УИХ-ын гишүүн Г.Батхүүг Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор шагнажээ. Уг шагналыг “Монголын авто машин, мотоциклын холбоо”-ны 50 жилийн ойн хүрээнд тус холбооны удирдах албанд үр бүтээлтэй ажилласан учир ийнхүү шагнасан байна.
УИХ-ын гишүүн Г.Батхүү нь “Монголын авто машин, мотоциклын холбоо”-ны Ерөнхийлөгчөөр 1997 оноос хойш ажиллаж буй гэнэ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүү “Монгол Улсад автомашин, мотоцикл хөгжсөн түүхэн урт хугацаа Монголчуудын хувьд эр зориг, техникийн спортыг хөгжүүлэхэд ололт, амжилтыг хуримтлуулсан он жилүүд байсан. Мотоциклын спорт хөгжөөд 50 жил болж байна. Энэ хугацаанд Монголчууд тив, дэлхийд нэрээ цуурайтуулсан олон тамирчдыг төрүүлж, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Манай улс Азийн аварга шалгаруулах тэмцээнийг улсдаа хоёр удаа зохион байгуулсан. Цаашдаа дэлхийн мотоциклын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулахаар ажиллаж байна. Мотоцикл гэдэг бидний хувьд хөдөөгийн малчид, бүр бүсгүйчүүд ахуй хэрэгцээндээ хэрэглэж байгаа улмаар спорт болон хөгжиж байгаа сайхан спорт билээ. Эр зоригийн энэ спортоор хичээллэдэг үе үеийн тамирчдадаа мотоциклын спорт хөгжсөний 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголчууд зөвхөн мориор биш техникээр олон улсад амжилт гаргаж байгаа амжилтаа улам бататгахын төлөө манай холбоо ажиллана ” гэжээ.