Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
МЭНДЧИЛГЭЭ

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн
XVI их хурлын төлөөлөгчдөд

Үндэсний сэтгүүлзүйн мэргэжлийн ууган байгууллага Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ээлжит XVI их хурлын эрхэм төлөөлөгч Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.

Монголын нийгэмд шинэ соргог, хэрэгтэй чухал мэдээ мэдээллийг цаг хугацаатай уралдан түгээн дэлгэрүүлэх хүндтэй агаад хариуцлагатай үүргийг гагцхүү сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан хүлээдэг. Та бүхний нөр их хөдөлмөр Монголын ард түмнийг мэдлэгжүүлж, мэдээлэлжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсаар ирснийг талархан тэмдэглэхэд таатай байна. 1951 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн холбоо болох Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн үүрэг үүнд асар их юм.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл нь сүүлийн үед бодлого чиглэлдээ томоохон өөрчлөлт хийж, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг дэмжиж, салбарын үйлдвэрчний эвлэлүүд байгуулах, мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага байх зарчмыг удирдлага болгож байгаа нь иргэдийн мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэн эрхэмлэгч улс орнуудын жишигт нийцсэн зөв чиг хандлага гэж үзэж байна.

Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралд оролцохдоо би “Монголын ард түмэн хамгийн нандин зүйлээ өгсөн сэтгүүлзүйн салбараас зөвхөн ёс зүйтэй, хариуцлагатай, хараат бус байхыг шаарддаг” хэмээн хэлснээ давтан тодотгож байна.
Монголын Сэтгүүлчдийн Эвлэл ээлжит их хурлаараа салбарын тулгамдсан асуудлыг нухацтай хэлэлцэж, өнөөгийн байдалд бодит дүн шинжилгээ хийж, ирээдүйн төлөө зөв тодорхойлсон мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн XVI их хуралд амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Улаанбаатар хот, Төрийн ордон
2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *