрлэл, хэрэглээгээ хангахын тулд ирээдүйнхээ нөөцийг шавхахгүйгээр ухаалаг, үйлд­вэрлэл үйлчилгээ явуулахыг хэлдэг.

ХАА-н салбарын судлаач­дын судалгааны үр дүн хэр хөрсөн дээр буудаг вэ гэхээр өмнөх нийгмийн үед буюу 1990 оноос өмнө манай судлаачдын су­далгааны ажлын үр дүнгийн 70-аас дээш хувь нь үйлдвэрлэлд нэвтэрдэг байсан. Одоо энэ үзүүлэлт эрс буурч 30 орчим хувь нь хэрэглээнд нэвтэрч үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ энэ нь бусад салбартай харьцуулахад бага­гүй үзүүлэлт боловч мэдээж чамлалттай тоо.

Захиалгат төслийг хэрэг­цээтэй гэж захиалсан бол үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэ­рэг­лээ болгон, үр ашгийг нь хүртдэг байх хэрэгтэй юм. Энэ асуудал санхүүжилт, хөрөнгө мөнгөнөөс хамааралтай ч ин­новацийн дэд бүтэц зах зээлийн өнөө­гийн нийгэмд хараахан төлөвшиж амжаагүйтэй хол­боотой байж болох юм. Тухайлбал ямар ч аргаар хамаагүй ургац л авч байвал болно гэсэн сэтгэхүйгээр хан­даж байна. Нөгөө талаар бид үр хойчдоо эх орныхоо хөрсний үржил шимийг хэдэн зууны дараа ч хүртэх хувь заяаг нь хязгаарлаж болохгүй. Байгалийн асар их нөөцөө өнөөдөр бид ухаалгаар ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагаагаар зохистой ашиглах ёстой. Хураасан тонн тутамд нь биш ашигласан технологид нь урамшуулал олгодог байвал ирээдүйгээ харсан зөв бодлого байх болно. Ийм бодлого хэрэгжүүлж амжилтад хүрч байгаа туршлага бидэнтэй зах зээлийн тогтолцоонд нэг гараанаас гарсан хөрш Казахстан зэрэг оронд байна. Энэ мэт манай орны хөдөө аж ахуйн салбарт ухаалаг, шинжлэх ухаанч шийдэл маш ихээр үгүйлэгддэг. Дээрх асуудлыг шийдэх мэдлэг, оюу­ны чадамж манай салбарын суд­лаачдад хангалттай бий. Харамсалтай нь салбарын бодлого тодорхойлогчид эдгээр болон бусад асуудлыг ойшоох, санах, сэдэх чадамж, чин хүсэл зориг дутуу байна уу гэсэн бодол төрдөг.

-Хүрээлэнгүүдийг сал­­барыг нь харгалзан их сургуульд нэгтгэх ту­хай Ерөнхий сайдын үг эрдэмтэдийг ихээхэн бухимдуулаад байна.Энэ асуудалд Та ямар байр суу­ринаас хандаж байна вэ?

-Эдийн засгийн хэмнэл­тийн горимд шилжих, хүрээ­лэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх асуудлаархи Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгтэй холбоотой янз бүрийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн болж байна. Зах зээлийн нийгэмд олон ургальч үзлийн уралдаан байх нь зүйн хэрэг. Манай салбарын хувьд Засгийн газрын 1997 оны 31-р тогтоолоор ХАА-н толгойлох эрдэм шинжилгээний хү­рээ­лэнгүүд ХААИС-ийн ха­рьяанд нэгдсэн бодлого үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж байгаа. Салбарын эрдэм шинжилгээний хү­рээлэнгүүдийн үндсэн үйл ажиллагааг ХАА-н Шинжлэх ухааны академи, ХААИС шинжлэх ухаан, инновацийн бодлого, үйл ажиллагааны менежментээр хангаж ажиллаж ирсэн. Хүрээлэнгүүд нь ХААИС-ийн захиралтай менежерийн үр дүнгийн гэрээ байгуулж өдөр тутмын бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий сайдын хэлсэн энэ санал 1997 оноос манай их сургууль дээр хэрэгжээд явж байна гэж ойлгож болно. Миний хувьд тийм ч алдаатай зүйл биш гэж бодож байна. Манай орон жижигхэн улс. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгуур салбарын хөгжлийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй ухаалгаар, алсын хараатай шийдвэрлэхэд бидэнд салбар, салбарын судлаачдын бүтээлч хамтын ажиллагаа юу юунаас чухал. Хөдөө аж ахуйн дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын хувьд ойрол­цоо чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хэрнээ нэг зүйлийг өөр өөрийн өнцөгөөс харж, тайлбарлах нь үр дүнгүй юм.Нийлээд, хамтараадяривал холыг харсан, зөв шийдвэр гарч, илүү үр дүнд хүрэх боломжтой. Тэгээд ч өнөөдөр дэлхийн асуудлыг нэг лаборатори, нэг эрдэмтэн, сургууль хүрээлэн тус тусдаа шийдэж чадахгүй. Олон шинжлэх ухааны уулзвар дээрээс хэд хэдэн их сургууль, хүрээлэн тэр байтугай бүс нутаг, олон орны хэмжээнд ярилцаж, их хүчээр хамтран ажиллаж шийдвэрлэж байна. Тэгэхээр үүнийг оновчтой шийдэл гэж үзэж байгаа.

-ХААИС-ийн бэлт­гэн гаргаж байгаа мэргэжилт­нүүдээс ХАА-н салбарын ирээдүй яах аргагүй ха­мааралтай. Чадварлаг, нийг­мийн эрэлт хэрэгцээнд нийцсэнмэргэжилтэн бэлт­гэхийн тулд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?

-Чадварлаг хүний нөөц нийгмийн хөгжлийн тул­гуур юм. Ялангуяа ХАА-н са­л­барын хөгжлийг тодор­хойлоход онцгой ач хол­бог­долтой. Бид дээд боловс­ролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх алхмуудаа то­­дор­хойлохын өмнө “гиш­гэ­сэнээ эргэж харах” шаард­лага зайлшгүй гарсан. Бака­лаврын хөтөлбөрийн хувьд маш их тэлэлт бий болсон байсан. Тухайлбал 50 гаруй мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэвч ахисан түвшин буюу магистрт 32, докторт 20 гаруй хөтөлбөрөөр суралцагсадыг мэргэшүүлж байлаа. Үүнийг бид дэлхийн жишигт нийцүүлж, бакалаврын түвшинд ерөнхий чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр хө­төлбөрийн шинэчлэл хийсэн. Тухайлбал, малын эмч, аг­ро­номч, мал зүйч гэх мэт суурь чиглэлээр бакалаврыг бэлтгэх, харин ахисан түв­шинд үйлчлүүлэгчдэд на­рийн мэргэших боломж ол­гох үүднээс магистр, док­торын хөтөлбөрийн тоог нэмэгдүүлсэн. Энэ мэт үйл ажиллагаандаа бодитой дүг­нэлт хийсний үндсэн дээр хамт олны санал, бодолд тул­гуурлан чанарын шинэч­лэлийг хэрэгжүүлж ажиллаа. Шинэчлэлийн бодлогын хү­рээнд цаашид хэрэгжүүлэх зорилго, зорилтуудаа тодор­хойлж түүнд хүрэх оновчтой бүтцийг боловсруулж бат­луулан хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн сургалтын болон эрдэм шинжилгээ, инноваци, бизнесийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг шинэчилж, багш, судлаач, оюутны бүтээлчээр сэтгэх, академик эрх чөлөөг хангах нөхцлийг тодорхой түвшинд бүрдүүлээд байна.

БШУЯ-наас баталсан сургалтын хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлагын дагуу хөтөлбөрийг шинэчилэн боловсруулсан. Мэдээж сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд хүний нөөцөө чадваржуулах хэрэгтэй. Нөгөө талаар сур­галтын орчныг шинэчлэх, үйлд­вэрлэлд ажиллах, дадлагын хувийн жинг нэмэгдүүлэх шаардлагатай. Хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ бид манай төгсөгчдөөс ажил олгогч нар ямар мэдлэг, ур чадвар, дадал, чадамж эзэмшсэн шинжүүдийг шаардаж байна вэ гэдгээс эхэлсэн. Хөтөлбөр хэдий чинээ сайн байна. Бид төдийчинээ чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэнэ гэсэн үг. Ер нь багш заадаг, оюутан сонсдог биш аль аль нь бүтээлч, хариуцлагатай, чиглэл зорилготой байх хандлагыг бий болгохыг зорьж байна. Тиймээс манай сургуулийг төгсөгчид надад ийм диплом байна. Намайг ажилд аваач гэж нэг компаниас гуйх биш өөрсдөө хоршиж, хамтраад үйлдвэрлэл байгуулж, баялаг бүтээдэг, өөрөө өөртөө ажлын байр бий болгодог ийм л чадвартай мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байна. Мөн үүний зэрэгцээ бакалаврын зарим мэргэжлийн хөтөлбөрийг гадаадын их сургуулийн ижил төрлийн хөтөлбөрийн төвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, Швейцарын хөгжлийн агент­лагаас хэрэгжүүлж буй “Ма­лын эрүүл мэнд” төслийн “Мал эмнэлгийн боловсрол” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд мал эмнэл зүйн бакалаврын хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлыг Английн Лондонгийн их сургуулийн Хатан хааны мал эмнэлгийн сургуультай хамтран шийдвэрлэхээр ажил­лаж байна. Ингэснээр манай мал эмнэл зүйн хөтөлбөр олон улсын түвшинд хүрэх боломж бий болж байгаа юм.

-Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд бодитой ямар ажил хийв?

-Сургалт голлосон их сургуулиас судалгааныих сургууль болох зорилго дэв­шүүлж, 2014 онд туршилт, судалгааны орчныг шинэч­лэх, багш судлаачдыг чадав­хижуулах зорилт дэвшүүлж, ажиллан багагүй амжилтанд хүрлээ. Үүнийг ч салбарын яам Монголын оюутны холбоо үнэлж манай их сургуулийг “Эрдэм шинжилгээ, судалгааны шил­дэг их сургууль”-иар өргөмжилсөн. Энэ нь БШУЯ бидэнд том итгэл хүлээлгэж байгаа хэрэг.

Сургалт, судалгааны орч­ныг бэхжүүлэх чиглэлээр сур­гууль дотоод, гадаад түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Биохими, Биотехнологи, Бү­тээг­дэхүүний хяналт үнэлгээ, чанарын баталгаажуулалт, Машин судлал, трибологийн чиглэлээр орчин үеийн су­дал­гааны таван иж бүрэн ла­бо­раторийг байгуулж ашиг­лалтанд оруулаад байна.

Мөн Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Малын эрүүл мэнд, Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр нийтдээ 4.8 сая долларын санхүүжилт бүхий хамтарсан хоёр төслийн амжилттай эхлүүллээ.

Судлаачдын маань тур­шилт, судалгааны ажлын үр дүн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн импакт фактор бүхий эрдмийн бүтээлүүдэд тоогдож хэдэн арваараа нийт­лэгдэн дэлхийн мэдлэгийн зах зээлийн эргэлтэнд орох боломж бүрдлээ. Багш суд­лаачдын оюуны бүтээл биз­несийн эргэлтэнд орох, гарааны компани байгуулагдах сайн эхлэл тавигдсан. Тухайл­бал, профессорын багийн ахлагч Б.Мөнхбат Сэлэнгэ аймгийн Зүүнхараад Био нүүрсний үйлдвэр байгуулж, үйлдвэрлэлийнхээ анхны бүтээгдэхүүн болох 10 тонн био нүүрсийг Оюутолгой компанид нийлүүлээд байна.

Багш, судлаачдын ака­демик эрх чөлөө өргөжиж, 19 профессорын баг байгуу­лагдан, тэдний оролцоо санаа­чилгаар хэрэгжүүлж буй төсөл, судалгааны ажлын тоо, чанар өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдэж, одоогоор Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр 11 судалгааны төсөл хэрэгжүүлж байна.Энэ нь манай салбарын эр­дэм шинжилгээний хүрээ­лэн­гүүдийн төвшинд хүрсэн буюу давсан үзүүлэлт боллоо.

Ахисан төвшинд суралцаг­садын тоо, эзлэх хувь жилээс жилд өсөж, 2013 онтой харь­цуулахад10 хувь өсөж өнөө­дөр нийт суралцагсадын 25 хувьд хүрсэн гэх мэт үр дүнг товчлон хэлж болох юм.

-Хүний нөөц, лабора­торын орчин нь дэлхийн жишигийн хаана нь явна. ХАА-н салбарын эрдэмтэд дэлхийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж чадаж байна уу?

-Манай салбарын суд­лаачдын хувьд мэдлэг, оюун, авьяас чадвараараа бусад орны судлаачдаас хол дутахааргүй төвшинд хүрсэн гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар салбарын эр­дэм шинжилгээний хүрээ­лэнгүү­дийг оролцуулахгүйгээр зөвхөн бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд 90 орчим залуу багш, судлаачид өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд ахисан төвшинд суралцдаг. Жилд ойролцоогоор 10-15 багш сургуульдаа буцан ирж, сургалт, судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Дээр дурдсан судалгааны орчныг шинэчлэх ажилд олзуурхууштай ахиц гарсан. Зөвхөн өнгөрсөн 2014 онд манай сургуулийн бүрэлдэхүүн сур­гуулиудын хэмжээнд судал­гааны орчин үеийн таван иж бүрэн лабораторийг байгуулж, ашиглалтанд орууллаа. Манай ха­рьяа хүрээлэнгүүдийн ху­вьд мөн тооны туршилт, су­далгааны лабораторийг ши­нээр байгуулж ажиллаа.

Үүнээс гадна ХАА-н сал­барын судлаачид байгалийн нөөцийн үнэлгээ, ашиглалт, бэлчээрийн мониторинг, ме­нежмент, малын эрүүл мэндийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой, ногоон хөгжил зэрэг чиглэлээр гадаадын өндөр хөгжилтэй орны суд­лаачидтай хамтран олон арван судалгааны төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа нь дэлхийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллах түвшинд хүрсэнийг харуулж байгаа юм.

-Таны ярианаас Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгж­лийн зөв хандлага, чиглэлийг тодорхойлоход салбарын судлаачид маш их ашиг тустай, үнэ цэнэтэй судалгааны ажил гүйцэтгэжээ гэж ойлгогдож байна. Тэгвэл салбарын бод­лого, шийдвэрт эрдэмтэдийн са­нал, дүгнэлтийг хэр тус­гадаг вэ. Эрдэмтэдийн дуу хоолой төрийн бодлогод хүрч байна уу?

-Манай салбарын суд­лаачид Монгол орны нийгэм, эдийн засгийн чухал салбар болох хөдөө аж ахуйн салбарын хөгж­лийн бодлого,үндэслэлийг тодорхойлогчид, хөгжлийн стратеги, чиг хандлагыг тог­тоочид байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харамсалтай нь Монгол орон зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс энэ байдал олон хүчин зүй­лээс шалтгаалж үндсэндээ алдагдсан. Харин өнөөдөр энэ байдал сэргэх, нааштай ахиц гарах бодит боломж бүрдсэн гэж үзэж байна. Жишээлбэл, газар тариалангийн салбарын судлаачид экологижсон, бай­гальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариаланг хөгжүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах технологи нэвтрүүлэх зэрэг тулгамдсан асуудлаар олон арван жилийн туршилт, су­далгааны ажлын үр дүнд тул­гуурлан тодорхой асуудлыг боловсруулж бодлого тодор­хойлогчдод хүргэдэг. Харамсалтай нь бодитой бод­лого, үйл ажиллагаа болж хэрэгжихгүй байгаа нь үнэн. Дэлхийн аль ч улсад давтагдашгүй онцгой шинжтэй, Монгол орны байгалийн болон биологийн нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой ашиглах зах зээлийн эргэлтэнд оруулах, “чулуу болгох”, мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх зэрэг чиглэлээр олон арван бүтээл, туурвил гардаг. Гэвч ихэнх ньбодлого, шийдвэр болж чадахгүй байна. Товч­хондоо манай салбарын эрдэмтэн, судлаачдын мэд­лэг, оюуныг ашиглах, зах зээ­лийн эргэлтэнд оруулах зөв, оновчтой механизм, тогтолцоо тогтож чадваас уул уурхайгаас илүү асар их нөөц бий.Зөв бодлогоор хөгжүүлж чадвал Монгол улс маш хурдацтай хөгжих боломж байгаа гэж боддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *