Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дамдинням: Хятад ажилчид орж ирсэн бол Дарханы замын ажил өдийд нэлээн урагштай явчих байжээ

УИX-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.


-Та Зам тээврийн яамны сайд Л.Халтарт асуулт хүргүүлж, Дархан-Улаанбаатарын замын ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Дарханы зам гэж нэрлэгдээд байгаа боловч, яг бодит байдал дээр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр 30-хан км нь дайрч өнгөрдөг. Гэхдээ 100 гаруй мянган хүн амтай энэ хот, энэ аймгийн ард иргэд бүгд энэ замаар явж байгаа.

Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрээр дамжиж байгаа. Тэгээд хойшоо Булган, Орхон аймгууд, урагшаа бүх аймгууд гээд Монголын босоо тэнхлэгийн тулгуур цэг болсон зам сүүлийн хоёр жил ийм хүнд байдалтай болчихоод байгаа юм. Үүний эдийн засаг, ард иргэдийн амьдралд нөлөөлж байгаа нөлөөлөл нь асар их.

Замын цагдаагийн газрын надад өгч байгаа мэдээллээр амь эрсэдсэн хүмүүсийн тоо нь өсөөгүй гэсэн. Хүний амь эрсдэх ёсгүй байхгүй юу. Энэ замд эд материалаараа хохирсон хүн их байна. Энэ дээр зохион байгуулалтын алдааг бол гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Сайдад тавьсан асуултад хэдэн төрлийн асуудал яригдаж байгаа вэ?

-Нэгдүгээрт, яагаад зохион байгуулалт алдсан бэ гэдэг дээр анх үүнийг завхруулсан хүмүүсийн хариуцлагын асуудал яригдах ёстой. Энэ замын ажлыг таван багцад хувааж, хэсэг бүрт нь компаниудыг шалгаруулж, хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Дарханы замыг таван хэсэгт хувааж, хэсэг тус бүрийг нь компаниудад хуваарилсан.

Тухайлбал, хоёрдугаар багц болох Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км замыг Чайна Стэйт Шинжиан констракшн инженеринг гэдэг компани хариуцан авсан.

Түүнчлэн тус компани дөрөвүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км замыг хариуцсан. Гэвч тус компани хоёр, дөрөвдүгээр багцын ажлыг хийхгүй алга болчихсон.

-Яагаад алга болов?

-Чайна Стэйт Шинжиан констракшн инженеринг гэдэг компани Хятадаасаа гарч үйл ажиллагаа явуулахын тулд төр засгаасаа зөвшөөрөл авдаг юм байна. Тэр зөвшөөрлөө авах гэж байхад нь коронавирус гарчихсан. Ингээд л ямар ч ажил явдаггүй гэнэ дээ. Энэ зам дээр онцгой анхаарч ажиллах ёстой.

Дарханы замын асуудлыг хэн ч барьж авдаггүй, ерөнхий л юм яриад байдаг. Манай Дарханы иргэд энэ замаас болж бүр туйлдчихсан байна. Би энэ асуудалд онцгой анхаарч, зууралдсаар байгаад дуусгана.

Би сайдад тавьсан энэ асуултынхаа хүрээнд Дарханы замын ерөнхий том төлөвлөгөөг нь авмаар байна. Энэ таван багцын ажил хэзээ дуусах юм. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, гацчихсан байгаа энэ асуудлыг яаж шийдэж, хоёр, дөрөвдүгээр багцын ажлыг цааш нь урагшлуулах гээд байгаа юм. Гуравдугаарт, одоо тавигдчихсан байгаа түр замын хүндрэлтэй байдлыг яаж цэгцлэх гээд байгаа юм гэдгийг тодорхой болгоод олон нийтэд бодит мэдээллийг өгчихмөөр байна.

Энэ нүсэр том төсөл. Ойлгож байна. Коронавирусийн хүнд үе ч давхацчихлаа. Гэхдээ хүмүүсийн хүлээлт гэдэг зүйл бий. Энэ замыг бүрэн хучиж дуусгахад хоёр, гурван жил шаардана. Яг бодит үнэн мэдээллээ хүмүүст гаргаж ег. Мөн энэ хугацаанд түр замыг хэрхэн зөв менежментээр аюулгүй байлгахыг.хэлж өг гэдэг асуултыг сайдад тавьсан.

Ойрын 14 хоногийн дотор надад тодорхой мэдээллийг, цагийн хуваарь болон ажлын явцын хуваарьтай цуг гаргаж өг гэсэн. Яг тэрийг олон нийт болон миний зүгээс шахаж шаардаж ажиллана. Тэр төлөвлөгөөндөө хүрч чадахгүй бол Замын газрын дарга, сайдтай хариуцлага ярина даа.

-Тодорхой мэдээллүүдийг сайд танд өгөөгүй юм байна. Тийм үү?

-Тийм. Хариуг нь удахгүй бичгээр өгөхөөр нь олон нийтэд мэдээлнэ.

-Газар дээр нь очиж танилцахад Дарханы замын нөхцөл байдал хэр байв?

-Нэг, гурав, тавдугаар багцын ажил 50 орчим хувьтай явж байна. Дулааны улиралд багтаагаад хучилтаа авчих нь гэдэг итгэл найдвартайгаар ажиллаж байна. Нэг, гурав, тавдугаар багцууд ерөөсөө коронавирусийн нөхцөл байдлаас болж Хятад ажилчид нь орж ирж чадахгүй гацаж байна.

Сонгуулийн өмнө Хятад ажилчдыг оруулсан бол ажил нэлээн урагштай явчихсан байх ёстой байсан. Тэгэхээр зарим нэг санаатай болон санамсаргүй улс төрийн тоглолтуудад иргэд маань битгий автаарай.

Бодит байдал дээр санхүүжүүлэгч хүмүүс инженерийн хяналт, зөв менежментийг нь хийж чаддаг хүмүүсийг нь оруулж ирээд ажиллуулахгүй бол болохгүй. Бид нарт хийж чаддаг ажил байна. Чаддаггүй ч ажлууд байна. Үүнтэй холбоотойгоор бид сангийн яамтай уулзсан.

Санхүүжилт нь яаж яваад байгаа юм, юу гацаад байна гэхэд түрүүний мэдээллийг өгсөн. Мөн Монголын авто замын холбоотой уулзаад та нар хийж чадахгүй байсан юм уу гэхэд “бид хучилтын ажлыг нь дангаараа хийж хүчрэхгүй. Суурь бүтцийн ажлыг нь хийнэ. Энэ дээр гадны компани орж ирэхээс өөр аргагүй” гэсэн.

-Тэгвэл хятад ажилчид орж ирж байж л ажил урагшлах юм байна. Тийм ээ?

-Гадны компаниуд орж ирж хийхээс өөр арга байхгүй. Мэргэжил арга зүйн хувьд ч, санхүүгийн хувьд ч, тоног төхөөрөмжийн хувьд ч бид нар дийлэхгүй юм байна. Тэгэхээр энэ ажлыг гадны хүмүүсээр хийлгэхээс өөр арга алга гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Аль болох хурдан хугацаанд хийлгээд дуусгана, төдий чинээгээр ард иргэдийн тайван амгалан зорчих, эдийн засгийн эргэлт хурдсах, эд материал, амь насаараа хохирохгүй байх нөхцөл нь сайжирна гэсэн үг. Тэгэхээр энэ асуудалд бодолтой хандах ёстой юм билээ.

-Түр замыг яагаад сайжруулахгүй байна вэ?

-Түр замыг таван багцад хуваагаад авчихсан байгаа компаниуд нь өөрсдөө хариуцах ёстой гэнэ лээ. Би Л.Халтар сайдаас “Төсвийн тодотгол явах гэж байна. Улсын төсвөөс мөнгө төгрөг тавиулж, түр замыг засах ажлыг би хөөцөлдье” гэхэд “хариуцаж авсан гишүүнүүд нь энэ ажлыг хийх ёстой” гэсэн. Тэгэхээр нь би тэр хүмүүсийн ажлыг нь сайн хийлгэж, төлөвлөгөө танилцуул гэсэн.

-Та Л.Халтар сайдыг сайдаар томилогдоход нь “Дарханы замыг засаж дуустал өрөөнөөс чинь салахгүй шүү” гэж хэлсэн. Таныг Дарханы замаар попроод байна уу гэж харж байлаа. Одоо гэтэл ингээд ажил хэрэг болгоод явж байна шүү дээ?

-Ард түмнийг төлөөлж, итгэлийг нь хүлээгээд сонгогдоод гараад ирчихсэн УИХ-ын гишүүн өрөөнд нь орж суух байтугай л ажил хийх ёстой. Бүрэн хэмжээгээр энэ ажлыг явуулахын төлөө чармайж ажиллах ёстой. Попролт гэдэг бол боломжгүй зүйлийг болгоно гэж худлаа ярихыг хэлдэг. Надад худлаа ярьсан юм байхгүй. Энэ ажил хуваарийн дагуу явахгүй бол Л.Халтар сайдын өрөөнд суугаад ажлаа өгөхийг нь шаардана.

-Ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийнэ. Үүнд тэгж их өөрчлөлт орохгүй гэж Сангийн сайд ярьж байсан?

-Төсвийн тодотгол зайлшгүй хийгдэх ёстой. Дэлхий даяараа цар тахалтай байна. Энэ үед дэлхийн улс орнууд хоёр арга хэмжээг авч байна. Нэг нь ажлын байрыг хадгалах.

Нөгөөх нь хөрөнгө оруулалтыг танахгүй байх. Яагаад гэхээр тэр хөрөнгө оруулалтын цаана ямар нэгэн компани ажиллаж байгаа. Тэр компанийн цаана олон мянган хүя ажил хийж байгаа. Мөн тэндээс татвар төлөгдөж байна. Тэгэхээр ийм хүнд нөхцөлд төр ард иргэдээ ажилтай орлоготой байх тал дээр бүх нөхцөл боломжоо ашиглаж ажиллах ёстой.

Зарим хүмүүс хөрөнгө оруулалтаа тана гэдэг. Энэ нь олон хүн ажилгүй болно гэсэн үг. Бидний орлого унаж, жилийн эцсийн байдлаар нэлээн доошоо орох шинжтэй. Ер нь цаашлаад IMF буюу олон улсын валютын сан руу орох болов уу. Экспорт ч огцом буурчихлаа шүү дээ. Орлого байхгүй хоол идэхгүй бол турж үхнэ шүү дээ.

-Одоо байдал улам хүндрэх байх. Бидэнд боломж харагдаж байна уу?

-Манай уул уурхайД суурилсан эдийн засагтай орон. Онцлог нь жижигхэн эдийн засагтай. Жаахан мөнгө ороод ирвэл эдийн засаг амилаад байдаг. Дотооддоо зөв зохицуулалт хийж чадвал байдал тийм ч муу биш. Алт, зэсийн үнэ их өндөр болж байна. Мөн Хятадын хүнд үйлдвэрлэл буурахгүй яваад байна.Тэгэхээр төмөрлөгийн хэрэглээ нь хэвээрээ байна гэсэн үг. Тэр хэрээр манайхаас нүүрс авна гэсэн үг. Бид менежментээ зөв байлгаж, экспортоо нэмэх тал дээр анхаарч чадвал найдвар байна.

-Г.Амартүвшин, Х.Ганхуяг гишүүн та гурав зун цагт цаг хугацаа алдахгүйг хичээж, идэвхтэй ажиллаад явж байна. Ямар ажлууд хийж байгаа вэ?

-Хэдийгээр бид өөр өөр тойргоос сонгогдоод ажиллаж байгаа ч нийт ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө явах үүрэгтэй. Ард түмэн шинэ үеийн төлөөллийг өөр зүйл бодож, сэтгэж оновчтой санаачилга гаргаасай гэж итгэж найдсан учраас сонгосон байх. Тиймээс бид тэр итгэлийг даах ёстой.

Нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Ийм хүнд байгаа үед бид амарч зугаалаад өнгөрөөж болохгүй. Өдөр шөнөгүй ажиллаж байж энэ хүндрэлийг давж гарах хэрэгтэй. Хоёрдугаарт, гишүүд зөвхөн миний чиний тойрог гэсэн жалга довны үзлээр асуудлыг харахаа болих ёстой.

Нийт ард түмнийг төлөөлж байгаа учраас салбар бүрийн хүмүүстэй уулзаж, сонсохоор банк санхүүгийн салбарынхан, жижиг дунд бизнес эрхлэгчид, технологи инновацийнхан, донорууд, элчин сайдын яамдууд, улс төрийн судлаачид, уул уурхай, сангийн яам, төрийн байгууллагууд гээд олон газруудтай уулзлаа.

Хууль тогтоох засаглал буюу хуулийг гаргахын тулд олон талын их үүсвэр, оролцогч талууд гэж нэрлэдэг төр засаг, иргэд, хувийн хэвшил гэсэн ийм үндсэн гурван оролцогч талын зовлон жаргалыг сонсох ёстой. Ингэж байж бид хуульд өөрчлөлт оруулж, амьдралд хэрэгжихүйц бодитой хууль гаргана. Тийм учраас бид энэ хүмүүстэй уулзаж танилцаад, асуудлыг нь сонсоод явж байгаа.

Ямар асуудал байна, коронавирусийн үед ямар арга хэмжээ авч байна, ямар арга хэмжээ аваасай гэж төр Засгаас хүсэж байна гэсэн гурван үндсэн асуултыг тавьж уулзалтуудаа хийж байна. Ер нь ялгаагүй ард иргэд, хувийн хэвшил амраад байгаа юм алга байна шүү дээ. Амьдрах гээд л өдөр хоногоо өнгөрөөж байна. Энэ хүмүүст төр засаг хүрч ажиллах ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *