“Фэйсбүүк” компани нэрээ “Meta” болгон өөрчилж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Marc Zuckerberg өчигдөр мэдэгджээ.
Шинэ нэр нь компани “metaverse” хэмээх цоо шинэ салбарт төвлөрч ажиллах болсныг харуулж байгаа юм байна. Энэ нь хүмүүс интернэт орчинд виртуал болон бодит амьдралыг хослуулан ажиллаж, амьдрах тухай ойлголт юм.
Тэрээр “metaverse”-ийг зөвхөн дэлгэцээс хардаг биш, дотор нь орж болдог хийсвэр орон зай гэж тодорхойлжээ.
Тус компанийн бүтээгдэхүүнүүдэд Facebook-ээс гадна Instagram, WhatsApp, Messenger, Quest VR hedset, Horizon VR зэрэг бусад бараа үйлчилгээнүүд багтдаг.
“Өнөөдөр биднийг сошиал медиа компани гэж хардаг. Үнэндээ бид бол хүмүүсийг хооронд нь холбох технологийг бүтээдэг компани юм” гэж тайлбарлажээ.
Тус компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт гарахгүй, бүтээгдэхүүнүүд нь цаашдаа одоогийн нэрээрээ үргэлжлүүлэн ашиглагдах бол арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн компанийн хувьцаа нь хөрөнгийн зах зээлд “MVRS” хэмээх шинэ нэрийн дор арилжаалагдаж эхлэх юм байна.