Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг эх орондоо бүр мөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Ван Сяолуны Монголд ажилласан дөрвөн жил гаруйн хугацаанд хоёр орны харилцаанд томоохон ахиц дэвшлүүд гарсныг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. Юуны өмнө хоёр талын харилцааны түвшин хоёр удаа ахисныг тэмдэглэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд 2011 онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бол өнгөрсөн 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн. Богино хугацаанд харилцааны ийм өндөр түвшинд хүрсэн нь том амжилт гэдгийг онцлов. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад түүхэн ач холбогдол бүхий төрийн айлчлал хийснийг дурдлаа. Энэ үеэр хоёр орны харилцаанд чухал шаардлагатай баримт бичгүүдэд гарын үсэг зурж цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тогтоосныг онцоллоо.
Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөрштэй. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа нь зөвхөн хоёр талаар хязгаарлагдахгүй. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар өнгөрсөн намар түүхэнд анх удаа гурван талт уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Гурван талын хамтын ажиллагааны байнгын яриа, хэлэлцээний механизмыг бий болгосныг түүхэн ололт хэмээн тэмдэглэв. Гурван талын уулзалт энэ оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо болох ШХАБ-ын орнуудын уулзалтын үеэр дахин үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа мөн илэрхийлэв.
Эдгээр онцлох чухал үйл явдлууд Элчин сайд Ван Сяолуны Монголд ажилласан үеэр болж өнгөрснийг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэллээ.
Элчин сайд Ван Сяолун Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, тааламжтай цагтаа БНХАУ-д Төрийн айлчлал хийх урилгыг уламжлав. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын яриа хэлэлцээ санаачилга болон НҮБ-аас баталсан Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг БНХАУ сайшаан дэмжиж байдгийг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ван Сяолунд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөснөөр уулзалт өндөрлөв.