Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Амны хаалт, гар ариутгах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хувийн хэвшил хариуцдаг. Улсдаа ганц үйлдвэр нь БНХАУ-аас түүхий эдээ авдаг. Түүхий эдийн үйлдвэр нь БНХАУ-ын Хубэй мужид байдаг тул түүхий эдээ авахад асуудал үүсч байна. Тиймээс олон улсын байгууллагад хандаж байна. Мөн эмнэлгийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийн нөөц алга. Ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай байгаа. ДЭМБ-ын мэргэжилтэнтэй маргааш хийх уулзалтаар хамгаалах хувцас нийлүүлэх талаар ярилцана” гэлээ.