Слав Еврази судлалын Зүүн Азийн олон улсын есдүгээр бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ. Хурал “Даяаршил ба өнөөгийн Еврази: түүх, хандлага, өөрчлөлтийн сорилт, Монголын оролцоо” сэдвээр болж байна. Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Казахстан, ХБНГУ, АНУ, Польш зэрэг 20 гаруй орны 80 гаруй төлөөлөгчид хуралд оролцох ажээ. Мөн Монголын талаас 30 гаруй судлаачид илтгэлээ танилцуулах юм. Хуралд нийтдээ 27 салбар хуралдаанаар 80 гаруй илтгэл хэлэлцэнэ. Эдгээр нь Евразийн орнуудын улс төр, эдийн засаг, нийгэм, хэл соёлын хүрээнд хийсэн судалгаануудаас бүрднэ.
Бага хурлыг Төв Зүүн Европ Судлалын Монголын Холбоо болон Олон улсын харилцааны хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Хурлын онцлог болон энэ жилийн сэдвийн талаар Төв европ судлалын холбооны ерөнхийлөгч Д.Алтай “Бидний өвөг дээдэс Хүннүгийн үеэс эхлээд Европ руу аян дайн хийж, Ази-Европын олон улсын нэгтгэн тогтоож байсан түүхтэй. XII-XV зууны үеийн Чингис хааны залгамжлагчдын эзэнт гүрнүүд мөн адил байсан. Энэ нь өнөө үеийн Евразийн интеграцын үндсийг тавьсан гэдгийг судлаачид сүүлийн үед ярих болсон. Тиймээс энэ удаагийн бага хурал нь Монгол орныг өнөөгийн Евразийг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд яаж нөлөөлсөн,цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан саналаа солилцох боломжийг олгож байна” хэмээн ярилаа.
МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургуулийн захирал Д.Уламбаяр хурлын талаар “Евразийн бүс нутагт асар том өөрчлөлт явагдаж байна. ОХУ, БНХАУ, Энэтхэг улс тэргүүтэй улс орнуудын геополитикийн орон зайд олон улсын харилцаа төвлөрч эхэлсэн. Тиймээс манай орны хувьд Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн эдийн засгийн төслүүд, Шанхайн хамтын ажиллагаа гэх мэт олон хүрээнд явагдаж байгаа үйл явцад нэгдэх, улс төр, эдийн засгийн байр сууриа өргөжүүлэх нь маш чухал байна” гэж онцоллоо.
Тэрбээр “Миний хувь Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улсын хамтын ажиллагааны ойрын төлөв байдалд дүн шинжилгээ хийсэн.Монгол Улс тус холбоонд нэгдсэн таван оронтой нягт хамтын ажиллагаатай болохын тулд чөлөөт худалдааны судалдаа, дүн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай байгаа юм. Үүний дараа нэгдэн ороход эерэг болон сөрөг үр дагаврыг дүгнэх боломжтой болно. Мөн Шанхайн хамтын ажиллагаанд элсэн орох тухай асуудлыг орхиж болохгүй. Эдгээр бүсийн чанартай эдийн засгийн өөрчлөлтүүд дотоодын хөгжил дэвшилд өргөн боломжийг нээнэ хэмээн үзэж байна. Энэ талаар олон судлаачид өнөөдрийн хурлаар санал бодлоо солилцох байх” гэлээ.
2007 оноос хойш уламжлал болон тогтсон энэхүү олон улсын бага хурал нь Азийн орнуудад ээлжлэн зохиогддог.Зөвхөн Слав судлалын хүрээнд хуралддаг байсан бол сүүлийн гурван жилд Слав-Евразийн асуудлаар хэлэлцэх болжээ.Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохиогдож байгаа юм байна.
Э.ЯНЖМАА