Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Францын хөрөнгө оруулалт ураны салбарыг хөдөлгөснөөр монголчууд эрчим хүчний хараат байдлаас гарч чадна DNN.mn


Францын Ерөнхийлөгч Э.Макрон өнгөрсөн амралтын өдөр манай улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийгээд буцсан билээ. Түүний айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг хэд хэдэн чиглэлд хөгжүүлэхээр талууд тохиролцов. Э.Макроны айлчлал эдийн засгийн хувьд бидэнд ямар өгөөжтэй талаар судлаачийн байр суурийг хүргэж байна. Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Францын ерөнхийлөгч Э.Макроны манай улсад хийсэн айлчлалд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Бид ОХУ, Хятад гээд мөнхийн хоёр хөрштэй. НҮБ-д халдашгүй томоохон эрхтэй эдгээр улсаас гадна АНУ, Франц зэрэг орон зүй ёсоор багтдаг шүү дээ. Энэ удаагийн Э.Макроны айлчлал бол Ж.Бушаас хойш манай улсад ирж буй гуравдагч хөршийн дээд хэмжээний айлчлал байлаа. Мэдээж түүний айлчлалыг хэд хэдэн шалтгаантай гэж харж байна. Нэгдүгээрт, саяхан болсон Их долоогийн уулзалтаар ОХУ-ын хоригийг нэмэгдүүлэх тухай асуудал яригдсан. Үүнтэй холбоотой ОХУ-ыг тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа улсуудыг өөрийн талдаа татах, тэдгээр оронд хорио тавих зэрэг асуудал хөндөгдсөн. Их долоогийн уулзалттай зэрэг шахам БНХАУстаны хэдэн оронтой уулзалт хийлээ. Оросыг сульдаж байх хойгуур тус улсыг түшсэн орнуудыг их гүрнүүд өөртөө татах гэж оролдож байна. Тухайлбал, Оросыг хүчтэй байх үед нь стратегийн түвшинд гацаж байсан төслүүдийг нь одоо Хятад илүү дэмжиж байгаа. төмөр замаар нь дэмжээд явна гэдгээ илэрхийлж байх жишээний. Монгол Францын уулзалт бол үүнтэй төстэй. Их гүрэн өөрийнхөө сонирхлыг Монгол руу хандуулж байна шүү дээ.

Оросыг шахах гэсэн барууны бодлого Монголыг өөрийн талдаа оруулах зорилгоор геополитикийн түвшинд шатар нүүж байгаа юм шиг явагдаж байна. Эндээс бид зөв нүүдэл хийх хэрэгтэй. Юун түрүүнд хоёр хөршөө гомдоож болохгүй. Эхэнд хэлсэнчлэн бид мөнхийн хөрштэй. Хоёрдугаарт, Францтай ярьсан хэд хэдэн хамтын ажиллагаагаа улам сайжруулж ажил хэрэг болгох нь чухал. Яагаад гэвэл энэ их гүрэн бидэнд ингэж ач холбогдол өгч ирж уулзаж байгаа дээр нь сая яригдсан төслүүдийн араас маш сайн хөөцөлдөх хэрэгтэй.

-Э.Макроны айлчлалаар олон жил гацсан ураны салбар шийдлээ олж байна. Том зургаараа манай эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Монголд ураны салбар тодорхой шалтгаануудын улмаас гацсаар ирсэн. Мэдээж энэ салбарт том гүрэн орж ирж байна. Энэ асуудлыг том гүрэнтэй хамтарч шийдэж байна гэдэг утгаараа ураны салбарт ирээдүй ажиглагдлаа. Мэдээж ураны асуудалтай холбоотой сөрөг хар пиарууд гаарна. Жишээлбэл, мал, амьтан үйл олноор хөнөөнө, бэлчээр сүйтгэнэ гэх суртал ухуулга үүснэ. Иймд тухайн орон нутагт амьдарч байгаа ард иргэдэд асуудлыг зөв ойлгуулах ёстой. Дээрээс нь ураны салбарыг явуулахгүй гэсэн бусад улсуудын ашиг сонирхол ч өндөр байгаа. Хэрэв бид ураны эрчим хүчийг шийдчих юм бол энэ салбар дахь гадаад орны хамаарал харьцангуй буурна. Том зургаар нь харах юм бол манай стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн болох шатахуун, цахилгаан эрчим хүч гээд гол, гол суурь асуудлыг шийдэхэд маш чухал нөлөөтэй. Нэг талаар Монгол Улсын суурь бүтээмжийг өсгөнө. Нөгөө талд эрчим хүчний хувьд гадаад зах зээлээс хамаарах хамаарал багасна гэдэг утгаараа стратегийн түвшинд ач холбогдол өндөртэй. Энэ өнцгөөс нь нийгэмд зөв тайлбарлахгүй бол зогсоох гэсэн сөрөг хандлага гарч ирэх болов уу. Дээрээс нь сонгуультай холбоотойгоор ажлын хэсгийг тараадаг. Францын тал хэнтэй уулзахаа мэдэхээ байгаад төсөл гацахыг үгүйсгэхгүй. Мэдээж Э.Макрон энэ төслийг байнга санаад сууна гэж байхгүй. Цаад ажлын хэсэг нь хариуцаад явна. Энэ үүднээс бид өөрсдөө хичээх ёстой. Ингэж чадвал үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд эергээр даацтай нөлөөлнө. Францын хөрөнгө оруулалт ураны салбарыг хөдөлгөснөөр монголчууд эрчим хүчний хараат байдлаас гарч чадна гэдгийг санах хэрэгтэй.

-Эрчим хүчний хувьд хойд хөршөөс хамааралтай. Тэгэхээр энэ салбарт Францын хөрөнгө оруулалт орж ирэхэд Оросын талаас гацаах, нөлөөлөх асуудал үүсэх үү. Э.Макроны айлчлалаар шийдэгдсэн эрчим хүчний шинэ эх үүсвэрийн асуудал хэзээнээс бодит ажил хэрэг болох вэ?

-Францын хөрөнгө оруулалт Монголд орж ирж байгаа тохиолдолд Орос ураны цахилгаан станц зэргийг зогсоох магадлал бага. Дээрээс нь Францын хөрөнгө оруулалт манайд орж ирж байна гэдэг бол эргээд Хятад, Орос ч юм уу аль нэг улс манайд дураараа үйл ажиллагаа явуулахад хязгаарлалт болж чадна. Жишээлбэл, Оюу толгойн төсөл гэхэд Канадын хөрөнгө оруулалт байдаг шүү дээ. Энэ утгаараа манай үндэсний аюулгүй байдалд гуравдагч хөршийн хамгаалалт бий болсон байдаг. Үүнтэй адил Францын хөрөнгө оруулалт маш том хагаалалт болно гэж харж байна. Гэхдээ жижиг улсын хувьд бид хэн хэнийг нь гомдоочихгүйхэн шиг бүгдтэй нь нээлттэй, тэгш харилцах нь аль аль талдаа үр дүнтэй.

Сая Э.Макроны айлчлалын үеэр мэдэгдсэнээр ирэх намар хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэнэ гэлээ. Хөрөнгө оруулалтын дүнгийн хувьд тийм ч өндөр биш байж болох талтай. Гэхдээ Оюу толгойн дараа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт орж ирж байгаа гэдэг агуулгаараа ач холбогдол өндөртэй. Энэ бол манай улс олон улсад гуравдагч хөршийнхөө бодлогыг эдийн засгийн бодлогын түвшинд шийдээд явж багааг илэрхийлж буй гол үзүүлэлт юм. Ер нь бол энэ гэрээ контрактууд явах магадлалтай гэж харагдаж байна. Харин улс төрийн эрх ашиг орж ирээд байвал гацаах эрсдэл бий. Урантай холбоотой олборлолт хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах төсөл 2028 оноос хэрэгжиж эхэлнэ гэж байгаа. Тэгэхээр хоёр сонгуулийн нүүр үзэхээр байна. Эдийн засаг, стратегийн ач холбогдолтой энэ төслийг улс төржүүлэхгүйгээр, гадна дотны нөлөөнд автуулчихгүйхэн шиг явуулбал Монгол Улсад л хэрэгтэй.

-Хоёр орны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр талууд хэд хэдэн асуудалд тохиролцсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр том гүрнүүд уулзалт хийлээ, тохиролцоонд хүрлээ гэх боловч цаанаа нөхцөлөө ихэнхдээ тулгадаг. Уулзалт бол хоёр талын санаа оноог сонсоод байна гэхээсээ илүү том гүрнүүдийн ашиг сонирхол юу байна, тэр нь жижиг улсуудад ямар давуу тал бий болгохоор байна вэ гэх зэргээр яриа хэлэлцээр явагддаг жишиг бий. Одоохондоо хамтарч ажиллах тал дээр яриа хэлэлцээр явагдаж байгаа болохоос биш гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирээд иймэрхүү юм яриад байна гэж байхгүй. Үүний цаана хоёр талын ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсгээрээ уран юм уу, цөмийн станцтай холбоотой төслүүдийн санхүүжилт, төсөл хэрэгжих хугацаа зэрэг бүх зүйлээ тодорхой болгоно. Хэд хэдэн уулзалтын дараа дахиад яаж эхлүүлэх вэ гэдэг нь ажил хэрэг болно. Гол нь манайх засаг солигдохоор энд байгуулагдсан ажлын хэсэг нь тарчихдаг. Францын тал хэнтэй харьцахаа мэдэхгүй байна. Иймэрхүү эрсдэлүүдээс хамгаалж хоёр талын яриа хэлэлцээг бодит болгох нь чухал байна. Гол нь геополитикийн ийм онцгой үед АНУ-ын дараа Франц Монголд айлчиллаа. Жижиг улсын хувьд энэ боломжийг бид зөв ашиглах ёстой.

-Монгол Францын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн худалдааг хөнгөвчлөх ерөнхий системийг бүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ гэж байсан. Одоо хоёр орны худалдааны салбар ямар байгаа вэ. Энэ эрмэлзлээс ямар үр дүн хүлээж болох вэ?

-Статистикаас харвал манайх 150 сая орчим ам.долларын импортыг Францаас авч байна. Харин эргүүлээд зургаахан сая ам.долларын экспорт хийдэг. Энэ нь Орос, Хятад, станы улсуудтай харьцуулахад худалдааны хувьд маш бага тоо. Тэгэхээр хоёр улсын хооронд өндөр түвшний худалдаа хийгддэггүй нь харагдаж байгаа биз. Цаашдаа энэ хэсэгт эрмэлзэнэ гэдэг нь ураны станц дээр илүүтэй яриад байна л даа.

-Францын хөрөнгө оруулалтаар агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлнэ гэжээ. Бас хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллахаар болсон байна. Эндээс ямар төсөөлөл харагдаж байна вэ?

-Дүүжин тээврийн хувьд богино хугацааны үр дүн харагдахгүй байна. Ураны төслийн гэрээ зэрэгтэй холбоод бодох юм бол тодорхой бус байдал нэлээд их. Хэн, хэзээ ямар хөрөнгө оруулалтаар хийх нь тодорхойгүй. Мэдээж Францын хөрөнгө оруулалтаар хийнэ. Дахиад л ажлын хэсэг байгуулагдаад л жилийн процесс болох байх. Тэгэхээр сонгууль дууссаны дараа 2025 оноос биеллээ олох болов уу гэж харж бана. Ер нь гадны хөрөнгө оруулалтын уулзалтууд хийгдээд үр дүн нь дараагийн хоёр, гурван жилдээ гардаг.

Хөдөө аж ахуйн чиглэлээр мэдээж хоёр улсын хооронд ноос, ноолууран бүтээгдэхүүн дээр яригдаж байгаа шүү дээ. Жишээлбэл, манай экспортын зургаан сая ам.долларын дөрөв орчим сая нь Герман руу экспортоор гардаг ноос, ноолууран төрлийн бүтээгдэхүүн байгаа. Хөдөө аж ахуйн түвшинд иймэрхүү байдлаар хамтарч ажиллах болов уу гэсэн төсөөлөл байна. Магадгүй хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж импортлоход дэмжлэг үзүүлэх ажлууд байж болно. Гэхдээ энэ бол ураны станцтай харьцуулахад маш бага дүнтэй. Ач холбогдлын хувьд бага л даа. Францын талаас ураны станц өөрсдийнх нь хувьд гол ач холбогдол өгч байгаа зүйл. Энэ төслөө дагалдуулаад манай талаас гуйж гувшсан ганц хоёр чиглэл дээр дэмжиж, хөрөнгө оруулалт хийж байх шиг байна. Жишээлбэл, хавдрын эмнэлэг, дүүжин тээвэр зэрэг төслүүд бонус маягаар шийдэгдэж байгаа дэмжлэг гэж харагдаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *