“Даншиг наадам-Хүрээ цам 2017” Шашин соёлын наадам өнөө жил Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа билээ. Манай сурвалжлах баг Төв цэнгэлдэх хүрээлэнд бол буй “Даншиг наадам-Хүрээ цам 2017” Шашин соёлын наадмын эргэн тойронд болж буй үйл явдлыг газар дээр нь очиж сурвалжиллаа. Өнөөдөр үүлэрхэг сэрүүн өдөр таарсан тул наадамчин олон сэтгэл тэнэгэр алхаж байлаа. Төв цэнгэлдэхийн ойр орчим хүний хөл хөдөлгөөн багатай, гадаадын жуулчид түлхүү явж байгаа нь харагдсан.
Өнөө жил Нийслэлээс 120 гаруй аж ахуйн нэгжид иргэдэд үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгосон. Цэнгэлдэхийг тойрсон олон цагаан асарт цөөн хэдэн иргэд хуушуур худалдан авч, үйлчүүлж байлаа. “Булганы айраг, Халиартай хуушуур” хэмээх хаягтай асарын өмнүүр өнгөртөл, нас тогтсон эмэгтэй “хонины шинэ махтай хуушуур аваарай, хүйтэн ундаа байна шүү” хэмээн дуудлаа. Бид ч очоод хуушуур, ундаа, усны үнийг сонирхон асуув.
Энэхүү асарт хуушуур 1000, айраг 2500-3500 төгрөг, хуушуур авбал цай үнэгүй дагалдана гэж байлаа. Өнгөрсөн наадмаар ч ийм үнэтэй байсныг иргэд санаж буй биз. Ийн Төв цэнгэлдэхийн гадуур хүн багатай, сэлүүхэн чөлөөтэй байв. Мөн иргэд даншиг наадмыг үнэ төлбөргүйгээр үзэн сонирхож байна.