Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Дорнодын иргэдтэй уулзав

Дорнод аймагт ажиллаж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, тэдний сонирхсон асуултад хариулжээ. Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газраас хийж, хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар танилцуулжээ. 1921-2012 онд буюу 91 жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 2964 км хатуу хучилттай авто зам барьж, ашиглалтад оруулж байсан бол 2013 оноос хойш гурван жилийн хугацаанд 2720 км хатуу хучилттай зам барьж, ашиглалтад оруулсан байна. Энэ онд 1284 км зам барих бол Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн замын үлдсэн 100 гаруй км замыг долдугаар сард ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайд хэлжээ.

“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт 1246 орон сууц шинээр баригдан, 1565 иргэн ипотекийн зээл авчээ. Жилийн найман хувийн хүүтэй байсан орон сууцны ипотекийн зээлийн хүү орон нутагт таван хувь болж буурсан. Дорнод аймагт бензин шатахууны үнэ литр тутамд 80-240 хүртэлх төгрөгөөр буурснаас гадна интернэтийн урсгал нэмэгдэж, үнийг буурууллаа. Түүнчлэн махны экспорт нэмэгдэж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 махны үйлдвэр байгуулж, стандарт шаардлагад нийцсэн махыг боловсруулах үйлдвэртэй болсноор зүүн бүсийн аймгуудын малын махны экспортыг нэмэгдэх боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд онцолжээ.

Иргэд тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, малчны зээл, тэтгэврийн зээлийн хүү, Халх голын чөлөөт бүс, Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай болон ахмад настнууд, спортын амжилт гаргасан тамирчид, соёл урлагийн ажилтнуудыг дэмжих талаар сонирхсон асуултдаа хариулт авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *