Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Финландчуудын аз жаргалын нууц DNN.mn

2023 оны “Дэлхийн аз жаргалын тайлан”-гаар Финланд дэлхийн хамгийн аз жаргалтай орноор зургаа дахь удаагаа шалгарсан. Харин манай улс 137 орноос 61 дүгээрт буюу Тайландын хойно, Киргизстаны урд жагссан байна.

Финланд улс яагаад “Дэлхийн хамгийн аз жаргалтай орон”-оор удаа дараа шалгараад байна вэ. Нууц нь их энгийн юм. Аз жаргалтай байгаад нь дөрвөн том хүчин зүйл нөлөөлдөг аж. Нэгдүгээрт, уг үндэстэн нь өөрөө тайван дөлгөөн хүмүүс санж. Хүнтэй өрсөлдөж, уралдахаас илүү хамтран ажиллаж, нэгэндээ туслах, өгөөмөр хандахыг нийгмийн бүхий л шатандаа хичээцгээдэг. Иргэд нь төрөө дээдэлж, төр нь ард түмнээ амгалан, аз жаргалтай амьдрах тал дээр нь бүх анхаарлаа хандуулна. Бизнес эрхлэгчдийг төр засгийн зүгээс ихэд дэмжих бөгөөд тэр хэрээр баялаг бүтээгчид нь эх орныхоо төлөө том бүтээн байгуулалт өрнүүлж, хөрөнгө оруулалт хийдэг юм байна.

Хоёрдугаар нууц нь, чанартай хүртээмжтэй насан туршийн боловсролын системтэй. Финландын багш нар өндөр цалин авах бөгөөд сурагчдын дүнгээр өрсөлдүүлэхгүй, түвшин тогтоох шалгалт ч авдаггүй. Амьдралын ухаан, эх орондоо хэрэгтэй зөв хүн болох тухай бага ангиас нь л сургаж хөгжүүлдэг. Гуравдугаарт, Финландын дундаж давхарга нийгмийнхээ 70 орчим хувийг эзлэх агаад хүн бүрд тэгш боломжийг олгодог. Эрүүл мэнд, боловсрол, бизнес эрхлэх зэрэгт адил тэгш боломж бүрдүүлж өгдөг. Жишээ нь, хүүхдүүдийг гоц авьяастай болон хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгахгүй, бүгдийг л онцгой гэж авч үздэг юм байна.

Дөрөв дэх нууц нь тус улсын иргэд баталгаагүй мэдээ мэдээлэл, сошиал шуугиан, дуулианд хэзээ ч ач холбогдол өгдөггүй, тоож хардаггүй юм байна. Өөрөөр хэлбэл сошиалд манайхан шиг “живээгүй”. Зөвхөн мэргэжлийн редакцитай сонин, телевизийн мэдээллийг л үнэн гэж бат итгэдэг. Фэйсбүүк, сошиалаар дуулиантай мэдээ цацагдлаа гэхэд “Ийм мэдээнд битгий итгэ. Орой телевизийн мэдээ үз. Эсвэл маргааш өглөөний шинэ сонин унш” гэж нэгэндээ зөвлөдөг тархи, оюуны өндөр дархлаатай ухаалаг ард түмэн юм байна.

Энэ дөрвөн нууцаас сүүлчийнхийг нь онцолж өөрийн орны жишээн дээр харвал монголчуудын аз жаргалгүй, Монгол Улсыг аз жаргалгүй болгож буй нэг хүчин зүйл бол сошиалын хэт их хэрэглээ, сошиалын баталгаагүй мэдээ мэдээлэлд итгэдэг масстай байгаа нь юм даа. Уншдаггүй, утсанд донтсон улс гэхэд энэ жагсаалтын 61 дүгээрт бичигдсэн нь яамай даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *