“Өвлийн хүлэмжийн аж ахуй” байгуулахад Чингис бондоос 27 орчим тэрбум төгрөг хуваарилсан байна. 80 орчим аж ахуйн нэгж саналаа ирүүлснээс 16 компанийн төсөл банкны шаардлагыг хангаж, эхнээсээ ургацаа хурааж эхэлжээ. Эдний нэг, “Түмэн сүйх” компанийн хүлэмжийн нээлт, анхны ургацын баярт Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцов. Тэрбээр “Орчин үеийн загвар, техник технологитой, жилийн дөрвөн улиралд ажиллах анхны шилэн хүлэмжийг хүлээж авч байна” гэж онцлоод “Түмэн сүйх” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Тус компани Чингис бондоос 940 сая төгрөгийн урт хугацаатай зээл авч аж ахуйгаа голланд технологиор өргөжүүлжээ.
“Өвлийн хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас дэмжиж, хөрөнгө оруулалт хийснээр монголчууд бид өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, салаатны байцаа зэрэг нарийн ногооныхоо хэрэглээг дотооддоо хангах боломж бүрдэж эхэллээ. 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” уриатай үйлдвэржилтийг дэмжих жилээр зарласан. Эхний үр дүн гарч байна” гэж Ерөнхий сайд мөн хэллээ.
Өвлийн хүлэмжийн аж ахуй, ноос, ноолуур, оёдлын үйлдвэрүүд болон сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэржилтэд Чингис бондоос 270 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Эдгээр төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд “Түмэн сүйх” компанийнх шиг 15 хүлэмж бий болно. Манай улсын нарийн ногооны нэг жилийн хэрэглээ 40 орчим мянган тн. Өнөөдрийн байдлаар 4600 тн-ыг нь бид өөрсдөө тариалдаг. Дотоодын хэрэгцээгээ хангахын төлөө ажиллаж байна гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайд Ц.Туваан ярилаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгон дахь “Түмэн сүйх” ХХК-ийн өвлийн шилэн хүлэмж нь 0,5 га талбайтай, өнгөрсөн намраас үйл ажиллагаагаа эхэлж, 50 орчим хоногийн өмнө анхны суулгацаа тарьжээ. Тус компани жилд 65 тн өргөст хэмх хурааж авахаар төлөвлөсөн гэнэ.