“Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан Г.Байгалмаатай ярилцлаа.
-Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй хүмүүсийн ачаалал ямар хэмжээнд байна вэ?
-Дулааны улирал хэдий ч эмнэлгийн ачаалал өндөр хэвээрээ байна. Ханиад томуу их, коронавируст халдварын тохиолдлууд ихээр бүртгэгдэж, цаашид ч ихсэх хандлагатай байна. Хүмүүсийн өвчлөл их байгаа учраас энгийн үеийнх шиг үзлэг ихтэй, ачаалал өндөр байна.
Манай өрхийн эрүүл мэндийн төвд өдрийн хэмжээнд үйлчлүүлж буй иргэдийн тоо 100-120 байдаг. Зарим тохиолдолд урьдчилсан сэргийлэх үзлэг, коронавируст халдварын тохиолдлууд зэрэг нэмэгдвэл энэ тоо өснө. Ерөнхий амбулаторийн үзлэг л 100-120 гэж гардаг. Бусад нэмэлт үзлэг нэмэгдвэл тухайн өдөртөө нэмэгдэнэ. Тиймээс тухайн өвчлөлөөсөө шалтгаалаад янз бүр байдаг.
-Ихэвчлэн ямар шинж тэмдэгтэй хүмүүс ихээр үйлчлүүлж байна вэ?
-Өрхийн эрүүл мэндийн төвд ирж үйлчлүүлж буй хүмүүсээс ихэнх нь ханиалгасан, хамар нь битүүрсэн, халууралттай байна.
Мөн харшлын гаралтай хамар битүүрэлт ч их байгаа юм. Зуны улиралд харшил их явагдаж мөн ханиад томуу их байна гэсэн үг.
-Сүүлийн үед коронавирусийн тохиолдол нэмэгдэж, вирусийн гаралтай ханиадны өвчлөл ч их нэмэгдэж байна. Коронавирусийг вирусын гаралтай ханиад гэж авч үзэж байгаа юм биш үү?
-Үгүй. Энэ хоёр нь эсрэг тэсрэг өвчлөл. Өрхийн эрүүл мэндийн төвд адилхан шинж тэмдэгтэй хоёр хүний анамнезийг авч ерөнхий үзлэгийг хийнэ. Шинжилгээ авч энэ нь коронавирусийн халдвар уу, вирусийн гаралтай халдвар уу гэдгийг үздэг. Вирусийн гаралтай ханиад хэзээ ч коронавируст халдварын тестээр эерэг гардаггүй. Вирусийн гаралтай ханиад нь шинжилгээгээр оношлогддог өвчин биш. Ерөнхий эмчийн үзлэгээр оношлогддог. Өрхийн эрүүл мэндийн төвд өдөрт үзүүлж буй хүмүүсийн 30 хувьд вирусийн гаралтай ханиад явагдаж байна. Үүнийг коронавируст халдвараас ялган оношлох нь чухал.
-Вирусийн гаралтай ханиадыг коронавируст халдвараас ямар шинж тэмдгээр ялган оношилдог вэ?
-Вирусийн гаралтай ханиаданд хамгийн эхэнд халуурах шинж тэмдэг илэрдэг. Ханиалгалт их удаан үргэлжилдэг. Коронавируст халдварын ялгарч буй одоогийн шинж тэмдгүүд нь хоолой их сэрвэгнэх, хоолой аргах (шүлсээ залгисан ч хуурай мэдрэмжийг авах) зэрэг шинж тэмдгээр ялгаатай. Мөн өмнөх коронавирусийн шинж тэмдгүүдээс ялгарах нь халууралт харьцангуй бага. Коронавируст халдварын үед халуурсан ч огцом өндөр халуурахгүй, вирусийн гаралтай ханиадны үед өндөр хэмжээнд халуурна.