Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дамдинням: Миний ярьсан зүйл хүний эрх, халдвар хамгаалалттай холбоотой асуудал л байсан

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.


-Та энэ жилийн төсөвт ямар байр суурьтай байна вэ?
-Цаг ингэж хүндэрнэ гэж тооцож төсвийг оруулж ирээгүй. Тиймээс төсөвт тодотгол хийж, шаардлагагүй барилга байгууламжийг царцаах хэрэгтэй. Ард иргэдэд зориулсан халамж, бусад шаардлагатай зүйлсэд зарцуулах нөхцөл байдалд хүрлээ. Цар тахал, татварын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарсан өөрчлөлтүүдийг тодотголоор хийхээс аргагүй.
-Өнөөгийн нөхцөлд халамжийг хавтгайруулж байгаад шүүмжлэлтэй хандах хэсэг байна шүү дээ. Цар тахлыг дотоодоо алдсан энэ үед халамжаас гадна ямар дэмжлэг иргэд, ААН-үүдэд шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Халамж хавтгайрч байгаад санал нэг байгаа ч ийм онцгой нөхцөлд халамж өгөхөөс өөр аргагүй. Нөгөө талд төсвийн орлогыг бүрдүүлдэг уул уурхайн салбарынхныгаа халдвараас хамгаалах, аюулгүй ажиллагааг онцгой анхаарах ёстой. Үүнд, УИХ-ын гишүүд нэгдсэн байр суурьтай байгаа. Өмнөговь, Орхон, Дорноговь аймагт олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулж байгаа ажилчдыг эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангаснаар хүнд цаг үеийг давж гарна. Үүний дараа халамжийг хумих эсэхийг ярих хэрэгтэй.
-Таны хувьд Дарханаас сонгогдсон гишүүн. Дархан-Уул аймгийн удирдлагуудтай хэр холбоотой ажиллаж байна вэ. Дарханы удирдлагууд цар тахлын голомтыг бүрэн хумьж чадсан гэдгээ мэдэгдэж хөл хориогоо цуцалсан шүү дээ.
-Юун түрүүнд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу. УИХ-ын гишүүдэд Онцгой байдлын хуулийн зохицуулалт шаардлагатай болсон юм байна. Үүнийг ч гишүүд хоорондоо ярьж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд ямар ч үед, хаашаа ч чөлөөтэй нэвтэрч мэдээлэл авах бүрэн эрхтэй.
Гэтэл Гамшгийн тухай хуулиар Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийн хүрээнд халдвар тархалттай холбоотой онцгой нөхцөл байдал үүсчихсэн байгаа учраас бид тойрог руугаа очиж чадахгүй. Иргэдээс “Тойрогтоо ажиллаач” гэсэн хүсэлт их ирдэг. Гэтэл бид явъя гэхээр явах боломж өгөхгүй, хориглож байна. Бид анх удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт орлоо. Ийм онцгой нөхцөл байдалд төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлж байгаа гишүүд тойрогтоо яаж ажиллах талаар хууль эрх зүйн зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага үүсч байна л даа. Дархан-Уул аймгийн иргэд, удирдлагуудтай байнгын харилцаа холбоотой байгаа.
Аймгийн удирдлагууд шөнөдөө 1-2 цаг унтаж, нүдний хороо гаргачихаад маш ачаалалтай ажиллаж байна. Нийтдээ 800 гаруй мэргэжлийн болон дагалдах ажилчид ажиллаж байна. Эдгээр хүмүүс мөн л ихээхэн ачаалалтай, ядарсан байдалтай байна. Ийм нөхцөл байдалд боломжийн хэрээр шуурхай штаб, аймгийн Онцгой комиссын даргатай холбогдож мэдээллийг бичгийн болон аман хэлбэрээр тогтмол авч байна. Үүнээсээ Улсын Онцгой комиссоос шийдүүлэх шаардлагатай арга хэмжээг ч мөн авч байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор гурван төрлийн хүндрэл гарсан. Нэгдүгээрт, өдрийн орлогоор амьдралаа залгуулдаг иргэдийн хоол хүнсний асуудал. Хоёрдугаарт, мөн л өдрийн орлогоор нүүрсээ худалдаж авдаг иргэдийн түлшний асуудлыг Улсын Онцгой комисст танилцуулж шийдүүлэх талаас нь зохион байгуулаад ажиллаж байна. Үргэлжлүүлэн “Боломж бүхнээ хуваалцъя” аяныг өрнүүллээ. Санаачилсан аянд минь Дархан-Уул аймгийн аж ахуйн нэгжүүд болон бусад сайн санаатнууд дэмжиж, оролцож байна. Тухайлбал, “Шарын гол” ХК-иас түлшгүй айлуудад 250 тонн нүүрсийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өгсөн. Одоогоор нэг мянган айлд хүргээд байна. Мөн “Дархан-Өгөөж” хүнсний үйлдвэрийн компани гурван тонн хүнсийг хоол ундны дутагдалтай айлуудад хүргүүлж байна. Үүнээс гадна “Дархан хүнс”, “MCS Cocа-Cola” зэрэг компаниуд болон түлшний чиглэлийн компаниудтай холбогдож дэмжлэг авахаар боллоо. Түүнчлэн өөрийн зүгээс тодорхой хэмжээний мөнгөн дүнтэй хандивыг өгсөн. Хамгаалалтын хувцас хэрэглэл бэлддэг, оруулж ирдэг компаниудтай ярилцаж байгаад хамгийн сайн чанартай 75 ширхэг тусгай хэрэгсэл, халдвар хамгааллын хувцсыг аймаг руугаа хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд алсаас ч болов харилцаа холбооны технологийг ашиглаж өөрсдийнхөө боломж, нөхцөлөөр дэмжиж туслаад ажиллаж байна.
-УОК болон Нийслэлийн Засаг даргын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. УОК-ын хариуцлагагүй байдал, Д.Сумъяабазар даргын зөв менежмэнтгүй байдлаас өнөөгийн нөхцөлд хүрээд байна гэх шүүмжлэл ч нэлээд анзаарагдлаа?
-Нөхцөл байдал дөнгөж эхэлж байна. Цар тахал дотоодод бүртгэгдээд хэдхэн хонож байна. Дархан-Уул аймагт л гэхэд халдварын голомтыг олж тогтоож, хяналтдаа авч, тэг зогсолтоосоо бүх нийтийн бэлэн байдал руу шат бууруулан шилжлээ. Улаанбаатар хотын удирдлагууд ч энэ чиглэлээр ажиллаж байгаа байх. Ний нуугүй хэлэхэд анх удаагаа том хэмжээний, ийм хүнд байдалтай нүүр тулж байна. Энэ нөхцөлд мэргэжлийн байгууллагын хүмүүсийн заавар зөвлөмжийг чанд сахихаас өөр арга байхгүй. Хариуцлага, алдаа оноо ярих нь дараагийн асуудал. Цар тахлыг хохирол багатай, маш хурдан хугацаанд хумих нь гол асуудал болчихоод байна.
-Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганд та “Цагдаа намайг 30 минут зогсоолоо, намайг таньсангүй” хэмээн хэлсэн. Таны энэ үг олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргээд авах шиг боллоо. Яагаад албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаад гомдоллож, чуулганы хуралдаанд хэлсэн юм бэ?
-Би эсрэг байр суурь илэрхийлсэн зүйл огт яриагүй. Гол санаа нь таны түрүүний асуусан асуулт байсан юм. Улсын Онцгой комисс хорио, цээрийн хэрэгжилтийг хангахдаа алдаа дутагдал гаргаж байна. Хүний эрхтэй холбоотой асуудал гарч байна гэсэн зүйлийг хэлсэн. Онцгой дэглэмд УИХ-ын гишүүд онлайнаар хуралдаж байгаа учраас хэлж байгаа санал, асуултад минут хүрэлцээгүй. Тойрогтоо холбоотой түлш, хүнс, эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай иргэдийн асуудлыг хэлсэн. Жишээлбэл, Аймгийн Онцгой комисс, Улсын Онцгой комисс энэ дугаарт хандаарай хэмээн баахан утасны дугаар тавьчихаад байгаа. Гэтэл хэл яриа, хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд түүнийг нь ашиглаж чадахгүй. Үүнтэй холбоотой асуудлыг ярих гэж байсан. Онцгой дэгээр УИХ-ын чуулганд гишүүн үг хэлж, асуулт асуух хугацаа гурван минут олгогддог. Гэтэл гурван минутад багтаж дээрх асуудлууд, хүний эрхтэй холбоотой зүйлийг хөндөж байхад яриа тасарчихсан. Үүнийг хүмүүс буруу ойлгосон байна лээ. Фэйсбүүк дээр нэг хүн миний хэлээгүйг хэлсэн болгож “Та нар намайг таньсангүй, УИХ-ын гишүүнээ таньсангүй, Би улс, эх орондоо ихийг хийсэн” гэж мушгиад бичсэн байсан. Бодит бичлэгдээ би огт тийм зүйл хэлээгүй. Хэлсэн үг нь “Ажлын хэсгийн хуралдаантай, УИХ-ын Тамгын газрын өгсөн мэдээллийн дагуу явж болно” гэсэн мэдээлэл өгсөн учраас гарсан. Гараад явж байхад цагдаа зогсоосон. Цагдаад учир байдлаа хэлсэн. УИХ-ын гишүүнийхээ үнэмлэхийг үзүүлж “Хурал зөвлөгөөнтэй байгаа юм. Яах ёстой вэ” гэхэд “Та байж бай” гэсэн. Ингэхдээ маш ойрхон зайтай байсан. Халдвар хамгааллын дэглэм энд яригдана. Иргэдээс ч ийм хүсэлт ирсэн. “Хүний эрхийг зөрчиж байна, ёс бус харилцаж загнаж, аашилж байна гэдэг” асуудлыг иргэд хэлсэн. Чуулганд хэлэх гэсэн миний санаа нь халдвар хамгааллын дэглэм барьж байна уу. Цагдаа хүчнийхэн биднийг хамгаалах гэж цаг наргүй ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ үйл явцдаа өөрөө халдвар авах, цаашлаад халдвар тараачих вий дээ гэсэн утгаар энэ талаар тодруулсан. Түүнээс биш “Намайг та нар таньсангүй, таних ёстой. Улс эх орондоо юм хийсэн хүн шүү” гэж даналзах эрх надад байхгүй. Миний хүмүүжил ч тийм биш. Ний нуугүй хэлэхэд, Гонгорын Дамдинням пэйж хуудас дахь бичлэгийг үзчихээд шуугиач ээ гэж хүсье. Гүтгэлэг бичиж, миний хэлээгүйг хэлсэн болгосон хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгсөн. Гүтгэлэг нь тодроод хуулийн хариуцлага гарч ирэхээр олон нийтэд мэдээлж, уучлал гуйлгаж, дараа нь дуугаръя даа гэж бодож байна. Хүмүүс хэн нэгний зориуд мушгиж, гуйвуулаад тавьсан юмыг бодит мэт хүлээж авч бодит эх сурвалжийг нь харалгүйгээр давлагаалчих юм. Аливаа мэдээллийн эх сурвалжийг үзэж, шүүн тунгааж хандаарай гэж хэлмээр байна. Миний хувьд алдаа дутагдал гаргасан байвал олон түмэн, сонгогч, иргэдийн шүүмжлэлийг хүлээж авч алдаа дутагдлаа засч ажиллана. Энэ тохиолдолд би буруу жишээ авсан байх. Гэхдээ миний ярьсан зүйл хүний эрх, халдвар хамгаалалттай холбоотой асуудал байсан юм. Түүнээс “Намайг таньсангүй. Таних ёстой. Би эх орондоо их юм хийсэн хүн” гэх үг миний амнаас гарахгүй ээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *