Дрон кодчилолын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Намвон хотод 2023 оны аравдугаар сарын 7-8нд зохион байгуулагдсан. Монгол Улсын багийн тамирчин “Ulaanbaatar Empathy School” сургуулийн 10в ангийн сурагч Б.Анар-Эрдэнэ дунд ангийн төрөлд гуравдугаар байр эзэлж хүрэл медаль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн 11б ангийн сурагч Н.Хосбаяр ахлах ангийн төрөлд амжилттай оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан. Уг тэмцээнд багаа амжилттай бэлтгэн оролцуулсан МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологийн багш Г.Бямба-Эрдэнэтэй ярилцлаа.
-Юуны өмнө тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд тань баяр хүргэе. Тухайн мөчид юу бодогдож байв?
-Эхлээд бид улсын аваргад түрүүлсэн. Тэгээд тухайн тэмцээнд оролцох эрхээ авсан. Очоод гурав болон дөрөвдүгээр байрт орсондоо сэтгэгдэл өндөр байсан. Зохион байгуулалт ч маш өндөр зэрэглэлийн болсон. Сэтгэл маш хангалуун байгаа.
-Өмнө нь иймэрхүү олон улсын чанартай тэмцээнд орж байв уу?
-Монголд болсон олон улсын чанартай тэмцээнд орж байсан. Гэхдээ яг энэ төрлөөрөө биш өөр төрлийн тэмцээнд оролцож байсан л даа. Би нисгэх чиглэлээр бас хичээллэдэг. 2015 онд Монголд болсон олон улсын тэмцээнд тэр төрлөөрөө орж байсан юм.
–Дрон кодчилно гэхээр яг юуг хэлээд байна вэ?
-Дрон яаж явах, яаж нисгэхийг кодоор бичнэ гэсэн үг.
-Монголд энэ төрөл хөгжих хэр боломжтой вэ?
-Монголд хөгжих бүрэн боломжтой. Сая оролцсон тэмцээн ерөнхийдөө боловсрол талдаа байсан болохоор цаашдаа энэ төрлийг Монголд хөгжүүлээд явбал боломжтой.
-Энэ төрлийн зүйлийг сонирхдог хүүхдүүд олон уу?
-Яг энэ төрлийн сургалт өнгөрсөн жилээс эхэлж явсан. Монголд орж ирээд удаагүй байгаа. Гэхдээ тодорхой тооны хүүхдүүд сонирхож судлаад эхэлчихсэн. Мэргэжлийн багш нар ч нэлээд бэлтгэгдсэн.
-Энэ төрлийг хөгжүүлснээр ирээдүйд ямар ашигтай вэ?
-Дроныг газар тариалан, мал аж ахуй, кино зураг авалт, дайн байлдаанд ихээр ашигладаг. Жишээ нь, газар тариаланд тэдэн цагт үрээ цацна, тэдэн цагт усална гэдэг ч юм уу код бичиж өгөөд ашиглаж болно. Мөн Онцгой байдал, цагдаа зэрэг цэрэг хүчний байгууллагад ашиглах боломжтой. Хайгуул хийх, мал хайх гэх мэт зүйлд ч ашиглаж болно. Гал унтраах ч юм уу.
-Манайд дрон үйлдвэрлэх боломжтой юу?
-Үйлдвэрлэх боломжгүй. Харин гаднаас сэлбэгээ авчраад угсарч болно. Сэлбэгүүдэд сэнс, хүлээн авагч, удирдлага гээд монголд хийх боломжгүй л дээ. Харин өөрсдийнхөөрөө угсраад хөгжүүлэх боломжтой.
-Та бүхэн өөрсдөө угсарч үзсэн үү?
-Одоогоор угсарч үзээгүй. Бэлэн дрон аваад кодыг шинээр бичиж суулгасан. Компьютер дээр суурилсан платформ дээр блокуудаа өрөөд коджуулна. Хүүхдэд хамгийн ойлгомжтой блок өрөх нь амар байдаг. Блок өрөөд дроноо өрөх боломжтой.
-Хүүхдүүд хэдэн наснаас эхэлж үүнийг сурах боломжтой вэ?
-Наймаас дээш насны хүүхдүүд сурах боломжтой. Анхан шатанд таван настай хүүхдүүд ч сурч болно.
-Энэ төрлийн сургалтууд явагддаг уу?
-Одоохондоо сургалтууд явж эхлээгүй. Дрон кодчилолын төрлийн олимпиадыг зохиох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд цаашдаа сургалт нээх төлөвлөгөөтэй байна. Монголдоо энэ төрлийг илүү өндөр хөгжүүлэх зорилго бий.
–Одоогоор энэ төрлөөр танай сургууль болон 11 дүгээр сургуулиас өөр газарт зааж байгаа юу?
-Манайхаас гадна Улаанбаатар Импати сургууль, 11 дүгээр сургууль, орон нутагт Говь-Алтайн нэг багш хичээллүүлдэг. Манай сурагчид ч бас өөрсдөө энэ төрлөөр бусад хүүхдүүддээ заах боломжтой.
-Суурь хичээлийн шаардлага тавих уу. Ямар хичээлдээ сайн хүүхдүүд дрон код бичих чадвартай байдаг вэ?
-Манай сургуульд бага ангиас нь код гэж хичээл нэмэлтээр ордог. Англи хэлтэй, компьютерт суурьтай хичээл бий. Түүнийг үзсэн байхад асуудалгүй. Тэгээд мөн “Си” гэж комьютерийн тусгай хэл байдаг. Скрач буюу блок өрдөг платформ дээр хүүхдүүд илүү хурдан ойлгож сурдаг. Түүгээр л хүүхдийг багаас нь бэлтгэдэг.
С.ОТГОН