Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна DNN.mn

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар +29…+34 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20…+22 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 98 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Булгамаа: Санал авах өдөр байгууллага ажилтнууддаа чөлөө олгож, сонгох эрхийг нь эдлүүлэх үүрэгтэй DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны газрын дарга Н.Булгамаатай ярилцлаа.


-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа үргэлжилж байна вэ?

-“Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарь”-ийн дагуу бэлтгэл ажил үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хорооны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг Гадаад харилцааны яамны саналыг харгалзан 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Төв комисс тавдугаар сарын 6-гаас өмнө Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд салбар комисс байгуулна. Түүнчлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, зарим гишүүдэд сургалт зохион байгуулаад байна.

-Хотод хаягтай ч хөдөө ажилладаг олон мянган хүн бий. Сонгуулийн үеэр үндсэн хаяг дээрээ байхгүй иргэд сонгох эрхээ хэрхэн эдлэх вэ?

-Байнга оршин суугаа хаягнаасаа өөр газар ажилладаг иргэд сонгуульд саналаа өгч чаддаггүй асуудал яах аргагүй байгаа. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт ажиллаж буй сонгогчдын сонгох эрхийг хангах Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Хүний эрхийн үндэсний комисстой хамтраад 21 аймагт ажиллаж, орон нутгийн удирдлага, уул уурхайн компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 дахь хэсэгт “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтан, ажилчдынхаа сонгох эрхийг хангахаар хуульчилсан. Хуулиар хүлээсэн үүргээ ажил олгогчид биелүүлэх ёстой.

-Уул уурхайн компанийн удирдлагуудтай уулзсан гэлээ. Хуульд заасан үүргээ гүйцэтгэнэ гэдгээ илэрхийлсэн гэсэн үг үү?

-Байнга оршин суугаа газраасаа өөр газар ажилладаг иргэдийн олонхыг ачаа тээвэр болон уул уурхайн компанийн ажилчид эзэлдэг. Ачаа тээврийн салбарын 800 шахам аж ахуйн нэгж, компанид 23500 гаруй иргэн ажилладаг судалгааг салбарын яамнаас ирүүлсэн.

Уул уурхайн буюу эрдэс баялгийн салбарын 295 аж ахуйн нэгжийн 38.258 үндсэн ажиллагсдын 19743 орон нутгаас, 18515 бусад газраас, 29,657 гэрээт ажиллагсдын 7.583 нь орон нутгаас болон 22.074 ажиллагсад бусад газраас ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт байнга оршин суугаа хаягнаасаа өөр газар ажилладаг 40589 үндсэн болон гэрээт ажилтан байдаг юм.

Уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлагуудтай нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх гэрээтэй ажилладаг. Ажилчдынхаа сонгох эрхийг хангах чиглэлээр гэрээндээ тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангахыг орон нутгийн удирдлагуудад зөвлөсөн. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу толгой” ХХК-ийн орон нутгийн харилцааны төлөөлөл, хэлтсийн менежертэй уулзаж, сонгох эрхийг хангах талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар болсон. Тус компанийн хувьд 17.800 орчим монгол хүн ажилладгаас 15.900 нь байнга оршин суугаа газраасаа өөр буюу Ханбогд суманд очиж ажилладаг. “Оюу толгой” компанийн холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийхэд ажилтнуудтай хийх уулзалт, сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллая гэсэн. Санал авах өдөр ажилтан, ажилчдадаа чөлөө олгох чиглэлээр санал хүргүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 дахь хэсэгт заасан “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.” Зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах үүднээс уул уурхай, эрдэс баялаг болон ачаа тээврийн компаниудыг нэгтгэсэн уулзалт зохион байгуулахад хамтран ажиллаач гэдэг хүсэлтийг салбарын яамдад нь тавиад байна. Зам тээврийн яамнаас тээврийн компаниудын удирдлагуудыг оролцуулсан уулзалтыг энэ сарын 26-ны өдөр хамтран зохион байгуулахаар болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Ашигт малтмал, газрын тосны газар руу чиглүүлсэн байдалтай л байна.

Иргэний сонгох эрхийг хангуулах үүднээс өнгөрсөн хоёрдугаар сараас хойш холбогдох яам, орон нутгийн удирдлага, уул уурхай, зам тээврийн компаниудтай хамтран ажиллахаар хөөцөлдөж байгаа. Уул уурхайн компаниуд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

-Гадаад улсад байгаа иргэд хэрхэн яаж саналаа өгөх тухай мэдээлээч. Тухайлбал, гадаадад байгаа иргэд нам дугуйлах уу, нэр дэвшигч дугуйлах уу?

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж өөрчлөн найруулсан. Улмаар Гадаад улсад байгаа иргэд хувь тэнцүүлэх /пропорционал/ аргаар нам, эвсэлд саналаа өгснөөр УИХ-ын 48 гишүүнийг сонгоход саналаа өгч сонгуульд оролцох боломжтой болсон.  Сонгуулийн ерөнхий хорооны саналаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр байхаар УИХ тогтоосон.

Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, сонгогчдын н эрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм. Хүсэлтээ 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө биечлэн эсхүл утсаар, цахим шуудангаар гаргах боломжтой. Улмаар 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд нь тухайн улсынхаа цагаар 07:00-22:00 цаг хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд очиж санал өгнө.

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах тухай мэдээ, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо, Төв комисс Дипломат төлөөлөгчийн газраар хүргэхээс гадна олон улсын байгууллага, хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагатай хамтран түгээхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, НҮБын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан “Диаспора нээлттэй форум: Монгол Диаспора, эргэн суурьшигчХөгжлийн шинэ гарц”  форумын “Хилийн чанад дахь иргэд Монгол Улсын болон бүс, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт мэдээлэл өглөө. Мөн “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн удирдлагуудтай уулзаж гадаад улсад байгаа иргэдээс санал авах тухай мэдээ, мэдээллийг тус холбоод болон бусад олон нийтийн байгууллагатай хамтран боломжит бүх сувгаар түгээхээр ярилцаж, хамтран ажиллахаар тохирсон юм. энэ мэт боломжит бүх хувилбараар мэдээлэл түгээхээр ажиллаж байна.

-Сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид хэзээ тодорхой болох вэ?

-Үндэсний аудитын газарт 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Бие даан нэр дэвшигчид энэ сарын 22-24-ний өдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ.

Нам, эвсэл энэ сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлнэ. Хүсэлтийг хүлээж авах Ажлын хэсэг байгуулаад бэлтгэлийг хангаж байна. Нам, эвслийн хүсэлтийг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо бүртгэх эсэх шийдвэр гаргана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *