Түрүүч нь №243 (5195) дугаарт
Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйгээ фото модель, загвар өмсөгч болгоно хэмээн харилцаа тогтоож, зургийг нь авсныхаа дараа эрхшээлдээ оруулж секс сүрдүүлэг хийсэн гэх үндэслэлээр гэрэл зурагчин Ө-г цагдаагийн байгууллагад шалгаж байгаа. Хэрэгт гурван эмэгтэй хохирогчоор тогтоогдсон. Мөн цөөнгүй гэрч байгаа аж.
“НҮЦГЭН ЗУРГИЙГ ЧИНЬ ИНТЕРНЭТЭЭР ЦАЦЛАА ГЭЖ ДАРАМТАЛНА”
Ө-ийн сүрдүүлэгт өртсөн ч, гэрчийн мэдүүлэг өгөхийг хүсэхгүй байгаа цөөнгүй бүсгүй байдаг юм байна. Ар гэрийнхэндээ мэдэгдэх хүсэлгүй, хуулийн байгууллагаар явах сонирхолгүй байгаа учраас тэд гэрчийн мэдүүлэг өгөхгүй гэжээ. Гэхдээ цахим ертөнцөд гэмт хэргийн хохирогч болох эрсдэл ойр байдаг гэдгийг бусдад ойлгуулах, сэрэмжлүүлэх хүсэл тэдэнд байгааг ярьсан. Тэдний нэгтэй холбогдож ярилцлаа.
-Уучлаарай, та хэд орчим настай вэ. Фэйсбүүк, твиттерийн идэвхтэй хэрэглэгч үү?
-Хорь гаруй настай. Фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч байсан ч одоо маш болгоомжтой ханддаг болсон. Би хүүхэд байхдаа загвар өмсдөг, загварын чиглэлээр дагнан явахыг хүсдэг байсан. Охид өөрийгөө хөөрхөн, гоё гэдгийг мэдрэхийг хүсдэг шүү дээ. Тийм үедээ фэйсбүүкт зургаа их оруулдаг байлаа. Одоо би ээж болох гэж байгаа. Тэгээд ч гэнэн зангаасаа болж насан туршдаа мартахгүй асуудалд орж байсан учраас бараг зураг хийдэггүй. Зөвхөн хүмүүсийн бичсэнийг л уншдаг.
-Та секс сүрдүүлгийн хохирогч болсон ч хуулийн байгууллагад хандахыг хүсэхгүй байгаа гэсэн. Юу болсныг товч яриач?
-Хоёр жилийн өмнөх явдал. “Chingis ….” хаягтай хүнээс найзлах хүсэлт ирснийг санаандгүй хүлээгээд авчихсан. Тэгтэл өнөөх хаягаас өдөр бүр шахам захидал ирдэг болсон. “Баяжихыг хүсч байвал найзтайгаа холбогдоорой”, “Чи утсаа л үлдээчих. Найз нь өөрөө ярья”, “Чиний зурагнуудыг харлаа. Фото модель болох төрх байна”, “Найзынхаа фэйсбүүк хаяг руу ороод бүх мэдээллийг уншаарай”, “Манай компанитай хамтарч ажиллавал маш том боломж нээгдэнэ шүү” гэх мэтээр тасралтгүй захидал явуулдаг байсан. Хаягаар нь орж үзэхэд найз гэхээргүй, нас тогтсон хүний зураг байсан. Тэр үед л би сэжиг авах ёстой байсан юм билээ. Цааш нь үзтэл загварын бололтой охидуудын үнэхээр гоё зураг байсан. Бас гадаадын компанийн Монгол дахь захирал гэж ойлгогдохоор мэдээллүүд байсан. Хүмүүс зураг бүхэн дээр нь амжилт хүссэн сэтгэгдэл үлдээсэн байгааг хараад итгэл төрсөн байх. Нэг удаа “Таны явуулаад байгаа мэдээллийг ойлгохгүй байна. Яагаад над руу захидал бичээд байгаа юм бэ” гээд хариу биччихсэн. Гэтэл өөрийгөө топ модель Одгэрэл, Содтуяа нартай хамтран ажиллаж байсан. Тэдний зурагчин гэх мэтээр ярьж эхэлсэн. Өөрийнхөө сонинд өгсөн ярилцлагыг хүртэл цахим шуудангаар харуулсан. Намайг фото модель болох төрхтэй ч, мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэгтэй гэж зөвлөсөн. Хариу бичихгүй болохоор 9911… –тэй дугаараас залгана. Хоолойг нь сонсоход их аядуухан хүн шиг санагдсан. Бас загвар өмсөгч, миссүүдийн талаар ярихдаа яг л таньдаг, дотно найзынхаа тухай ярьж байгаа мэт мэддэг байсан.
-Үнэхээр загварынхантай ажилладаг юм байна гэж итгэсэн үү?
-Итгэл төрүүлдэг юм билээ. Загварын нарийн мэдрэмжтэй юм шиг ярина. Миний авсан зураг гээд үзүүлсэн зурагнууд нь их гоё санагдсан. Тэгээд л зургаа авахуулъя гэж шийдсэн. Тухайн үед ямар ч эргэлзээ төрөөгүй. Чингэлтэй дүүрэгт байдаг студид нь яваад очсон. Намайг ороход нэг хүнтэй сууж байсан. “Эхлээд манай компанитай танилц” гээд гэрэл зураг дардаг болов уу гэмээр харанхуй шахам өрөөнд оруулсан. Шууд хаалгаа дотроос нь түгжихэд эвгүй санагдсан ч итгэл төрчихсөн байсан болохоор нэг их юм бодоогүй.
-Орой болчихсон байсан юм уу?
-Өдөр очсон. Очиход компанийнхаа тухай ярьсаар байгаад харанхуй болгочихсон. Гар утас зурдаг, интернэтийн үйлчилгээ явуулдаг компанийн тухай танилцуулаад байсан. Хамтарч ажиллавал гадаадад аялуулна гэх мэт сайхан, сайхан л юм яриад байсан. Тэгснээ “Орой боллоо. Хоёулаа зургаа авъя” гээд босоод ирсэн. Тэгснээ намайг ор руу түлхээд “Хувцсаа тайл” гэсэн. Эсэргүүцтэл “Фото модель чинь нүцгэн биеийн гоо сайхнаа харуулдаг юм. Хувцастай эмэгтэйн зураг хаа сайгүй байгаа” гэх мэтээр загнаж, сүрдүүлж эхэлсэн. Тэгсээр хүчээр шахуу хувцас тайлсан. Хувцас тайлах бүртээ зураг аваад байсан. Үүнээс цаашаа юу болсныг үнэхээр яримааргүй байна.
-Тусламж дуудах, орилох боломж байгаагүй юу?
-Хаалга түгжээтэй, би ганцаараа очсон болохоор айгаад хэлснийг нь л хийсэн. Миний авсан зураг компьютерт нууц байгаа. Кодтой болохоор надаас өөр хүн орох боломжгүй. Санаа зоволтгүй гэсэн. Айчихсан байсан болохоор юу болсныг ч сайн санадаггүй юм билээ. Гарах гэтэл надад 60 мянган төгрөг өгсөн. Авахгүй гэсэн ч хүчээр халаасанд хийчихсэн. Үнэндээ юу ч хийж чадаагүй. Уйлаад л тэндээс гарсан.
-Тэгээд холбоогоо тасалсан уу?
-Үгүй. Байнга шахам дуудна. Очихгүй гэхээр нүцгэн зургийг чинь сайтад өглөө, интернэтээр цацлаа гэж дарамтална. Тэр үед би найз залуутай болж байсан учраас хэлснээр нь байхаас өөр аргагүй болсон. Сүүлдээ фэйсбүүк хаягаа хааж, гар утсаа хүртэл сольсон. Одоо хүртэл тэр хүнд миний зураг байгаа. Хэзээ нэгэн цагт ил гарч, гэр бүл минь сүйрэхвий гэхээс маш их айдаг.
-Цагдаагийн байгууллага тэр хүнийг шалгаж байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр комьютерийг нь шалгахад маш олон эмэгтэй хүний зураг байсан гэсэн. Нэгэнт цагдаагийн байгууллага эд мөрийн баримт болгож авсан болохоор айлтгүй болов уу?
-Тэр хүнийг шалгаж байгааг сонсоод ямар их баярласныг та нар төсөөлөхгүй л дээ. Энэ тухай мэдээлэл гарсны дараа надтай адил маш олон эмэгтэй байгааг олж мэдсэн. Заримтай нь холбоо тогтоосон. Тэр хүн өөрийнхөө эрхшээлд оруулаад зогсохгүй, нөлөө бүхий хүмүүст зуучилдаг гэх мэдээлэл ч олдсон. Зарим охид мөнгийг нь аваад хүссэнээр нь байдаг тухай ч сонссон. Гэхдээ энэ бол хүний сонголт учраас би энд ярих утгагүй.
Би цагдаагийн байгууллагаар явмааргүй байна. Гэрч болбол ар гэрийнхэн минь ямар нэгэн байдлаар мэднэ. Ээж болохоо хүлээж байгаа надад бүр хүнд байна. Над шиг байдалд олон хүн битгий ороосой гэсэндээ өөрийн чинь ярилцлага хийх хүсэлтийг хүлээж авсан юм шүү.
-Цахим хуудастаа хувийн мэдээллээ оруулдаг, алхам тутамд юу бодож, юу хийж байгаагаа бичдэг хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Гоё гарсан зургаа тавиад бусдаар магтуулах сайхан. Гэвч атгаг сэтгэлээр зургийг чинь хараандаа авчихсан хүн бас байдаг юм шүү. Тийм хүмүүс яаж ийж байгаад холбоо тогтоодог. Холбоо тогтоосон л бол аргандаа оруулдаг. Ашигладаг. Арганд нь нэг л удаа орсон бол яаж ч мултарч чаддаггүй юм билээ. Тиймээс уулзаж байгаагүй, таньдаггүй хүмүүстэйгээ цахим хуудаст битгий найз болооч, найзын хүсэлт ирвэл шууд хаачихаж байгаач гэж гуймаар байна. Бас өөрийгөө ганц бие, найз залуугүйг илчлэх мэдээлэл огт битгий оруулж байгаарай. Мөн хамтран ажиллах, элдэв бараа зарах саналыг битгий сонирхож байгаарай гэж зөвлөмөөр байна. Найз нөхдийнхөө зургийг ч цахим хуудастаа тавихдаа болгоомжтой байхгүй бол чамаар дамжуулж, найз чинь эрсдэлд ордог юм шүү гэв.
“НОТЛОХ БАРИМТГҮЙ, ЦАГДААД ӨГӨӨД Ч НЭМЭРГҮЙ ГЭСЭН”
Өөр нэг эмэгтэй “Би олон жилийн өмнө тэр хүнээр зургаа авахуулсан. Нөхөртэй болсны дараа “Танай нөхөрт зургийг чинь явууллаа” гэж дарамталдаг болсон. Би маш хүнд байдалд орж байсан. Гэхдээ цагдаад очиж мэдүүлэг өгөх завгүй” гэсэн юм.
Нэгэн бүсгүй ингэж ярилаа. “Би ажил дээр нь очоод тэр хүний дарамтад орж байсан. Хүн мөнгө аваад ир гэхээр нь очтол “Би тэр хүнд чинь ир гэж хэлээгүй. Нэгэнт ирчихсэн юм чинь манай компанийн үйл ажиллагаатай танилц гээд комьютер, гар утасны танилцуулга үзүүлсэн. Их бүдүүлэг. Танилцуулгаас нь юм асуухаар “Мэдрэл юм уу. Нүд чинь юугаа хардаг юм бэ. Хүн юм үзүүлээд байхад” гэж загнасан. Тэгээд надад хүч хэрэглэсэн. Цагдаад өгнө гэтэл “Нотлох баримт байхгүй юм чинь. Чи намайг цагдаад өгвөл би хүн гүтгэсэн хэргээр цагдаад хандана” гэж дарамталсан. Би нөхөр хүүхэдтэй хүн. Тэр хүнээр зургаа авахуулаагүй. Интернэтээр ч танилцаагүй. Хүний гуйлгаар ажил дээр нь очоод л дарамтад орчихсон. Гэрийнхэндээ мэдэгдмээргүй байна” гэв.
“ЧИ НӨХӨР НЬ ГЭЭД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ” ГЭЖ ДОРОМЖИЛСОН
Сэжигтэн Ө-ийн талаар цагдаад нэгэн залуу гомдол гаргасан байдаг. Тэрбээр мөн цахим сүлжээгээр Ө-ийн талаар мэдээлэл тавьж, тэр дагуу нь олон эмэгтэй түүнтэй холбогдсон баримт байна. Тэр залуутай ярилцлаа.
-Та яагаад Ө-тэй холбогдсон юм бэ?
-Манай эхнэр рүү захидал бичээд байсан. Холбогдоорой гэсэн утас руу нь “Би нөхөр нь байна” гээд ярьтал “Чиний нөхөр нь байх надад хамаагүй. Чи яаж ч чадахгүй” гэх мэтээр доромжилсон. Би тэр хүнийг сэтгэцийн өөрчлөлттэй юм болов уу гэж бодоод фэйсбүүк хуудастаа сэрэмжлүүлэг бичсэн юм. “Ийм хаягтай хүн манай эхнэр рүү захидал бичээд салахаа болилоо. Болгоомжтой байгаарай” гэсэн. Тэгтэл 600 гаруй хүн сэтгэгдэл бичсэн. Аймаар нь сэтгэгдэл бичсэн хүмүүсийн талаас илүү хувьд нь Ө захидал бичиж, хамтран ажиллах санал тавьсан байсан. Бичиж байсныг нь зураг болгоод над руу явуулж байсан. Нэг өдөр надад долоо, найман зуун захидал ирсэн. Хүчирхийлэл, дарамтад орсон маш олон эмэгтэй PM-ээр холбогдож, болсон явдлыг ярьсан.
-Тийм учраас цагдаад хандсан уу?
-Нэг охин цагдаад хандахаар шийдчихсэн байсан. Түүнтэй хамт бүх баримтаа аваад Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан. Надад маш ноцтой мэдээллүүд ирсэн. Тэр хүн царайлаг охидын нүцгэн зургийг дөрөв, таван жилийн өмнө ч авдаг байсан юм билээ. Тэгээд өөрийнх нь хүслээр байгаагүй хүмүүсийн зургийг интернэтээр тараадаг. Зургаа авахуулсан охин телевизэд ажилд орох зэргээр карьерээ хөөхөд “Зургийг чинь олон нийтэд тараалаа” гэж сүрдүүлдэг. Ийм харамсалтай зүйл ч болж байсан гэв.
СҮРДҮҮЛЭГЧ, ХҮЧИРХИЙЛЭГЧ ТАНЫ ХҮҮХДИЙН ГАР УТСАНД НУУГДАЖ БАЙХ ВИЙ
Сүүлийн үед манай улсад цахим гэмт хэрэг өсч байгаа. Секс сүрдүүлэг буюу онлайн дарамтын гэмт хэргийн тогтсон хэлбэр бол фэйсбүүкээр харилцаа тогтоож, нүцгэн зургийг нь аваад түүнийг нь интернэтээр тараана гэж сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг. Бүр мөнгө нэхдэг. Ийм гэмт хэрэг үйлдэгчид таны хүүхдийн гар утсанд нуугдаж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид өсвөр насныхан, залуу эмэгтэйчүүд байдаг. Фэйсбүүкээр хэнтэй харилцаж, юу ярьж байгааг нь эцэг, эхчүүд анзаарч хяналт тавьж байхыг анхааруулсан. Мөн онлайнаар бусадтай харилцахдаа анхааралтай байхыг сануулсан. Хэрвээ ийм төрлийн дарамтад өртсөн бол Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаны cybercrime@police.gov.mn хаягаар хандах боломжтой. Мөн 51-265727 утсаар мэдээлэл өгч болох аж.
Ц.ӨРНӨХ