-FACEBOOK-ИЙН НАЙЗЫНХАА ЯТГАЛГА, ДАРАМТАД АВТАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ-
Интернэтээр насанд хүрээгүй охидтой танилцан, гэмт хэргийн хохирогч болгох нь ихэссэн талаар “Өдрийн сонин”-нд “Facebook хуудастаа амьдралаа дэлгэчихдэг охидыг гэмт этгээдүүд ангуучилж байна” сурвалжлага гаргасан. Энэ нийтлэлийн дагуу нэгэн охин манай сонинд хандсан юм. Тэрбээр 15 настай, дунд сургуулийн сурагч. Facebook хуудсаараа дамжуулан танилцсан залуугийн дарамтад байгаагаа ярьсан юм. Цагдаагийн байгууллагад ч цахимаар секс сүрдүүлэг хийх, дарамтад оруулсан гэх цөөнгүй хэргийг шалгаж байгааг мэдээлсэн. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хуурамч facebook хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцан, садар самуун үйлдэлд уруу татсан Ч гэгчийг шалгаж байгаа аж. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн өсвөр насныхан гэнэ. Тиймээс эцэг эхчүүд, өсвөр насынханд сэрэмжлүүлэг болгох үүднээс манай сонинд хандсан охины ярьсныг хүргэе.
“ЧИ ҮЕИЙНХНЭЭСЭЭ ХОЦОРЧ БАЙГААГАА МЭДДЭГ ҮҮ ГЭХЭД ИЧСЭНДЭЭ Л…”
-Танай ангийнхан бүгдээрээ facebook хэрэглэгч үү. Facebook-ийн найзуудтайгаа юу ярилцдаг вэ?
-Бидний үеийнхний ихэнх нь цахим ертөнцөд зөвхөн facebook ашигладаг байх. Би ч тэдний нэг. Гар утсан дээр facebook, мессенжер татчихсан. Огт таньддаггүй олон хүнтэй facebook-т найз болчихсон байдаг. Нэг л мэдэхэд янз бүрийн группт бүртгүүлчихсэн, тэр группт бичсэн янз бүрийн зүйлийг уншдаг болчихсон. Facebook-т хэн юу бичиж байгаа нь тэр бүр мэдэгддэггүй учраас бидний үеийнхэн айж ичилгүй янз бүрийн сэдвээр бичдэг юм шиг санагдсан. Харамсалтай нь тэр яриа бүр үнэн биш гэдгийг ойлголоо.
-Яагаад?
-Бидний үеийнхэн жаахан хүүхэд шиг харагдахыг хүсдэггүй. Бас аав ээжтэйгээ тийм ч дотно байж чаддаггүй. Тиймээс интернэтээр том хүмүүсийн сэдвээр ярилцахад илүү сонирхож, тэдний яриан дундаас янз бүрийн мэдээлэл авдаг гэдгийг ангийнхнаасаа анзаарсан. Гэтэл бидний үеийнхнийг том хүний амьдралд уруу татдаг, уриалдаг хүмүүс нь хуурамч хаягтай, буруу санаатай хүмүүс байдгийг мэдэрлээ. Би тийм хүнтэй facebook-ийн найз болсон. “Хөөрхөн охид” гэдэг групп миний facebook хаяг дээрх зургийг минь аваад тавьчихсан юм билээ. Тэндээс зургийг минь хараад найзлах хүсэлт явуулсныг нь би хүлээгээд авчихсан. Тэгээд интернэтээр намайг халамжилж, орой үдэш янз бүрийн сэдвээр ярилцаад эхэндээ их зугаатай байсан. Найзуудаасаа асуухад бүгд шахам ийм найзтай, түүнээсээ юугаа ч нуудаггүй гэсэн. Бусдын адил интернэтээр үерхдэг найзтай байгаа нь надад бахархалтай санагддаг байлаа. Интернэтийн найз маань шалгалтаа сайн өгсөн гэж чихэр явуулдаг болсон нь бүр сайхан байсан. Бас ганцаардсан үед юу ч хамаагүй ярьж өгнө. Ингэж явсаар бид хоёр нүцгэн зургаа бие биедээ харуулдаг, том хүмүүсийн сэдвээр ярилцдаг болчихсон.
Тэр үеэс интернэт найзын маань хандлага өөр болж янз бүрийн шаардлага тавьж эхэлсэн. Сүүлдээ том хүний бүх асуудлыг надад заадаг болчихсон. Тавьсан шаардлагыг нь биелүүлэхээс татгалзвал миний нүүр номон дахь найзууд руу нүцгэн зургийг минь явуулна гэж дарамтална. Бас “Чи үеийнхнээсээ хоцорч байгаагаа мэддэг үү” гээд чиний үеийнхэн ийм байна гэж янз бүрийн нүцгэн зураг явуулна. Ингээд байхаар сүүлдээ нээрээ ч үеийнхнээсээ хоцорч яваа юм болов уу гэж ичдэг юм билээ. Тиймээс л одоо харамсах алхам хийчихсэн.
-Интернэт найзынхаа дарамтад орсон гэсэн үг биз?
-Яаж ч чадахаа больчихдог юм билээ. Үеийнхэндээ захихад амьдрал дээр найз л биш бол facebook, мессенжер орчинд танихгүй хүнтэй битгий найзлаарай. Анхаарал тавьж, соёлтой хандаж байгаа танихгүй хүмүүс цаанаа огт өөр бодол агуулдаг юм байна. Одоо би цагдаагийн байгууллагад хандаж чадахгүй. Яагаад гэвэл би өөрөө шаардлагыг нь зөвшөөрсөн. Бас аав, ээждээ хэлж чадахгүй. Янз бүрийн өвчин аваагүй байгаасай л гэж залбирч байна. Интернэтээс энэ талын мэдээлэл авах гэхээр гэрт аав ээж харчих вий, интернэт кафед хажууд суугаа хүүхдүүд анзаарчих вий гэж болгоомжилдог гэв.
ИНТЕРНЭТ ДЭХ
НАЙЗДАА БИШ БОЛ ХЭНД ИТГЭХ ВЭ
Манай сонинд хандсан охин шиг дарамт, ятгалгад орсон өсвөр насны олон хүүхэд байдгийг сэтгэлзүйч хэлсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллаар 10-19 насныхныг өсвөр насныхан гэж үздэг. Энэ насныхан сэтгэл санаа нь тогтворгүй, бусдыгаа даган дуурайх хандлагатай, итгэмтгий байдаг онцлогтой гэнэ. Энэ онцлог нь бусдын ярианд итгэх, даган дуурайх улмаар хохирогч болох эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг сэтгэлзүйч ярилаа. Өөрт хэрэгтэй мэдлэг, мэдээлэлтэй байх нь онлайн дарамтад өртөхгүй, ятгалгад автахгүй байхын үндэс суурь. Энэ мэдээлэл, мэдлэгийг ам дамжсан яриа, facebook-ийн элдэв группээр дамжиж түгдэг албан бус мэдээллээс бус аав ээж, мэргэжлийн хүмүүсээс авч байх нь эрсдэлгүй гэдгийг сэтгэлзүйчид зөвлөсөн.
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Өсвөр үеийн комбинатын ажилтан Л.Чимгээ “Өсвөр үеийнхэн өөрсдийгөө том хүн мэт харагдуулахыг хүсдэг. Тиймээс ч нэгэндээ өөрийгөө том хүн болсон мэтээр төсөөлж ярих, ятгах хандлагатай. Гэхдээ ингэж ятгаж байгаа хүүхэд нь өөрөө ярьж байгаа зүйлсээ үзээгүй байдаг юм. Бас сүүлийн үед интернэтээр элдэв бичлэг үздэг. Түүнд татагддаг хандлага бий болсон. Бид өсвөр насныханд үеийнхнийхээ ярианд итгэж, эсвэл интернэтээр тэнүүчилж яваа бичлэг, ятгалгад автаж болчимгүй алхам хийхгүй байхыг зөвлөдөг” гэсэн юм. Өсвөр насныхан аав ээждээ нууцаа хэлж чаддаггүй гэж ярих нь их. Тэгвэл тэдний үгийг сонсдог, тэдэнд зөв хандлага төлөвшүүлэхээр ажилладаг цөөнгүй хүмүүс бий. Хэрвээ цахим орчинд дарамтад орсон, халдлагад өртсөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. Тус албанаас “Секс сүрдүүлэг буюу онлайн дарамт нь хуурамч фэйсбүүкээр танилцана, үүний дараа Skype мессенжэрээр онлайн секс хийж, хийж байгаа бичлэгээ Youtube хуудсанд байршуулснаар эхэлдэг. Өөрөөр хэлбэл таны нүцгэн бичлэгийг интернэтэд байршуулж найз нөхөд, гэр бүлд тань тараана гэх байдлаар дарамталж их хэмжээний мөнгө нэхдэг. Ийм хандлага илэрвэл cybercrime@police.gov.mn цахим хаягаар захидал бичиж холбогдох боломжтой” гэж мэдээлсэн юм.
Цагдаагийн байгууллагаас гадна аймаг, дүүргүүдийн эмнэлэг бүрт өсвөр үе, залууст үйлчилдэг клиник, кабинет бий. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өнгөрсөн долоо хоногт Өсвөр үе, залууст ээлтэй клиник нээгдсэн. Эмнэлгээсээ тусдаа хаалгаар ордог учраас тэнд үйлчлүүлэхэд бусдаас ичих, болгоомжлох зүйл байхгүйг Өсвөр үе, залууст ээлтэй клиникийнхэн хэлсэн юм. Өсвөр үе, залууст ээлтэй клиник нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээс гадна сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд өсвөр насныханд тулгамдаад буй асуудлыг хамтран зөвлөлдөж, шийддэг аж. Тодруулбал, хүсээгүй жирэмслэлт, эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлж, эмчилнэ. Мөн шилжилтийн насныхны өсөлт хөгжил, бэлгийн бойжилт, хоол тэжээл, нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэнд, архи тамхи, хорт бодисын уршиг, хүчирхийлэлд өртсөн үед хүртэл тусламж, үйлчилгээ үзүүлэхээр тоног төхөөрөмж, үзлэг, ярилцах өрөө зэхжээ. Түүнчлэн эл клиникт өсвөр насныхныг хүлээн авч үерхэл нөхөрлөл, бие махбодид нь гарах өөрчлөлт, стресс, сэтгэл гутрал зэрэг эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм байна. Харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн дэвтэр шаардахгүй үйлчилдэг юм байна. Өсвөр насныхан өөрсдийнхөө асуудлыг ярихаас ичдэг. Тиймээс нэр, хаягийг нь асуудаггүй үйлчилдэг гэж тус клиникийнхэн ярьсан юм.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Өсвөр үеийн комбинатын ажилтан Л.Чимгээ “Бид дүүргийнхээ хэмжээнд 50 гаруй дунд сургуульд сургалт явуулдаг. Сургуульд нь очоод зөвлөгөө өгөөд, урилгаа тараахаар маргааш нь тэр сургуулийн хоёроос дээш хүүхэд заавал ирдэг. Тэднийхээ нэрийг асуулгүй ярилцаад нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд, шаардлагатай бол үзлэгт хамруулдаг. Бид үйлчлүүлэгчийнхээ нууцыг чандлан хадгалдаг учраас ичиж зоволгүй хандаач гэж хүсмээр байна. Гэтэл хүүхдүүд эмнэлгээс, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахгүй нэгнийхээ ярианд автаж өөрийгөө эрсдэлд оруулах нь буурахгүй байна. Сүүлийн үед дунд сургуулиудад БЗХӨ ихэссэн нь мөн л мэдлэг дутуу байгаагаас үүлдэлтэй. Тиймээс асуудал гарсны дараа биш өөрт нь мэдээлэл хэрэгтэй байвал ажлын цагаар ирээд эмчтэй уулзахад таатай хүлээж авдаг. Эцэг, эхчүүд ч хүүхэдтэй ярилцахад мэдлэг, мэдээлэлтэй байхын тулд бидэнд хандах боломжтой” гэсэн юм.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР