Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт энэ оны хагас жилийн байдлаар нийт 39 мянга 417 хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхэд амны хөндийн үзлэг, эмчилгээ оношилгоо гэсэн үйлчилгээ авсан байна. Хөтөлбөрийг 2019-2023 онд, таван жил хэрэгжүүлэх бөгөөд, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн, хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Монгол Улсад 2-12 насны 725 мянган хүүхэд байгаа бөгөөд эхний ээлжид буюу 2019 оныг дуустал 2-6 насны хүүхдийг хөтөлбөрт хамруулах юм. Монгол Улсад 2-6 насны 366 мянган хүүхэд байгаа юм. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулах зорилготой аж.