Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Ерөнхийлөгчийн ангийнхан

Урд эгнээний баруун гар талаас хоёр дахь нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

“Хөөе, Дарьцэрмаа хаа байна. Бушуул, бушуул. Энэ анги саваа онгойлго” хэмээн он цагийн буурал хүрд духны үрчлээнд нь тодорсон хүрэл бор царайтай нөхөр малгайгаа авангаа хоолой мэдэн хашгична. Түүний энгэрт “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” гэх тэмдэг нарны гэрэлд ойн буух ажаам. Харахад урлагийн гэж хэлэхээргүй харин ч эсрэгээрээ хөдөөний сайхан монгол малчин хүмүүсийн нэг байна хэмээн бодогдохоор энэ эрхмийг Банзайн Батмөнх гэдэг. Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн урдаа барьдаг, сургууль ч гэлтгүй сумынхаа нүүр царай болдог энэ шавилхан биетэй шаавай хөдөлгөөнтэй эр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ангийнх нь хүүхэд. Ангийнхаа урлагийн үзлэгийг Элбэгтэйгээ хамтдаа авч гардаг байсан журмын нөхөр нь юм байсан аж. “Манай Элбэг чинь хэлэмгий гэж жигтэйхэн, мундаг шүлэглэнэ. Мань мэтийг ангайтал нь ярьдаг хүүхэд байсан. За тэр ой тогтоолттой нь ярих юм биш. Нэг уншсан бол шууд тогтоочихдог байлаа. Уншсан үлгэр, үүх түүхээ бидэнд ярина. Багаасаа л ер нь тодорчихсон юм шүү дээ” гэж ирээд л сайрхан ярих. Ерөнхийлөгчийн гэж тодотгож болох энэ ангийнхан 1971 оны намар Зэрэг сумын сургуулийн 1б ангид орцгоон Бааст багшийн шавь нар болцгоожээ. Ахлах ангид ороод монгол хэл, уран зохиолын багш Сүрэнхүүгийн шавь нар болсон түүхтэй. Тус ангийнхан 1979 онд 8б ангийг төгссөн бөгөөд түүнээс хойш 35 жил заримтай нь ч уулзаж чадаагүй одоо л уулзаж байна хэмээн ярьцгааж байсан юм. “Манай ангийн эрэгтэйчүүд Алтантээлийн хөндийг адуу шиг цамнаж өнгөрөөсөн” хэмээн ангийн охид ярьцгаасан бол “Орохын булгийг оргитол охидынхоо инээд дунд найман жилийг өнгөрүүлсэн” хэмээн хөвгүүд нь сайрхаад авсан юм. 35 жилийн ойн уулзалтын үеэр харамсалтай нь багш минь байхгүй байна. 30 жилийн уулзалтаар багш минь бидэнтэйгээ хамт байсан юм шүү” хэмээн самсаа шархируулан ярьцгаах. Ангийн багш нь өөрөө хөдөлмөр хүнийг бий болгодог гэдгийг яс манхандаа шингэтэл ойлгосон байсан тул ангийнхныгаа хар багаас нь ажил, амьдралын ухаанд сургасан юм байна. Сайн багш нарын шавь нар сайн явдаг юм аа.

Улсын аварга ногоочин Ноосонгийн Алтансүх маань Дарханы жимс ногооны Орхонд сайхан л амьдарч явна. Халзангийн Баатархүү, Намидын Дарьцэр­маа, Галигаан Байгалмаа, Тогмидын Уранчимэг гээд манай ангиас мундаг багш нар, Монгол Улсын Ерөнхийлөгч мөн төрөн гарсан байна хэмээн бахархангуй өгүүлэв. Мажгаан Гэндэн ангиасаа төрсөн Ерөнхийлөгчийн тухай ийн ярьсан юм. “Манай хүн чинь дотуур байранд хамт амьдардаг байлаа. Элбэг орой унтахад бидэнд үлгэр ярьдаг ажилтай.

2008 онд 30 жилийн ойгоороо уулзав

Байрны хоолонд орохдоо хоол нэмүүлэх хүүхэд байна уу гэхэд Элбэг бид хэд гараа өргөж нэмүүлнэ. Манай ангийнхан одоо сайн явцгааж байна. Би харин мал эргүүлдэг ажилтай л сумандаа амьдарч байна даа” гэсэн юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 35 жилийн ойн уулзалтдаа ирж амжаагүй. Учир нь Тажикстаны Душанбед ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүнүүдийн 14 дэх удаагийн уулзалтад явж таарсан тул ангийнхандаа мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Ангийнхан нь “Уг нь манай Элбэг байсан бол сайхан байх байлаа. Гэхдээ Төрийн тэргүүн хүн тэр чухал уулзалтдаа заавал очих ёстой юм шүү дээ” хэмээн зөвтгөлөө. Ерөнхийлөгчийн ангийнхан монгол хэлний хичээлдээ сайн байсан бөгөөд нэг ч алдаатай бичдэг хүн байхгүй. Цэвэр бичгийн тал дээр бүр янзтай хэмээн Ядамын Алтанцэцэг хэлсэн юм. Тэрбээр өдгөө Ховд аймгийн Чандмань сумын Чандмань хөх уулс хоршооны захирлаар ажиллаж байгаа юм байна. Тэдний ангид Ж.Алтанцэцэг, Я.Алтанцэцэг, А.Алтанцэцэг гэсэн гурван Алтанцэцэг байжээ. Гурван алтан цэцгийг өндөр, дунд, намхан алтан цэцэг гэж нуруугаар нь ялгадаг байсан гэнэ. Би өндөр Алтанцэцэг нь байлаа шүү дээ гэв. Тэднийх гурван хүүтэй бөгөөд хамгийн бага нь их сургуульд оюутан, нөхөр нь Чандмань сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм байна. Тэрбээр Элбэгээгийнхээ тухай ингэж ярьсан юм. “Элбэг их шогч хүүхэд байсан. Багадаа “Баавгай” шүлгийг их уншдаг байлаа” гээд шүлгийг нь цээжээр уншиж ангийнхаа 31 хүүхдийг хөгжөөгөөд авлаа. Мөн “Элбэгээ “Гахай” шүлгийг бас их уншинаа” гэлээ. Б.Батмөнх “Элбэг бид хэд намхан болохоор урдуур суудаг байсан. Юуг нь нуухав. Үймүүлнэ гэж үзүүлж өгнө. Манай энэ Алтаа бид хоёрын нэг онигоо бий. Сургуульд нь АСК тэмцээн болоход Элбэгийн санаачилгаар “Хорвоотой танилцсан түүх” зохиолоор бид жүжигчилсэн тоглолт хийж түрүүлж байсан” гэхэд “Алив би нэг дурсамж хэлье” гээд “Зургадугаар ангид урлагийн үзлэг болж Элбэг бид хоёр хөтөлсөн юм. Манай Элбэг Сүхбаатарын зураг барьж байгаад

“Сүх гэдэг хүү байжээ

Сүүлдээ харин баатар болжээ

Хонгор халиун унага байжээ

Хожмоо тэр хүлэг болжээ” гэж уншиж байсан юм. Бас л шүлэг бичнэ гэж үзүүлнэ шүү. Гурван жилийн өмнө тэр үед би гартаа барьж байсан зургаа хадгалсан зурагныхаа ард энэ дөрвөн мөрийг нь бичээд өгсөн” гэж байсан юм. Ангид ийн яриа өрнөж байтал арын ширээнээс атан тэмээ шиг биерхүү эр “Би нэг зүйл хэлье” хэмээн жаахан хүүхэд шиг ширээний араас гараа өргөдөг юм. Түүнийг Луутын Буяндэлгэр гэдэг. “Элбэг бид хоёр найман жил нэг ангид сурсан. Бид хоёр 1963 оны гуравдугаар сарын наймны өдөр зэрэг хорвоод мэндэлж байсан. Элбэг ангидаа хамгийн намхан нь би харин хамгийн өндөр нь байснаараа ялгаатай. Манай аав дотуур байрны тогооч байсан. Элбэг дотуур байранд амьдрахдаа аавын гарын хоолыг найман жил идсэн моньд доо” гээд инээмсэглэн үгээ залгичихав. Энэ ангиас Даржаагийн Чимэдбалжир Ерөнхийлөгчтэй хамт дотуур байрны нэг өрөөнд хамт амьдарсан юм байна. “Дотуур байранд найман жил амьдрахдаа зургаан жил нь Элбэгдорж бид хоёр нэг өрөөнд амьдарлаа шүү дээ. Элбэгийн аав намын хуралд ирэхдээ боорцог авч ирнэ. Өнөөхийг нь хуваагаад цохьчихно. Хэнийхээс ааруул ирэх бол гээд л өөр хоорондоо яриа үүсгэнэ. Сурагч байхад зурамны арьс авч ирэх даалгавар авч явдаг байлаа. Ангийн эрэгтэйчүүд тойрч сууж байгаад зурам хэрхэн намнаснаа хэд хоног ярьдаг байв шүү. Тухайн үед нэг намар 100 зурамны арьс нэг хүүхэд өгч хичээлийн хэрэгслээр шагнуулж байсан. Элбэг бид хоёр зурамны арьсаараа хичээлийн хэрэгслээр арай шагнуулж чадаагүй. Нөгөө ангийн Амаржаргал хоёр жил дараалан тэгж шагнуулсан. Сүүлдээ “Анчин” Амаржаргал нэр өгсөн дөө” гээд шилээ маажин суулаа. Чимэдбалжир цааш нь “Би яаж жолооч болох вэ гэж боддог байсан. Элбэгийн цээжинд ямар зүйл цохилж явсныг мэдэхгүй. Гэхдээ Элбэг хананд өлгөөтэй Оросын том удирдагч нарын зургийг хараад “Би эдэн шиг хүн болно” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм” гэлээ.

35 жилийн дараа ангидаа

Тус ангиас төрсөн дөрвөн багшийн нэг “Алтангадас” одонт Намидын Дарьцэрмаа Зэрэг сумынхаа сургуульд 31 дэх жилдээ багшилж байгаа юм байна. Тэрбээр Сүрэнхүү багшаа дурсан “Оролдлого сайт оройд нь, оролдлого муут ёроолд нь хоцорно гэж багш маань сургадаг байсан. Ерөнхийлөгч маань багшийн энэ үгийг сэтгэлдээ үлдээж оролдлого сайтай байсан болохоор оройд нь гарч чадлаа. Багш маань бидний төлөө үнэхээр их зүтгэдэг байсныг өөрөө багш болоод мэдэрч сууна. 2008 онд Элбэг маань Улаанбаатарт ангийнхаа хүүхдүүд, багшийгаа урьсан. Тэр үед багш маань үнэхээр шавиараа бахархаж байсан” гэсэн юм. Тухайн үед ангиараа тоосго цохиж сургуульдаа өгдөг байсан юм шүү хэмээн Г.Байгалмаа хэлж байв. Тэрбээр “Элбэгдорж, Батмөнх хоёр их дүрсгүй. Манай анги наран талдаа цонхтой болохоор жигтэйхэн халуун. Охидууд гадуур хувцсаа нимгэлж, зарим нь эсгий гутлаа тайлаад хичээлдээ сууна. Тэр үед Элбэг, Батмөнх хоёр ширээн доогуур мөлхөж ороод гуталнууд аваад нуучихдаг байсан. Хичээл завсарлаад гутлаа өмсөх гэтэл гутал олдохгүй шүү дээ” хэмээн инээмсэглэв.

“Элбэг хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд шоглосон, толгой холбож шүлэглэж тоглоом наадам хийдэг элдэвтэй гэж жигтэйхэн хүүхэд байв. Бид сурлагаараа хэн нь хэнээсээ даваад гарах хэмжээнд байгаагүй. Харин хичээл зүтгэл хүнд амжилт авч ирдэг юм байна гэдгийг манай Элбэг харууллаа” хэмээн ангийнх нь онцолсон юм. Жужуухайн Шилхүү ангийнхаа хөвгүүдийг магтсаны дараа Дамдины Ундрам нар “Элбэг бид хоёр нэг бригадын хоёр юм аа. Элбэгээгийн ахынх Шовогт байдаг байлаа. Тиймээс ахынх руугаа их очно. Бид гэр рүүгээ явахдаа мөсөн дээгүүр бие биенээ хөөж гүйлдэн тоглож явсаар гэртээ харьчихна. Оройдоо бол тэр намайг ингэсэн тэгсэн гэсэн зарга ярьсаар л харьдаг байв.Элбэгийг Очирлхагва ах нь “Яахаараа чи эмэгтэй хүүхдийг уйлуулдаг юм” гэж ирээд хэд сайн загначихна” гэсэн юм.

Уран зохиолын хичээл орж байхад өгүүллэг уншуулдаг байж. Ангийн хүүхдүүд бүгд уншаад дууссаны дараа Ц.Элбэгдоржийг багш нь самбарын урд дуудан гаргаад уншсан өгүүллэгээ ярьж өг гэдэг байж. М.Гэндэн сурагч ахуй цагийнхаа тухайгаа нэмж ярих хүсэлт гаргасныг ангийнхан нь бүгд дэмжсэн юм. “Дотуур байранд Элбэг, Буянаа бид хэд хамт амьдарна. Дээл хувцасаа урагдтал барилдана. Манай Элбэг хүүхэд байхдаа бас л барилдвал барилдчихдаг, зурвал зурчихдаг, шүлэглэвэл шүлэглэчихдэг мундаг байсан. Бид байрны багшаас их айна. Байрны хүүхдүүд үймүүлж байгаад багшийг хараад нам болно. Багш байрны үүдэнд ирээд сар хийтэл хамрынхаа бөглөөсийг онгойлгоно. Энэ дуунаар нь бид дэг журмандаа ордог байлаа” гэсэн юм. Тухайн үед эмэгтэйчүүд нь ногоон, эрэгтэйчүүд нь хөх дээл өмсдөг байж. Барилдсаны харгайгаар хөөврөө хаяагүй тором шиг юмнууд л салбайсан хувцастай гүйлдэх нь энүүхэнд. Нэг удаа барилдаад дээлийнхээ зүүн ханцуйг тэр чигт нь тасдуулчихлаа. Тэгсэн ээж чинь ирчихлээ гэхээр нь яваад очтол нэг ханцуйтай дээл өмссөн хүүгээ хараад ээж ичсэн гэж жигтэйхэн. Ядаж байхад хотныхоо олон хүмүүстэй хамт ирсэн юм билээ” гэв. Дотуур байранд байхад байрны ах нар нь айлаас бууз хулгай хийлгэдэг байж. Авч ирсэн буузаа данханд чанаад иддэг байж. Олон хавар нэгэндээ гэгчээр нэг удаа баригдсан аж. Хүүхдүүдээс хэдийг идсэнийг нь асуутал 30 гаруй хүүхдээс мань Гэндэн хамгийн олон бууз идсэн болж таарчээ. Гэтэл маргааш нь том цаасан дээр гуашаар том том бууз зураад хүзүүнээс нь зүүгээд ширээн дээр зогсоожээ. Тухайн үед ичиж барихаа ч мэдэхгүй хүзүүн дэх “Том том бууз” гэсэн бичигтэй идсэн дөрвөн буузных нь зурагтай самбараа санжигнуулан зогсож байтал эгч нь ирээд хөлөөс нь чимхээд явжээ. Яахав дүүгийнхээ өмнөөс ичсэн нь тэр байж л дээ. Ахлах ангид байхад нь биеийн тамирын хичээл дээр гүйлгэсэн юм байна. Өнөө сахилгагүй Б.Батмөнх хамгийн ард гүйж явж. Ядаж нэг хүн гүйцье гээд өмнөө гүйж явсан охины араас хичнээн гүйгээд ч өмнө нь гарч чадаагүй тул шаралхсандаа гүйж яваа охиныг дэгээдэж унагачихаад гүйсээр хойноосоо хоёрт оржээ. Амьсгаа ч намдаж амжаагүй байтал ангийнх нь охин араас нь чулуу аваад шидтэл хөлийг яз цохьсон юм байна. Тэрбээр “Алтаа чиний шидсэн тэр чулуу миний хөлөнд ийм сорви үлдээсэн. 30 жил өнгөрөөд байхад ерөөсөө арилаагүй шүү” хэмээн үг хаях аж. Өнөөх нь хариуд нь “Мэхт мэхэндээ хө” гээд инээмсэглээд зогсох. Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн ангийнхны түүх хөврөх ажгуу. Монгол орны алс баруун хязгаар Ховд аймгийг Зэрэг сум хэмээх буйдхан нэгэн суурин бий. Баатархайрханы цаст цагаан өвөрт Алтантээлийнхээ хөндийд хүүхэд насны дурсамжаа 35 жилийн дараа ийн сэргээсэн бүлгээ. Орохын булагт хүүхэд нас нь өдгөө ч оргилж, 60 жилийн түүхтэй сургуулийнх нь хананд тэдний үлдээсэн гэгээн аялгуу өдгөө ч сонсогдох мэт ээ.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *