“Шударга ёс” бүлгэмийн тэргүүн
Галигаагийн Баярсайхантай ярилцлаа.
-Та хаана, ямар ажил алба
эрхэлж байна вэ?
-Би олон жилийн турш иргэний
хөдөлгөөний удирдагчдын нэг гэдэг маягаар л явж байна. Миний улс төр, нийгмийн
идэвхтэй үйл ажиллагаа 2000 оноос эхэлсэн. Тухайн үед одоогийн МАН-д байж
байгаад нам дотроо “Шударга ёс” бүлгэмийг байгуулаад тэмцсэн. Тэр бол тодорхой
үр дүнд хүрээгүй. Янз бүрийн асуудлаас болж намайг намаас хасах үйл ажиллагаа
эхэлсэн юм. Ирак, Афганистан руу манайх цэргээ оруулсан ш дээ. Тухайн үед би
үүний эсрэг байр суурьтай, шүүмжилж байсан. Намын бодлоготой нийцсэнгүй гэж
намайг гишүүнээс хассан. Би чинь 1990-ээд оны сүүлчээр намын Бага хурлын гишүүн
хүртэл байсан. Тухайн үед танай сонин, “Eagle” телевиз хоёр намайг үзэл бодлоо
илэрхийлэхэд их дэмждэг байлаа. Тэр үед сайт, фэйсбүүк энэ тэр чинь бараг
байсангүй ш дээ.
Одоо бол яахав дээ, би чинь
багш мэргэжилтэй болохоороо заримдаа мэргэжлээрээ ажилладаг. Манай иргэний
хөдөлгөөний дарга, удирдагчдаас зарим нь томоохон улсын үйлдвэрийн дарга гээд л
тодорхой албан тушаалд очсон. Миний хувьд тийм ажил албан тушаалд очсон юм
байхгүй. Дандаа л иргэний хөдөлгөөний удирдагч гээд яваад байвал хувийн амьдрал
их хэцүү болно шүү дээ. Тэр үүднээс яахав заримдаа төр, хувь, хувьсгалын янз
бүрийн ажил төрөлд оролцоод явдаг. Нэг үеэ бодвол төрийн бус байгууллага,
төрийн байгууллагууд хамтраад ажиллах зүйл гарах юм. Манай бүлгэмийн хувьд үйл
ажиллагаагаа явуулж байгаа. Би сонин, сайт, олон нийтийн сүлжээгээр нэлээд
идэвхтэй ажиллагаа явуулдаг.
-Таныг анзаарч байхад твиттер,
фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд цаг үе, улс төрийн чигийн мэдээ, мэдээлэл
оруулж, хувийн үзэл бодлоо ширүүхэн илэрхийлж байгаа харагддаг?
-Би твиттерт 42 мянган
дагагчтай. Фэйсбүүкт идэвхтэй байдаг. Цахим ертөнцөд идэвхтэй байгаа хүмүүсийн
70-80 хувь нь аль нэг намын үзэл бодлыг илэрхийлдэг. Иргэний нийгмийн үзэл
бодлыг илэрхийлэх нь ховор. Хичнээн зөв юм байсан ч намынх нь бодлоготой
зөрчилддөг бол тэрийг дэмжихгүй, эсвэл лайк дарахгүй, шейрлэхгүй л явцгаадаг.
Надад бол тийм юм байхгүй. Аль л зөв өнцгөөс нь харж шүүмжилсэнээ бичдэг. Надад
нам гээд байх юм юу байх вэ. Бүхий л намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг.
Нэн ялангуяа эх баригч нам, гол сөрөг хүчний үйл ажиллагааг анхааралтай
ажиглаж, дүгнэдэг. Улс төрийн идэвхтэй үед нэлээд дуугарч шүүмжилдэг. Сонгууль
ойртоод ирвэл тодорхой хэмжээний дүгнэлт хийж, байр сууриа илэрхийлнэ.
Том намуудын түүх 25 жилийн
түүхтэй холбогдож байна шүү дээ. МАХН, Иргэний зориг, МҮАН зэрэг нам бол засагт
тодорхой хувийг бүрдүүлж байгаа хүчин зүйл болохоос биш эд бодлогоо хэрэгжүүлж
чаддаггүй. Тийм болохоор тэднийг шүүмжлээд яах вэ. Жижиг намууд, иргэний
хөдөлгөөний байгууллага гэдэг чинь нийлж л нэг дуугарч байх ёстой.
-Орон сууцны найман хувийн зээл
зогссон нь банк санхүүгийн салбарт ухралт болж байгааг мэргэжилтнүүд онцолж
буй. Нэг нам нь үүнд анхаарлаа хандуулж байхад нөгөөх нь Сонгуулийн хуулиа
өөрчилье гээд тэс өөр зүйл шаардаад байх юм?
-Эд нар нэг талаа хэтэрхий
бариад байна. 2008 оны сонгуулиар чинь гар аргаар тоолно гээд МАН орон нутагт хүчтэй
байсныг хэлэх үү өөр ажиглагчдад харуулахгүйгээр л тоолоод байсан. Тэгэхээр
чинь хэнд нь санал өгснийг яаж мэдэх юм. Түүнээс л болж долдугаар сарын 1-ний
айхавтар юм болсон. Автомат машины тухайд нийгэмд хардлага бий л дээ. АН-ын
гишүүн Лу.Болдын тендерээр орж ирсэн учраас харддаг. Тэр бол үнэний ортой.
Хүмүүсийг ажиглаад байхад компьютероо шат аа, бүх юмаа устга, гараар тоолъё
гээд байгаа нь хэтрүүлэг. Америкт хүртэл тэр хар машин алдаа гаргаж байсан
байхгүй юу, Альберт Гор, Жорж Буш хоёр сонгуулийн үеэр. Тийм болохоор саналаа
давхар тоолчих хэрэгтэй. Давхар тоолоод баталгаажуулчих нь зүйтэй. Нэг нь
давхар тоолъё гэж байхад эх баригч нь гэдэг юм уу, огт гараар тоолохгүй гээд
байгаа нь цаанаа хардлага дагуулаад байгаа юм. Бусад юман дээр техникийн хөгжил
байж болно. Гар утас гэдэг чинь бараг л сар болгон шинэчлэгдэж байхад дөрвөн
жил тоосонд дараастай хэвтэж байгаа тэр машиныг чинь яаж ч өөрчилчихөж болно.
Хэн эрх мэдэлтэй, мөнгөтэй нь өөрчилчих аюул байгаа учраас үүнд анхааралтай
хандах хэрэгтэй.
-Та Үндсэн хуулийн Цэцэд
хандсан гэсэн. Юун тухай өргөдөл өгсөн юм?
-Бид жагсаалтын гишүүд гэж
ярьдаг. Энэ чинь Үндсэн хуулийг зөрчөөд байна. Үндсэн хуульд чөлөөтэй сонгоно
гэсэн байгаа юм. Шууд ч сонгож байгаа юм байхгүй, чөлөөтэй ч сонгож байгаа юм
байхгүй. Намын жагсаалт гэдэг чинь тэгш эрхийг зөрчиж байгаа юм. Бид шууд тэгш
сонгож чадахгүй байна. Яагаад гэвэл жагсаалтаар орж ирж байгаа 28 гишүүний
төлөө саналаа өгье, энэ хүнийг дэмжье гэсэн юм саналын хуудсан дээр байхгүй.
Энэ хүмүүс чинь гэртээ байж байгаад л сонгогдчихсон. Нөгөө тойрогт дэвшсэн
хүмүүс чинь хөлсөө гоожуулаад л сонгогчидтой уулзаж байхад тэд зүгээр л байсан.
Энд чинь Үндсэн хуулийн тэгш зарчим алдагдаж байгаа юм. Ард түмний элч байна
гэсэн чинь эд нар чинь элч биш болчихож байгаа байхгүй юу. Үүнийг эсэргүүцэж
Үндсэн хуулийн Цэцэд хандсан.
-Үндсэн хуулийг өөрчлөх
зайлшгүй захиалга гарсан гэдэг ч цаана нь хэн нэгний захиалга яваад байна гэж
харддаг?
– Үндсэн хуулийг өөрчлөх
нийгмийн захиалга байгаа. Үнэхээр өөрчлөх хүсэлтэй байсан бол сая МАНАН
байгуулаад жил болсон хугацаандаа хийхгүй яасан юм. Тэр хугацаандаа л хийх
ёстой байхгүй юу. Одоогийн энэ бол зүгээр л шоу. Үндсэн хуулийг өөрчлөх гэж
оролдсон нэр зүүж байгаа хэрэг. Монголын улс төрд энэ хүмүүс чинь бугшчихсан юм
чинь дахиад л гараад ирэх байлгүй. Дахиад л ингээд гараад ирэхээс нь сэргийлээд
би жагсаалтыг нь эсэргүүцээд Үндсэн хуулийн Цэцэд өгч байна.
-Монголыг улс төрийн болон
эдийн засгийн хямрал хавсарсан шинжтэй, хүнд үе рүүгээ орж байгаа орон гэж
тодорхойлоод байгаа?
-Нийгмийн амьдрал явдгаараа
явна. Хямрал энэ тэр байгаа. Ганц эдийн засгийг шүтсэн, үндэсний үйлдвэрлэлийг
хөгжүүлээгүйгээс л хямраад байгаа юм. Сая бондын мөнгөнөөс үндэсний үйлдвэрлэл
рүү тодорхой юм хийлээ. Гадаадаас л бага юм аваад өөрсдөө юм хийгээд байх юм
бол хямралыг давна. Бидний 25 жилийн алдаа л тэр байхгүй юу. Оймс, гутал гээд
бүх юмаа гадаадаас аваад, баялгаа гадагшаа урсгаад өөрсдөө ч олж байгаа юм
байхгүй. Гэхдээ юмыг ер нь өөдрөгөөр төсөөлөх хэрэгтэй. Түүнээс биш өр ширнээс
айж болохгүй. Үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор эрдэс баялгаа л
түшиглэхгүй бол өөр ямар ч арга зам алга. Юм хөгждөгөөрөө л хөгжинө. Бид өлсч
ядраад цангаад байх нь юу л бол гэж бодож байна. Улс оронд тохиолдож байгаа
хямрал бол бодлогогүй үйл ажиллагаанаас улбаатай. Манай намууд яадаг вэ гэхээр
бодлого гаргаж, түүндээ нэгдмэл байж чаддаггүй. Арваад жилийн турш юм амлаж л
сонгогчдыг татаж ирлээ. Намууд улс төрийн бодлогоо шинэчлэх ёстой байхгүй юу.
Хоёр том нам нь өвөртөө ороод байх юм бол улс орон хөгжихгүй. Өнгөрч буй энэ
нэг жил хоёр том нам нь өвөртөө орсноор ул орон хөгжлийг хойш нь татсан.
Сонгууль болгоны дараа МАНАН байгуулагдаад байвал манай улс улам л хямарна.
Иргэний зориг, МАХН, МҮАН-ын
эвслийн энэ байдалд би их талтай байгаа юм. Энэ хоёр намыг сөрөг хүчинтэй
байлгаж байна. Сонгуульд ингэж дундаас нь санал авдаггүй улс төрийн хүчин
байхгүй бол энэ хоёр улс төрийн хүчин чинь МАНАН-таад л яваад байна.
-Улс төрийн намын тухай хууль
болон намуудын санхүүжилтийн асуудал яригддаг. Намуудын санхүүжилтийг төрөөс
шийддэг болчихвол авлига хээл хахууль нэлээд хувиар буурна гэдэг?
-Улс төрийн намын тухай хуулиа
шинэчилнэ гэчихээд арваад жил боллоо. Намууд дотоод ардчилалтай, удирдагчаа
чөлөөтэй сонгох ёстой байхгүй юу. АН яаж байна. Дандаа л ҮЗХ-ноосоо
сонгогдчихоод байгаа биз. МАН ч гэсэн УИХ дээрээ өрсөлдөж чадахгүй байна. Энэ
нь эдгээр намыг дотоод ардчилалгүй гэдгийг харуулж байна. Зөвхөн хэдхэн хүний
нам болчихоод АН нь ардчилалгүй, МАН нь ч ардчилал байхгүй. Нам нь дээр нь
байгаа тэр хэдэн хүний ноёрхлын хэрэгсэл нь болчихсон. Дээр үеэс уламжлагдаж
ирсэн МАН гэдэг брэндийг хэдэн хүн албан тушаал, мөнгө олох хэрэгсэл болчихсон.
АН ч тэр. 25 жилд энэ хүмүүс юм хийхгүй мөртлөө л ингээд байгаад байдаг. Намууд
дотоод ардчилалгүй байна гэж миний 2000 онд ярьж байсан зүйл маань хэвээрээ
байна. Намуудыг сонгуульд суудал авснаар нь санхүүжүүлээд явах нь зүйтэй л дээ.
Намуудыг улсын төсвөөс зоригтой санхүүжүүлэх хэрэгтэй. Тэгж байж авлигыг дарна.
Гэхдээ улс төрийн намын санхүүжилт гэдгийг сонгуулийн үеэр ажиллах хэмжээний л
юм өгөх ёстой байхгүй юу. Сонгуулийн үеэр нэг хүн нэр дэвшээд хэдэн тэрбумаар
нь зараад байдаг. Мөнгө тараасан барьсан гэдгээр нэг, хоёр хүнийг яллаад
байгаа. Түүнээс биш бүгд л тараадаг байсан шүү дээ.
УИХ-ын гишүүд чинь мөнгө
тараагаад, гадагшаа дотогшоо зугаалуулаад, амралтад явуулдаг юм байна. Дөрвөн
жилийн турш тэгээд сууж байх юм байна ш дээ, энэ АН, МАН-ынхан чинь. Тэгэхээр
намыг санхүүжүүлнэ гэдэг нь иргэдийг ингэж авлигаддаг мөнгийг нь өг гээд байгаа
юм биш. Зөвхөн нэр дэвшигчийн зардал мэтийг л санхүүжүүлнэ.
Эрх баригчид элдэв дэмий жижиг
юман дээр цаг заваа барж байна. Ерөнхийлөгчийн санаагаар бол Нийтийн сонсголын
тэр хуулийг нь хэлэлцээд өгмөөр байна шүү дээ. Тэгэхгүй хоорондоо маргалддаг
зүйл нь Ю.Цэдэнбалыг цагаатгах уу, болих уу. Д.Сүхбаатарын талбайг Чингисийн
талбай болгох уу гэсэн иймэрхүү юман дээр хамаг цаг барж байх юм.
-Та МАН-ын гишүүн байсан хүн.
МАН-ын зарим гишүүн МАХН руу орж байна. Танд ямар нэг намын гишүүн болох бодол
бий юу?
-Намд орох хүсэл байхгүй. Манай
Улс төрийн намын тухай хууль муу байгаа ийм нөхцөлд нам гэдэг хувь хүний
эзэмшил болчихоод байгаа байхгүй юу. МАХН-ыг Н.Энхбаярын хармааны нам, МҮАН-ыг
М.Энхсайханы нам, Иргэний зоригийг С.Оюуны нам гээд л ярьдаг. Нам гэдэг чинь
хэсэг хүний компани байхгүй юу. АН, МАН чинь хэсэг бүлэг хүмүүсийн нам. Яахав
зарим жижиг намуудыг нэг хүний нам гэж болно. Улс төрийн намуудын тухай хууль
нь дотоод ардчилалгүй байгаа нөхцөлд би тийш ороод карьер өгсч чадахгүй. Надад
тэр намын гишүүд, Удирдах зөвлөлийг авлигадах мөнгө байхгүй. Би нэрээрээ
өрсөлдье гэхээр тэд фракцлагдаад бүлэг болоод, хоорондоо хоол иддэг савтай
болчихсон учраас ороод хэрэггүй. Шинэ нам гараад ирэхийг үгүйсгэхгүй. Миний
хувьд намд орох бодол байхгүй. Би ингээд л үнэнийг нь хэлээд явж байя гэж
боддог юм.
Манайд улс төрийн эрүүл орчин
байхгүй учраас улс төрийн өрсөлдөөн гэж байхгүй. Намын дарга, удирдлага
тэрүүхэндээ ярьж байгаад л хоорондоо ээлжлээд солилцоод байдаг. Эсвэл нэг
болсон нь дахиж эргэж болоод л. Энэ намууд чинь отог омгийн зохион
байгуулалтаар л яваад байгаа юм. Ардчилсан нам артаци хийхээ больчихлоо. Дөрвөн
жил ингэж хөдөлгөөнгүй байснаас цусны эргэлт нь зогслоо. Дороосоо хүн гарч ирэх
нөхцөлгүй болгочихоод байна. Залуучууд нь гарч ирж чадахгүй байна. Залуусаа тэр
машиндаа оруулчихсан. “Чи энэ фракцид орж, энэ хүний цүнхийг барьж явж, тэгж
байж дээшээ гарна шүү” гэж залуусаа хаашаа ч хөдөлгөдөггүй. Ийм л тохиролцоотой
намууд байна. Тиймээс аль нэгэнд нь орох гээд хэн нэгнээс нь гуйхгүй.
Сонгуулийн үеэр эдний алдаа дутагдлыг ил гаргаж шүүмжилнэ. Эд хэвлэл мэдээллийг
өөрийн талд авчихсан байж болно. Тэглээ гээд хол явахгүй шүү. Олон нийтийн
сүлжээ, олон түмний санаа бодол гэж нэг юм бий. Бүх юмыг ард түмнээс нуучихсан,
хаачихсан гэж андуурч болохгүй. Харин энэ ардчиллын үед шилэн кабель хот,
хөдөөгүй түглээ. Түүнийг дагаад нийгмийн сүлжээ, сайтууд гарч, түүгээр дамжуулж
мэдээллээ бүгд солилцдог болсон.
Би “Өдрийн сонин”-ыхондоо
баярлалаа гэж хэлье. МАН-ыг УИХ-д далан хэдэн суудалтай байх үед буюу 2000-2004
онд миний үзэл бодлыг дэмжиж нийтэлдэг байсан юм. Аль ч үед энэ сонин ингэж л
явж ирсэн. Намайг МАН-ын удирдлагыг шүүмжиллээ гээд 2002 онд “Өдрийн сонин”-той
хамт шүүхэд өгч байсан шүү дээ. Үнэн бидний талд байсан учир ямар ч асуудал
болоогүй л дээ. Танай сонин нийгэмд нэр нөлөөтэй хэвлэл болохоор тэр хэл амнаас
асуудалгүй гарч байсан юм. Хэрвээ танай сонин байгаагүйсэн бол би тэр хаалттай
үед үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө нөгөө айхавтар газар руу ачигдаад явчих
хэцүү үе байсан гэдгийг дурдъя.
Д.САРУУЛ
One reply on “Г.Баярсайхан: Намууд отог овгийн зохион байгуулалттай болчихсон”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru