Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

Гочоогийн Чардаг: Яруу найрагчийн хувьд Мишигийн Цэдэндоржоор анх үнсүүлж, Лодойдамба гуайгаар мялаалгасан хүн дээ, би DNN.mn

Холын Алтай нутагтаа он он жилээр сууж бүтээлээ туурвиж буй МЗЭ-ийн шагналт, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч Гочоогийн Чардагтай ярилцсанаа хүргэе.


-Алтай бол гурван сайн зохиолч, 30 тааруу зохиолчтой гэх хуучны нэг хошин яриа бий. Сүүлд 30 сайн зохиолчтой, 300 тааруу зохиолчтой гэж яригдах болжээ. Чадраабалын Лодойдамба, Лодонгийн Түдэв, Мишигийн Цэдэндорж нар яалт ч үгүй чандмань гурван оргил нь. Араас нь Далхаагийн Норов, Санжийн Пүрэв, Сономын Лочин гээд үргэлжилнэ. Ийм л авьяастны өлгий нутгийн уран зохиолын халуун голомтыг та 30 жил түшиж иржээ?

-Говь-Алтай аймгийн Утга зохиолын нэгдлийн гал голомт 1950-иад оноос үүдэлтэй юм билээ. Эхлээд Залуу зохиолчдын дугуйлан байсан гэдэг. 1948 онд Зохиолчдын анхдугаар их хуралд тухайн үед орос хэлний багшаар ажиллаж байсан Түдэв гуай ирж оролцсон түүхтэй. Ингээд дугуйлан хичээллүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон нь мэдээж. Түдэв гуайн дугуйланд Дэгээхүүгийн Сүрьяа гуай, Чимидийн Алагсай гуай, Мөнгөний Чимид багш гээд хожмын алдар цуутай хүмүүс оржээ. Удирдагчаар нь Баян-Уул сумын Алтангэрэл хэмээх монгол хэлний багш хүн анх ажиллаж байсан, гурван жил орчим ажилласан байдаг. Дараа нь Ч.Онгоодой гуай удирдсан. Онгоодой гуай бол саяхныг хүртэл сэрүүн тунгалаг байсан хүн. Түүний дараа Ховдын Цэцэг сумын Бямбажав гэж хүн мөн удирдаж байсан. За тэгээд “Зулай цагаан Алтай”-г бичдэг Зүмпэрэлийн Гүнсэн гуай авсан. Онгоодой гуай, Бямбажав гуай, Гүнсэн гуай гурав “Хүүгийн бодол” жүжиг хамтарч бичээд түүнээ Лодойдамба гуайд үзүүлж, зөвшөөрөл авч тавьж аймгийнхаа тайзнаа тавьж байсан түүх бий. 1992 онд би Гүнсэн гуайгаасаа Алтай зохиолчдынхоо “алтан тамга”-ыг хүлээж аваад 30 жил зүтгэсэн. Энэ их авьяастнуудын халуун голомтыг 30 жил манаж ирлээ. Ёстой хувь заяа юм даа.

-Хөдөөд утга зохиолынхоо галыг манана гэдэг нэрэн дээрээ сайхан ч нидэр дээрээ амаргүй алба. Ёстой л тэрэгний морь шиг зүтгэж таарна. Эхний том ажил юу байсан бол?

-Ерэн хоёр он гэдэг чинь хүнд бэрх цаг үе.

Картын бараатай, лангуун дээр давс, гоймонгоос өөр юмгүй ийм байхад агуу их Лодойдамба гуайнхаа шагналыг олгож байлаа. Лодойдамба шагналын энгэрийн тэмдгийг хийлгэхээр миний бие хотод ирж 14 хонолоо. Тэр үед чинь одоогийнх шиг Зоос гоёл, энэ олон чимэглэлийн дэлгүүр байсан биш. 120-д Равдан гэж дархан дээр очлоо. Гангаар нь суурийг нь хийгээд сингапур алт гэдгээр дугуйг нь хийгээд, толгойг нь мөнгөөр товойлгож гаргаад дээд талд нь гарын үсэгтэй, ард талд нь Ч.Лодойдамбын шагналт хэмээх бичээс бүхий тэмдэг хийлгэхээр боллоо. Нэг нь 120 мянгаар гарна гэдэг юм. Тэр үеийн 120 мянган төгрөг гэдэг бол бас л том мөнгө. Аймгийн дарга Лантуу гуай байсан, сүүлд Улаанбаатар хотыг удирдаж байсан хүн. Ямар сайндаа ардчиллыг Цахилгаанаар цахилгаандаж, Лантуугаар лантуудлаа гэсэн яриа гарч байхав, хоёулаа манай аймгийн хүн. Лантуу даргадаа хэллээ, нэг тэмдэг 120 мянга болж байна гэдгийг. “Ямар золиг вэ. Одоо яалтай билээ. Чи цөөхнийг л хийлгэж үзээрэй дээ” гээд зөвшөөрсөн. Ингээд би эхний 5 тэмдгийг хийлгэж ирээд 01 дугаарыг нь “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба” ном бичсэн зохиолч, судлаач, доктор Бажуудайн Ганбатад, 02-ыг нь Лодойдамба гуай “Тунгалаг Тамир” зууны шилдэг романы гол дүр Итгэлт баяны дүрийг бүтээсэн Ардын жүжигчин А.Очирбат гуай, 03-ыг нь Их зохиолчийн нөхөр Дэгээхүүгийн Сүрьяа гуайд олгож байлаа. Диплом буюу батламжийг энгэрийн тэмдгийнх нь хамт тус бүр таван мянган төгрөгтэй гардуулж байсан. Дараа жил нь буюу 1993 онд Мишигийн Цэдэндорж гуайнхаа алдарт “Морин хуур” шүлгээр нь нэрийдсэн яруу найргийн наадмыг “Болор цом”-ын хэмжээнд хийнэ гээд Монгол Улсын баатар Жанчивын талбайд хийж миний бие анхны түрүүг нь хүртэж байлаа. Ингэж би найрагчийн хувьд Мишигийн Цэдэндоржоор анх үнсүүлж, Лодойдамба гуайгаар мялаалгасан ийм л хүн.

-Алтайнхаа өнөө гурван оргилын хоёрынх нь авшиг иржээ. Түдэв гуайтайгаа бол мэдээж уулзаж байсан байх?

-Түдэв гуай чинь уулзахад бэрхтэй хүн. Би их сонин уулзсан юм. Тонхил суманд түүх газарзүй, орос хэлний багш байлаа. Уул нь тэнд орос хэлний Батчулуун гэж мундаг хүн байлаа, одоо Ховдын багшийн сургуулийн багш. Пушкины алтан медальтай энэ мундаг хүн байхад надаар орос хэл заалгаж байсан нь одоо бодоход их том сургууль болж дээ. Тэр үедээ бол Батчулуун багшаас сүрдэж, өөрөөсөө ичиж байсан. Ингэж Тонхил суманд орос хэл заагаад манаргаж байтал Түдэв гуай ирсэн. Намын үүрийн дарга Дамдинсүрэн гэж хүн байлаа. Тэр хүн “Манай багш ирсэн, би багштайгаа чамайг уулзуулна” гэлээ. Багш нь алдарт Тү жанжин. Хүн чулуу, хөшөө дурсгал судалж яваа юм гэнэ. Баян-Өлгийгөөс наашаа судалж явсан юм билээ. Аймгийн дарга тосоод оччихсон. Би хэдэн навсгар шүлгээ аваад очлоо. Уншсан ном зохиолоо ярь гэлээ, ярилаа. Болж байна гэж байна. Шүлэг уншина гэдгийг мэдэж байгаа, шууд л шүлэг сонсохгүй ээ гэж байна. Манай орчуулгын гол зохиолуудыг уншсан байна, Нацагдоржоо уншсан уу гэсэн уншсан гэлээ. Миний ямар зохиолуудаас уншсан бэ гэхээр нь “Уулын үер”, “Нүүдэл суудал”-ыг уншсанаа хэллээ. “Чи над руу хэдэн шүлэг явуул, би үзье. Болмоор юм байвал хүнд хэлээд гаргуулчихаж болох байх аа” гэлээ. Тэр чинь 1979 он байх шүү. Дараа нь би хэлснийх нь дагуу шүлэг явуулсан. “Утга зохиол” сонин дээр Санжийн Пүрэв баавайгийн өмнөтгөл үгтэйгээр гараад ирлээ.

-Түдэв гуай, Пүрэв баавайд хэлж дээ?

-Өөрийн шавь учир Пүрэв баавайд хэлсэн байх. Агуу их Лодонгийн Түдэвийн буянаар Пүрэв баавайгийн үгтэй “Утга зохиол” сонинд анх гарсан минь ийм учиртай. Намайг чинь Монголын ард түмэн, уншигч олонд минь танилцуулж өгсөн хүн чинь яалт ч үгүй Пүрэв баавай. 1982 онд “Азын цэнхэр уул”, “Уулын намар” Санжийн Пүрэвийн халуун сэтгэлийн үгтэйгээр “Цог” сэтгүүлийн “Оч” буланд бас гарлаа. “Оч”-д гарна гэдэг чинь ер нь зохиолч болсноо зарлан тунхаглаж байгаа явдал шүү дээ. Ингэж утга зохиолд албан ёсоор нэрээ гаргаж эхэлсэн түүхтэй юм даа. Зохиолчдын хорооны босгыг алхах ч амаргүй байсан шүү. Далантайн Тарваа гуайд шүлгээ үзүүлж байснаа мартдаггүй. Тэр хүн шүлгийг маань огтоос тоосонгүй, харин өөдөөс хаанаас ирснийг минь асуугаад “Төмөр замын эрүүлжүүлэхээс тэрийг аваад ир, танина биз дээ” гэж манай нэг алдартай зохиолчийн нэрийг хэлээд явуулж байж билээ. Тарваа гуайн үүрэг даалгаврыг биелүүлээд буцаад иртэл Зохиолчдын хорооны үүдэнд Цэдэндорж гуайтай таардаг юм. Нүдний шилтэй, хар цувтай Мишигийн Цэдэндорж яг л дүрээрээ байсан. Би сүрдээд сайн байна уу ч гэж хэлж чадаагүй өнгөрсөн. Бурханбуудай уул ханараад л явчих шиг санагдаж билээ. Дараа нь аймгийн зохиолчдынхоо тэргүүн байхдаа Цэдэндорж гуайнхаа төрсөн бууцанд дурсгалын самбарыг нь босгож байлаа. Говь-Алтайн Халиун сумын Уст чацрангийн голын яг хажууд, Бурханбуудай уулын Хавчигийн өтөг хэмээх газрын ханан хаданд дурсгалын самбарыг нь босгосон. Цэдэндорж гуайн “Морин хуур яруу найргийн их наадамд очсон бүхэн тэрхүү дурсгалын самбарт хүндэтгэл үзүүлж, их найрагчаа дурсан шүлэг найргаа дууддаг.

-Таны багш чинь алдарт Тоомойн Очирхүү гуай байх аа?

-“Хүмүүс ээ надад урам хайрла, хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла” гэж бичсэн энэ л сайхан хүний шавь болсон. Очирхүү багшийн аав Тоомой панз гэдэг чинь баруун Алтайг ёстой атгаж байсан гэдэг. Аль л ганган эмээл, үнэтэй морийг эдэлж хэрэглэж явсан хүн. Хүүгээ хотод сургуульд хүргэж ирээд айлд суулгахдаа “Миний хүүгээр ус авахуулж, мод хагалуулж, юм хийлгэж болохгүй. Миний хүү хичээлээ л хийх ёстой. Би хөлсөнд нь 2000 төгрөг өгье” гээд бор халзан зуут гаргаад тоолоод өгч байсан гэдэг. Аавынхаа энэ л сайхан сэтгэлийн хүчинд сурсан шиг сурсан байдаг. Ямар сайндаа Анагаахын сургуулийн ханан дээр “Очирхүү шиг онц сурцгаая” гэсэн бичиг байхав дээ. Жаахан байхад нь аав нь хүүгээ Тангад гэж айлын охинтой сүй тавиад, танай охиныг авна аа. Манай хүүтэй сууна гээд. За чи авгайгаа ав гээд хуримаа хийгээд авсан, суусан. Нэг хүүхэд гарсан. Авгайгаа авч байхад нь би сургуулийн хүүхэд харж байж билээ. Сургуулийн архив янзлаад Тонхилд байхдаа багшийнхаа сургуульд сурч байсан, онц авч байсан хичээлийнх нь дэвтрийг үзсэн. Ямар гоё бичигтэй байхав. Далан есөн онд Тонхил суманд ирээд байхад нь буудалд яваад очлоо. “Алив чи хоёр гурван юм уншаадах” гэж сонссоноо “Чи чинь шүлэг бичих дөгөө суучихсан юм байна шүү дээ” гэж нээх гоё хэлж билээ. Очирхүү гэж тэр гоё найрагчтай сургуулийн саадан дотор хамт явж байхдаа өөртөө ямар их урам бадрал, бахархал итгэл төрж байсан гэж бодно. Сумын төвийнхөн намайг харж байгаа болов уу гэж бодоод л. Тэгэхэд багшдаа номын хадаг барьж шавь орсон. Бид хоёр багш шавь гэхээсээ заримдаа анд нөхөд шиг явна. Улаанбаатарт залуу зохиолчдын анхны номын уралдаан гэж зохиогдлоо. “Тэнгэрийн сүү” шүлгийн ном явуултал тэнцчихжээ. Төмөр замын хэвлэх үйлдвэрт хэвлэж өгсөн. Өмнөтгөл үгийг нь Очирхүү багш бичсэн. “Бид нэг нутаг усны, нэг голын хүмүүс” гэж бичсэнийг уншаад нэг л гоё санагдаж байсан сан. Очирхүү багш Сутай хайрхны Усан зүйлийн голыг улам цэнгэгшүүлсэн тийм гоё хүн байлаа. Хулдын голыг харах бүрт би Очирхүү ахыгаа боддог. “Элс цас”-цын Шоовойн Шажинбат гуай бас манай Тонхилын хүн. “Холын цэнхэр Алтай нутагт минь Холбоо нуур ууланд байдаг” гэж бичсэн. Сайхан ч дуу болсон. Бүс хайрхан уулын шил дээр байдаг нуур юм.

“Сутай зүгийн нутаг минь

Нартай л дуулдах юм

Наран тогоруу шувууд нь

Тийшээ л нисэж байгаа даа

Сургийг нь сонсож явахад

Сэтгэл нялхраад байдаг

Сум нутгийн бүсгүй минь

Тэндээ л суугаа шүү дээ…” гээд таны мөн ч гоё дуу бий. “Хонгорзул”-ын Энхбат гавьяат гоёхон ч дуулсан?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Баатарын Цэрэндондов бид хоёр найз юм. Дондов маань “Алтай” чуулгын хөгжмийн багш байлаа. “Ахтайгаа ер нь дуу хийсэнгүй. Сэтгэл цалгитал нэг дуу хиймээр байна” гэдэг юм. Тэгээд л би дууныхаа шүлгийг бичээд өгсөн. Сутай зүгийн нутгийн хайртай бүхэн дуулж яваг дээ гэж л хийсэн юм. “Сум нутгийн бүсгүй минь тэндээ суугаа шүү дээ” гэдэг мөр бадгаас болж би авгайдаа хүртэл загнуулсан хүн. Сургийг нь сонсож явахад сэтгэл нялхраад байдаг тэр хүүхэн рүүгээ чи явахгүй юу гээд л загнана(инээв). Сум нутгийн бүсгүй минь тэнд суугаа гэхээр уур нь хүрдэг гэсэн. Манайхан бас намайг их явуулнаа. Чардаг аа Сутай яваад ирлээ. Чиний Сутай зүгийн бүсгүй чинь тэндээ л байж байна лээ гээд л. Олон сайхан залуус, нутгийн бүсгүйгээ санаж яв гэсэн санаагаар бичсэн шүлэг юм. Манай Энхбат сайхан дуулсан. Миний дуунуудаас олонд түгсэн 20-иод дуу бий. УГЗ Ц.Жамьян хөгжмийг нь бичиж Завханы Батсүх дуулсан “Ижий хань” гэж дуу бий. Миний анхны ном “Тэнгэрийн сүү”. Ингэж би анх сүүгээр эхэлсэн хүн. Дараа нь “Сутай зүгийн нутаг”, “Цасны анир”, “Мөнгөн сарны шүлгүүд” гэж номууд гаргасан. Ингэхэд Тонхил сум маань сүлд дуу байхгүй юм байна. Тэгээд би саяхан нэг шүлэг бичээд Цэрэндондов руугаа явуулчихсан.

-Ямар шүлэг билээ?

-“Цаст Сутайгаас ниссэн цасан

Тонхил нуурын мандалд хун болж буудаг

Зүйлийн голын мөнгөн боргио

Зүйргүй хайртай ээжийн минь сүү байдаг

Дуулаад явахад дуун дотуур минь хөвөлзсөн

Уйлаад дурсахад нулимсан дунд минь бөмбөрсөн

Хайрлаад санахад сэтгэл дотор минь уянгалсан

Халуунаас халуухан эх нутаг минь дээ

Хулмын нуурнаас дэгдсэн манан

Хулдын голд арц болж ургадаг

Бүс хайрхан уулыг бүслэсэн цэцэгс

Бүүрэгт эмээлийн дэвсэнд хээ болж шаглагддаг

Наран мандахад уулс нь алтарч тоссон

Саран гийхэд ус нь мөнгөрч угтсан

Буман сүргийнхээ мөрөөр түүхээ бичиж үлдээсэн

Буян заяа цогцлоосон Тонхил нутаг минь ээ

Алтайн уулсын цэнхэр салхи

Аавын минь үг болж шивнэдэг

Төрсөн нутгийн минь ахан дүүс

Төрүүлсэн ээжийн минь сэтгэл гаргаж намайг ачилдаг” гэсэн ийм шүлэг юм. Би чинь хүний ганц хүү. Гочоо гэж миний аав. Даншгийн заан цолтой хүн байсан. Эрдэнэ бишрэлт гүний хошуу буюу Ховдын наадамд түрүүлсэн, Хадагт хар Рэнцэндорж зааны дараа гарч ирсэн Довчин гэж зааныг довон дээр нь унагаж байсан гэдэг. Дамбийжанцангийн 74-ний найр гэж баруун бүсийн том наадамд манай аав түрүүлсэн байдаг. Хүний ганц хүү учир би ээждээ их хайртай. Олон шүлгээ ээждээ зориулж бичсэн.

“Элбэрэлийн дээд ээждээ би

Их л ойрхон байхыг хүсдэг дээ

Болвол гараас нь хөтөлж

Босго хатуу орчлонг хамт туулахсан гэж боддог

Өөдөсхөн чинээ болж яваа таныгаа

Өргөж өхөөрдөж явахсан гэж санадаг

Энгэрийн товчийг чинь товчилж өгөхдөө би

Элбэг хайрын ундарга мөөмөнд чинь мөргөдөг

Суганы нь товчийг товчилж өгөхдөө би

Суун тусаж өвдөгнөөс чинь адис авдаг

Бүсийг нь бүсэлж өгөхдөө би

Бүсгүй хүүхэд шиг өргөж эрхлүүлдэг

Малгайг нь засаж өгөхдөө би

Магнайд нь духаа хүргэж залбирдаг

Ээжтэйгээ ярилцаж байхдаа би

Этүгэн газрын дусал дэргэд байгааг сонсож л байдаг

Ээждээ золгож очихдоо би

Эрхт тэнгэрийн наран хажууд байгааг мэдэрч дулаацдаг

Ээжийгээ дурсаж явахад минь

Элбэрэлийн ногоон дарь эх дэргэд явааг ухаардаг

Эрх хонгор ач зээгээ өхөөрдөж л суухад нь

Энх амгалангийн шаазан баримлын хоосон чанарыг би мэдэрдэг

Бууж мордож будаатай цай ууж суухдаа

Бурхантай цайлж байгаа гэж омогшдог

Элбэрэлийн дээд ээждээ би

Их л ойрхон байхыг хүсдэг дээ” гээд л ах нь ээждээ л зориулж бичдэг юм. Би ингэхэд “Зулай цагаан Алтай” дууны шүлгийг хамгийн түрүүнд сонссон азтай хүн.

З.Гүнсэн гуай “Зулай цагаан Алтай” дууны хөшөөгөө амьддаа босгуулсан хүн юм. Аймгийн намын хороонд Гүнсэн гуай бид хоёр хамт ажиллаж, нэг өрөөнд суудаг байлаа. Нэг өдөр мань хүн “Хөгжмийн Сангидорж ирчихээд байна. Би нэг дууны шүлэг өгөх гэсэн юм” гээд надад үзүүллээ. Үдээс хойш манай хүн баярлачихсан, өнөөх чинь сайхан дуу боллоо, Санги маань шууд л газар дээр нь ая хийчихлээ гэдэг юм. “Алтай” чуулгад “Ард Аюуш”-ийн Маньбазар гүнд тоглосон Дамдин гэж жүжигчин анх дуулсан. Аргил хоолойгоор сайхан ч дуулсан. Ингэж “Зулай цагаан Алтай” дуу төрж байлаа. Гүнсэн гуай анх “Сутай цагаан Алтай” гэж биччихээд, өөрөө Зулай цагаан гэж зассан юм. Шүлгийг нь хамгийн түрүүнд сонсож, дуу төрөхөд нь хамт байж, дууг нь анх сонсож, хөшөө нь босгоход шороог нь зөөгөөд гүйж явсан хүн би юм. Түүхийн гэрч болон үлджээ. Нээлтэд нь Сангидорж хөгжмийн зохиолч өөрөө ирж оролцсон. Цахилгаан гуай, Бямбаа гавьяат гээд олон сайхан хүн байсан.

-Тэр жил Лодойдамба гуайн 100 жилийн ойгоор очиход Урианхай ах, Чилаа ах, Бавуу ах бид хэдийг та шөнө дүл болтол хүлээгээд сууж байсан сан?

-Ах нь бүх л насаараа Алтайдаа сууж шүлэг найраг, ном бүтээлээ бичиж байна. Манайх чинь замын дэн буудал шиг олон хөлхсөн хөлтэй айл. Лханаагийн Мөнхтөр, манай Арлааны Эрдэнэ-Очир, Хөөдөөгийн Эрдэнэбаатар гээд манайхаар орж гараагүй хүн гэж ховор. Тэр жил Хөөдөө Эрдэнэбаатар, Маналсүрэнгийн Баттөмөр хоёр манайд ирээд өвөртөө унтаж л байлаа. Найрагчид минь ирж шүлэг найргаа уншиж, тэднийгээ дагаж хөөрч, хундага жингэнүүлж сайхан яриа хөөрөөг нь сонсож суух шиг жаргал үгүй. Би ийм л жаргалыг Алтайдаа насаараа эдэлж олон олон шавь нартаа хүндлэгдэж яваа азтай хүн.

 

Хөөрөлдсөн Н.Гантулга

One reply on “Гочоогийн Чардаг: Яруу найрагчийн хувьд Мишигийн Цэдэндоржоор анх үнсүүлж, Лодойдамба гуайгаар мялаалгасан хүн дээ, би DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *